М.Алтансүх
/Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээлэл, судалгааны албаны ахлах судлаач/
Ардчилсан нийгмийн мөн чанар нь нийгмийн гишүүд өөрсдийн сонгосон төлөөллөөр төр бариулан, тэдний үйл ажиллагаанд ямагт идэвхтэй оролцон, хяналт тавин хариуцлага тооцож, харин төлөөлөгчид нь ард түмнийхээ санаа бодол, хүсэл зоригт баримжаалан нийгмийн үйл явц, өөрчлөлтийн төлөө дуу хоолой, ажил үйлсээ нэгтгэн үйлчилдэгээр тайлбарлагдана. Ийм боломжоор хангадаг хамгийн дөт бөгөөд өргөн дамжлагат гүүр нь хэвлэл мэдээлэл, түүний эрх чөлөөт байдал юм.
Аливаа нийгмийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдлыг үнэлэн дүгнэхэд юуны өмнө эрхзүйн орчин бүрдсэн эсэх, ардчилсан сэтгүүл зүйн үндсэн зарчмууд практик сэтгүүл зүйд ямар түвшинд хэрэгжиж байгаа зэрэг асуудлын зэрэгцээ хэвлэл мэдээллийн эрх чөлөө амьдралд хэрхэн биелэлээ олж, олон нийт мэдээллийн эрх чөлөөг ойлгож, үнэлж буй байдлыг зайлшгүй харгалзан үздэг.
Монгол улсад 1990 оноос ардчилсан дэглэм шилжсэнээр бидний олж авсан соёлт нийгмийн олон үнэт зүйлсийн нэг бол мэдээллийн эрх чөлөө билээ. Тухайлбал 1992 оны Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17–д “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан нь хүн бүр хууль ёсны дагуу дурын аргаар мэдээлэл хайх, хүлээн авах, дамжуулах, түгээх эрхтэй гэж ойлгогдож байгаа юм. Мөн 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг баталсны зэрэгцээ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д хүн бүр “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй ” хэмээн хуульчлан тунхагласан байдаг.
Хэдийгээр манай оронд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс суурь тавигдаж, ардчилсан сэтгүүл зүйн үндсэн зарчмууд практик сэтгүүл зүйд хэрэгжих нөхцөл бололцоо бүрдсэн хэдий ч бодит амьдралд эдгээр ойлголт, зарчмууд ямар түвшинд хэрэгжиж, олон нийт хэрхэн ойлгож, үнэлж буй байдлаар нарийвчилсан тодорхой судалгаа, шинжилгээний ажил нэлээд дулимаг байдаг. Энэ онд Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээлэл, судалгааны албанаас “Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө - өнөөгийн төрх” олон талт судалгааг хийсэн. Үүний нэг болох “Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө - ОНСБ” судалгааг орон даяар явуулсан билээ.
Судалгаанаас сонирхол татахуйц асуудал болох хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний талаарх олон нийтийн ойлголт, үнэлэмжийг онцлон тодруулъя.
1998 онд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс явуулсан хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний судалгаанд оролцогчид хэвлэлийн эрх чөлөөг нэгд, хэвлэл мэдээлэл санхүүгийн хувьд бие даасан байх, хоёрт, ямар ч сэдвээр чөлөөтэй ил, тод бичдэг байх, гуравт, төр, засгийг шүүмжилдэг байхыг хэлнэ хэмээн үзсэн бол манай судалгаагаар дараахь дүр зураг ажиглагдаж байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөө Таны бодлоор |
Хувиар | |
1 |
Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх |
52.6 |
2 |
Сэтгүүлчдийн чөлөөтэй бичиж, нийтлэх эрх чөлөө |
50. 0 |
3 |
Гадны дарамт нөлөөгүй байх |
47.4 |
4 |
Төр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавихгүй байх |
27.7 |
5 |
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл санхүүгийн хувьд бие даасан байх |
22.6 |
6 |
Бусад |
3.2 |
7 |
Мэдэхгүй |
8.9 |
