Д. Нарантуяа Олон улсын сэтгүүлчдийн холбоо өнгөрсөн долдугаар сарын сүүлээр сэтгүүл зүй дэх авилгалтай хийх тэмцлээ эхэлж байгаагаа зарлалаа. Гэхдээ Олон улсын сэтгүүлчдийн холбоо энэ тэмцлээ ганцаараа бус өөр таван байгууллагатай, тухайлбал, Олон Улсын Хэвлэлийн Хүрээлэн /International Press Institute/, ,Олон Нийтийн Харилцаа, Холбооны Менежментийн Бүх Нийтийн Холбоо /Global Alliance for Public Relations and Communications Management/, Олон Нийтийн Судалгаа, Боловсролын Хүрээлэн /Institute for Public Research and Education/, Олон Улсын Олон Нийтийн Харилцааны Ассоциаци /International Public Relations Association/, Transparency International хамтран хэвлэл мэдээлэл болон олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн хүмүүс болон байгууллагуудын хоорондын хэлхээ холбоог илүү ил тод нээлттэй болгох, дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээлэл дэх авилгалын асуудлыг устгах зорилго тавиад байна. “Сэтгүүл зүй дэх авилгал буюу төлбөртэй мэдээлэл, нийтлэл нь сэтгүүл зүйд байх ёстой хууль ёсны үзэгдэл мэт болсон нь өнөөгийн хэвлэл мэдээлэлд тулгараад байгаа даруй шийдвэл зохих асуудал болоод байна” гэж Олон улсын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Эйдах Вайт “International Journalists’ Network” онлайн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна. “Энэ хэвшил нь мэргэжлийн сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, сэтгүүлчийн ёс зүйг үнэ цэнэгүй болгож байна” хэмээн тэрээр дүгнэсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард Грекийн нийслэл Афин хотноо чуулсан Олон улсын сэтгүүлчдийн холбооны чуулганы үеэр сэтгүүл зүйн чанарыг дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах цаг болсон талаар яригдсан билээ. “Бидний эхэлж байгаа цуврал арга хэмжээ нь хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг урагшлуулж, энэ салбар дахь авилгал хээл хахуулийн бүхий л хэлбэрийг устган улмаар сэтгүүлчдийн унасан нэр хүндийг буцаан байранд нь авчрах болно” гэж ноён Эйдах Вайт хэлжээ. International Public Relations Association-ы боловсруулсан журмын Хэвлэл мэдээллийн ил тод байдал гэсэн хэсэгт дараахь зарчмуудыг санал болгосон байдаг. Үүнд, 2003 онд энэхүү тэмцлийн эхлэл болгон International Public Relations Association болон Public Relations Research and Education хамтран Олон улсын сэтгүүл зүй дэх авилгалын индексийг гаргасан байна. Энэ индексийг дэлхийн 66 орны сонин, сэтгүүлийн сэтгүүлчдийн дунд явуулсан судалгааны дүнг үндэслэн гаргажээ. Энэ судалгаа нь анх удаа хийгдэж байгаа бөгөөд сонин, сэтгүүлийн сэтгүүлчид нийтлүүлж байгаа нийтлэл, мэдээлллийнхээ төлөө төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид болон бусад мэдээллийн эх сурвалжуудаас бэлэн мөнгө авч байгаа цар хүрээг тодорхойлох зорилготой байжээ. Мөн энэхүү индексийг ашиглан тухайн улс орон өөрийн орны хэвлэл мэдээллийн байдлаа бусад орнуудтай харьцуулан үзэх боломжийг олгоно хэмээн судалгааг хийгчид үзэж байгаа