Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн түгээмэл алдаа

A- A A+
Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн түгээмэл алдаа

Г.Гүнжидмаа /Хэвлэлийн Хүрээлэн/


Сэтгүүлчдийн дийлэнх нь мэргэжлийн ёс зүйн алдааг түгээмэл гаргаж, иргэдийн хувийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байна гэсэн агуулгатай яриа хөөрөө сүүлийн жилүүдэд хаа сайгүй сонстох болсон. Үүнтэй зэрэгцээд сэтгүүлчдийг шүүхэд дуудах, хэрэг бүртгэл үүсгэх, өндөр торгууль ногдуулах, хорих зэрэг шат дараалсан арга хэмжээ цуврах болжээ. Гэтэл сэтгүүлчийн хариуцлага, ёсзүйн тухай асуудал цөөн хэдэн мэргэжилтэн, дугуй ширээний ярилцлага, уулзалт хэлэлцүүлгээс халилгүй, тодорхой алхамд хүрч чадаагүй л байна.

Уг нь сэтгүүлчдийн баримтлах ёсзүйн зарчим, код чамлахааргүй байдаг ч хэрэгжилтэд нь хяналт тавьдаг, хариуцлага тооцдог механизм өнөө хэр бүрдээгүй байгаа. Тухайлбал, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Чөлөөт Сонинуудын Холбоо, МОНЦАМЭ болон Ийгл ТВ-ийн Мэдээллийн алба зэрэг эвлэл, холбоо, байгууллагууд өөр өөрийн ёсзүйн дүрмүүдийг баталсан. Гэсэн хэдий ч дүрэм журмаа сайн мөрдөж буйг сайшаадаг, алдаа дутагдал гаргасанд хэрхэн хариуцлага тооцох тухай дүрэм заалт байхгүй. Нөгөөтэйгүүр Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн стандарт, хариуцлага, ёсзүйн тухай мэргэжлийн төвшинд хийсэн судалгааны тодорхой дүн, тоо баримт дутагдалтай байдаг нь ч сэтгүүлчдийг хариуцлагагүй, ёс зүйгүй хэмээн цоллоход баримт болж чаддаггүй байна.

Сэтгүүлчдийн нийтлэл, нэвтрүүлэгт ажиглалт хийж, ёсзүй хариуцлагын тухай тоогоор илэрхийлэх анхны оролдлогыг Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны алба энэ оны тавдугаар сарын гурванд буюу Дэлхийн Хэвлэлийн Эрх чөлөөний өдрийг угтан хийлээ. Судалгаанд өдөр тутмын найм, чөлөөт гурван сонин, зургаан ТВ, хоёр радиог хамруулж санамсаргүй хугацаан дахь мэдээ, нийтлэлд шинжилгээ хийсэн юм.

Энэхүү агуулгын судалгаагаар Монголын сэтгүүлчид мэргэжлийн стандартаа хэрхэн биелүүлж буйд дүн шинжилгээ өгснөөс гадна сэтгүүлчдийн нийтлэг гаргаж буй түгээмэл зургаан алдааг нэрлэж байна.

Нэг дэх алдаа: Мэдээнд үзэл бодол оруулж байна

Сэтгүүлзүйн мэдээ баримтад үндэслэсэн байх ёстой. Сэтгүүлч мэдээнд хувийн дүгнэлт, үзэл бодлоо оруулах нь олон нийтийн өмчийг хувьдаа ашиглаж буйтай адил хэмээн үздэг. Судалгаанд оролцсон чөлөөт сонины хоёр мэдээ тутмын нэгд, радио ТВ-ийн таван мэдээ тутмын нэгд, өдөр тутмын сонины арван мэдээ тутмын нэгд сэтгүүлч хувийн үзэл бодлыг оруулсан байв. Олон нийтийн радио ТВ болон Ийгл ТВ-д энэ байдал харьцангуй бага хувьтай бол ТВ-5 телевизийн мэдээний 80 орчим хувьд сэтгүүлчийн үзэл бодол орсон нь хамгийн өндөр үзүүлэлттэй байв.