Эндээс үзэхэд иргэд хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг санхүүгийн асуудалтай холбож ойлгох нь нэлээд багасч, харин хууль зүйн ойлголтын хүрээнд ойлгох нь түгээмэл болсон мэт. Гэхдээ эдгээр ойлголтыг бататгах үүднээс “Хэвлэлийн эрх чөлөөнд юу сайнаар нөлөөлж байна вэ?” гэсэн асуултад хариулсан байдлыг үзвэл:
Хэвлэлийн эрх чөлөөнд юу сайнаар нөлөөлж байна |
Хувиар |
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олширч байгаа нь |
58.0 |
Бүх сэдвээр бичих нээлттэй байгаа нь |
49.7 |
Олон нийт идэвхтэй болсон нь |
24.0 |
Хүн бүхэн хэвлэн нийтлэх боломжтой нь |
24.0 |
Хэвлэл мэдээллийн байгууллага санхүүгийн хувьд боломжтой болсон нь |
19.0 |
Одоогийн Засгийн газрын бодлого |
10.6 |
Сайнаар нөлөөлж байгаа зүйл алга |
4.5 |
Мэдэхгүй |
8.3 |
Дээрхээс харахад иргэд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг “тооны олшрол, сэдвийн нээлттэй байдал” мэтээр ойлгож буй нь ажиглагдаж байгаа юм. Ингэснээр хэвлэлийн эрх чөлөөг өнөөх хууль эрх зүйн хүрээнд ойлгох байдал нь нэлээд бүдгэрч байна. Үүнийг тодруулах үүднээс хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг “Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” гэсэн сонгодог ойлголтоор ойлгодог хүмүүсийг дээрх асуултад ямар байр суурьтай байгааг харьцуулан сонирхвол:
Графикаас үзэхэд, энэ бүлгийн хүмүүсийн дөнгөж 11.8 хувь нь хэвлэл, мэдээллийн эрх чөлөөнд “хүн бүхэн хэвлэн нийтлэх боломжтой” гэсэн хууль зүйн хүчин зүйл нөлөөлж байна гэсэн бол харин хоёр хүний нэг нь хөгжлийн гол үндэс “хэвлэл, мэдээллийн хэрэгсэл олширсон”, “бүх сэдвээр бичих нээлттэй байгаа” зэрэг гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл хэдийгээр олон нийт хэвлэлийн эрх чөлөөг “Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” гэж ойлгодог хэмээсэн ч үнэн чанартаа “Хэвлэл мэдээллийн тоо олширч, бүх сэдвээр бичих нээлттэй байгаа”-г хэвлэлийн эрх чөлөө гэж дүгнэж байна.
Харин дараагийн эмзэг асуудлын нэг бол олон нийт олширсон хэвлэлээр нийтлэгдэж буй зүйлсийн үнэн эсэхэд нэлээд эргэлзэж, итгэдэггүй бололтой. Учир нь “Та хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээлэлд итгэдэг үү?” гэсэн асуултад “Бүрэн итгэдэг” гэж судалгаанд оролцогчдын дөнгөж 19.5 хувь хариулсан бол “Зарим үед эргэлздэг” гэж 64.0 хувь, “Итгэддэггүй” хэмээн 6.5 хувь үзсэн байна. Яагаад итгэдэггүй байдлыг тандан сонирхвол судалгаанд оролцсон нийт оролцогчдын дөрвөн хүн тутмын нэг нь монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд “Хэвлэл мэдээллээр худал, хуурмаг зүйл мэдээлэх нь” элбэг буюу маш муугаар нөлөөлж байна гэжээ. Өөрөөр хэлбэл парадоксын хариуг юм байна.
Монголын олон нийтийн хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай ойлголт нь бүх сэдвээр бичих, хэвлэл мэдээллийн тоо олширсон гэдгээр хязгаарлагдаж буй атлаа тэд энэ эх захгүй олон сэдвээр бичсэн, тоо тоомшгүй мэдээллийг худал хуурмаг гэж үздэг тул тэр бүр итгэдэггүй байна. Энэ бол монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн төрхийн иргэдийн тусгал юм. Хэрэв ардчилсан, эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлэхийг хүсвэл юуны өмнө хэвлэлийн эрх чөлөөний талаарх олонхийн энэ ташаа ойлголтыг сэтгүүлчид өөрсдийн зөв үйлдэл, үйл ажиллагаагаар залруулан, оюуны чадавхи, нийтлэл, мэргэжлийн ур чадвараа сайжруулах хэрэгтэй. Ингэснээр олон нийт ч үнэн, зөв, тунгалаг сэтгүүл зүйг шаардах эрхтэй болох юм.