ажээ. Судалгааны аргачлалыг Хойд Айво-гийн Их сургуулийн Харилцаа судлалын тэнхимийн профессор Дин Крукэбэрг, Пурдуи-гийн Их сургуулийн Харилцааны тэнхимд докторын зэрэг горилогч Катерина Цецура нар боловсруулж, гардан хийсэн байна. Судалгааны төслийг Туркийн өдөр тутмын тэргүүлэх сонинуудын нэг болох Hurriyet /Dogan Media Group-ын гишүүн/ санхүүжүүлж, Institute for Public Relations болон International Public Relations Association-ы хамтарсан “Хэвлэл мэдээллийн ил тод байдлын төлөө аяны хүрээнд хийсэн байна. Судалгаагаар БНХАУ, Саудын Араб, Вьетнам, Бангладеш, Пакистаны хэвлэл мэдээлэл хамгийн их авилгалд өртсөн гэсэн үзүүлэлт гарчээ. Харин хэвлэл мэдээллийн авилгал бараг байхгүй орны жагсаалтыг Финлянд тэргүүлж, удаах байрыг Дани, Шинэ Зеланд, Швейцари улсууд хуваан эзэлсэн байна. Гуравдугаар байрыг Герман, Исланд, Их Британи улсууд хуваан эзэлсэн бол дөрөвдүгээрт байрт Норвег улс дангаар бичигдсэн байна. Тавдугаар байрыг Австри, Канад, Нидерланд, Швед, Бельги, АНУ-ууд хуваан эзэлжээ. Судалгаанд хамрагдсан 66 улсыг дэлхийн эдийн засаг, улс төрд нөлөө үзүүлэхүйц гэсэн гол шалгуураар сонгон авсан бөгөөд эдгээр улс орны өдөр тутмын сонинуудын сэтгүүлч, сурвалжлагчид мэдээ, нийтлэлийнхээ төлөө бэлэн мөнгө авч байгаа эсэхийг судалсан байна. Гэхдээ энэ нь хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэл, тухайлбал, радио, телевизэд ийм практик байхгүй гэсэн үг биш, тэнд ч мөн ийм зуршил байгаа гэдгийг судалгааг хийгчид тэмдэглэсэн байна. Гагцхүү сонинд нийтлэгдсэн мэдээ, мэдээллийг ажиглаж хянахад илүү хялбар байсан учраас сонгожээ. Индексийг тодорхойлохдоо дараахь найман хүчин зүйлсийн удирдлага болгожээ. Эдгээр хүчин зүйлсийг дурдвал: Дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хөгжлийн сүүлийн үеийн хандлага ийм байна. Монгол Улс энэхүү судалгаанд хамрагдаагүй ч хэрвээ хамрагдсан бол ямар ч гэсэн эхний таван байрт орохгүй гэдэг нь дээр өгүүлсэн найман хүчин зүйлсээр шалгаж үзэхэд ойлгомжтой байна. Монголын хэвлэл мэдээлэлд мөн адил авилгал байгаа гэдгийг ч нуугаад байх шаардлага байхгүй. Уншаад, үзээд, сонсоод “энэ ч мөнгөний мэдээ байна даа” гэсэн бодол байн байн төрдөг шүү дээ. Мэдээж мөнгөний хэмжээг хэвлэл, мэдээллийн хэрэгслийн уншигч, үзэгчдийн тоо тодорхойлно. Үнэндээ хэвлэл мэдээлэл дэх авилгал нь нийгэмд байдаг авилгал гэдэг ойлголтоос илүү хортой. Учир нь, хэвлэл мэдээллийн авилгал нь олон нийтийн үнэн бодит мэдээлэл олж авах эрхийг бүдүүлгээр зөрчин, зориудаар мөнгө төлөгчийн эрх ашигт нийцсэн мэдээлэл цацаж байгаагаараа олон нийтийн зөв сонголт хийх, зөв шийдвэр гаргах боломжийг төөрөгдүүлж байгаа юм. Сэтгүүлчид улам бүр “наймаачин төрхтэй” болж, худалдагдаж байгаа тухай хаа хаагүй яригдаж, зарим нь халаас нимгэн сэтгүүлчид өөр яалтай билээ хэмээн өмгөөлөх нь бий. Тэгвэл олон улсын байгууллагуудын гаргаж ирсэн хэвлэл мэдээллийн авилгалын индексийг тодорхойлох шалгуурт эдийн засгийн хүчин зүйл байхгүй байгаа нь анхаарал татаж байна. |