Х.Наранжаргал
2005 оны нэгдүгээр сарын 27-нд УИХ Олон нийтийн радио,телевизийн тухай хуулийг хэлэлцэж батлав. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болох энэ хуулиар одоо Засгийн газрын мэдэлд байгаа Монголын үндэсний радио, телевизийг олон нийтэд үйлчлэх статустай болгон өөрчлөн байгуулна. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан Монгол Улсын иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хангах, 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэхэд бодитой алхам боллоо.
Энэ хуулийн 2.1-д зааснаар олон нийтийн радио, телевиз нь " гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд" байх юм.
Энэ хуулиийн дагуу одоогийн Засгийн газрын өмч хөрөнгө нь нийтийн өмч байх бөгөөд ОНРТ-ийн мэдэлд шилжүүлэх заалтыг үндэслэн УИХ 2005 оны нэгдүгээр сарын 28-нд Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай хуулийг мөн батлан гаргаж, нийт 5,521,063,029 төгрөгийн төрийн өмчийн эд хөрөнгийг олон нийтийн телевизийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь 17 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөл байх ба Ерөнхийлөгч 2, Засгийн газар 2, УИХ 4, төрийн бус байгууллагууд 9 хүнийг сонгож, Үндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар баталгаажуулна. Үндэсний зөвлөлийн гишүүнээр олон нийтэд нэр хүндтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэн сонгогдоно. Төрийн улс төрийн ба жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч нийтлэл, нэвтрүүлгийн бодлогоо тодорхойлоход нь оролцдог этгээд, бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл бизнесийн хараат бус байдалд нь нөлөөлж болох этгээдийг нэр дэвшүүлэхгүй байхаар хуульд заасан байна.
ОНРТ нь холимог санхүүжилттэй байхаар хуульд тусгажээ. Орлогын гол эх үүсвэр нь нэвтрүүлгийн үйлчилгээний хураамж байх бөгөөд Засгийн газрын дэмжлэг, зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, хандив, хууль тогтоомжид заасан бусад орлогоос санхүүжнэ. Зар сурталчилгааг өргөн нэвтрүүлгийн өдрийн цагийн 2 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлажээ. Нэвтрүүлгийн үйлчилгээний хураамжийн хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг харгалдан Засгийн газар тогтоож, төсвийг УИХ-аар батлахаар хуульд тусгасан байна.
Мөн ОНРТ нь хяналтын зөвлөл, өргөдлийг шалгах хороотой байх, мөн хөтөлбөрт зөвлөх үүрэг бүхий орон тооны бус зөвлөлтэй байж болохыг хуульчилсан байна.
Хуулиар ОНРТ нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт, цэнгүүн зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг мэргэжлийн болон техникийн өндөр түвшинд бэлтгэж, нийтийн хүртээл болгох гол шаардлага тавьжээ. Түүнчлэн шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөө,тэгш байдлыг хүндэтгэх, хувь хүний хөгжлийг дэмжих, өргөн олон нийтийн болон нийгмийн янз бүрийн бүлэг давхаргын эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хадгалах зэрэг нэвтрүүлгийн бодлого баримтлахыг шаардлага болгосон байна. ОНРТ-ээр харгислал, ялгаварлан гадуурхалт, дайн, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан хүний нэр хүнд, алдар хүндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглосон байна.
ОНРТ-ийн ажилтны мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулсан, мөн иргэдийн хариу өгөх эрхийг хангасан заалтууд орсон нь шинэ хуулийн дэвшилтэт тал нь юм.
Үндэсний зөвлөлийг бүрдүүлэх үйл явц бүрхэг, олон улсын хэм хэмжээний дагуу үйл явц ил тод, олон нийтэд нээлттэй байх зарчим тусгагдаагүй, олон нийтийн хяналт, тэдний өмнө хүлээх хариуцлагыг тодорхой тусгаагүй нь ОНРТ-ийн тухай хуулийн сул тал болжээ.
1992 оноос хойш улстөрч, олон нийтийн анхааралд байсан хэдий ч батлагдалгүй олон жил болсон энэ хуулийг бодит зүйл болгоход "Глоб Интернэшнл" ТТБ, Нээлттэй Нийгэм Форум, Хэвлэлийн Хүрээлэн зэрэг иргэний нийгмийн нийгмийн байгууллага жинтэй хувь нэмэр оруулсан билээ.
Монгол Улс иргэдийнхээ мэдэх эрхийг гүнзгийрүүлэн баталгаажуулж, ОНРТ-ийн хуультай болсон нь Нээлттэй Нийгэм- Соросын сангийн сүлжээ, МННХ, ЮНЕСКО, "19-р зүйл" байгууллага зэрэг олон улсын байгууллагын түншлэл, дэмжлэгийн үр дүн юм.