Хоёр дахь алдаа: Гарчиг, зургаараа баримт утга агуулгыг мушгин гуйвуулж байна

Гарчиг бол сэтгүүлзүйн бүтээлийн гол өгүүлэгдэхүүн байдаг. Гарчиг нь товч тодорхой, сонирхолтой, агуулгыг зөв илэрхийлсэн байх ёстой. Сонин хэвлэлүүд сенсаци хөөсөн, эсхүл мэдээллийн агуулгатай нийцээгүй гарчигтай мэдээлэл нийтлэх явдал ажиглагдаж байна. Мөн агуулгатайгаа нийцээгүй, мэдээллээс тэс өөр төрлийн зураг нийтэлж, тухайн мэдээллийн утга агуулгыг гуйвуулах хандлага ч ажиглагдсан. Энэ нь уншигчдыг гарчигаар татах, сонины борлуулалтаа өсгөх гэсэн санхүүгийн ашиг сонирхолоос үүдэлтэй юм. Судалгаагаар гарчиг текстийн зөрчилтэй байдлаар Сэрүүлэг, Өдрийн сонин, Хүмүүсийн амьдрал, Хүмүүс, Монголын мэдээ сонинууд эхний таван байрт орсон байв. Зураг текстийн зөрчилтэй байдлаар Хүмүүсийн амьдрал, Хүмүүс, Ардын эрх, Сэрүүлэг, Монголын мэдээ оржээ. Харин Өнөөдөр, Өнөөдрийн Монгол, Үнэн сонинд дээрх зөрчлүүд бага илэрсэн байв.

ТВ-үүдийн хувьд текст дүрсийн тохиромжгүй байдлын алдаа тохиолдоно. Жишээ нь ДОХ-ын тухайн сурвалжлахдаа гудамжаар явж буй залуусаар дүрсжүүлдэг. Энэ нь тухайн хүмүүсийг ДОХ-той хэмээн болгоомжлуулж буйгаас ялгаа юун.

Гурав дахь алдаа: Батлагдаагүй мэдээ, таамаг цуу яриаг нийтэлсээр байна.

Баримт, эх сурвалжаар батлагдаагүй мэдээ, мэдээлэл, таамаг, цуу яриа, зохион бичлэгийг сэтгүүлзүйд ашиглах нь сэтгүүлчийн ёсзүйн томоохон алдааны нэг. Манай сонин хэвлэлд бололтой, магадгүй, гэсэн гэнэ, сураг дуулдав, тийм байх, болов уу гэх мэт сул үгнүүдийг ашигласан мэдээ нийтлэл түгээмэл ажиглагдаж байна. Чөлөөт сонинуудад цуу яриа, зохион бичлэгийн хэлбэр бүхий үнэмшил багатай мэдээллүүд нийтлэгдэх нь элбэг боловч сонин бүрээр ялгаатай аж. “Хүмүүс” сонины нийт мэдээллийн 60 орчим хувь нь батлагдаагүй, таамаг хэлбэрийн мэдээлэл байсан бол энэ нь “Сэрүүлэг” сонинд 10 хувьд хүрэхгүй байна. 

Дөрөв дэх алдаа: Хүнийг хүндэтгэх, хувийн нууцыг хамгаалах зарчмыг зөрчиж байна.

Судалгаагаар сонины хоёр мэдээлэл тутмын нэгийг сэтгүүлч өөрийн хувийн үзэл бодолд тулгуурлан бичсэн бол телевиз радиод гурван мэдээлэл тутмын нэгэнд дээрх байдлаар ханджээ. Сэтгүүлчид хувь хүнтэй холбоотой ялангуяа хувь хүний эрүүл мэнд, хувийн амьдрал, гэр бүл, үр хүүхэд, хувийн нууцын тухай мэдээлэлд онцгой анхаарах шаардлагатай байдаг. Ингэхдээ хувийн үзэл бодолд тулгуурлахаас илүүтэй баримтад үндэслэн бичих нь сэтгүүлчид өөрт нь аюул багатай. Сэтгүүлчтэй холбоотой шүүхэд дуудагдсан хэргийн дийлэнх хувийг хүний нэр төр гутаасан хэрэг эзэлдэг. Энэ нь улстөрийн албан тушаалтан, бизнесийнхэн болон урлаг соёлын одод зэрэг олны танил хүмүүстэй холбоотой мэдээллүүд байдаг. Сэтгүүлч хувь хүний тухай бичиж болохгүй гэсэн үг огт биш. Ялангуяа дээр дурдсан олон нийтэд хамаатай хүмүүсийн тухай сэтгүүлчид мэдээлэх хэрэгтэй гэхдээ хувь хүний нэр төр, яс үндэс, гарал угсаа, шашин шүтлэг, үзэл бодол, арьс өнгө зэргээр ялгарлан дуудах, нэр хочоор цоллох зэргээр хувийн дүгнэлт оруулахаас зайлсхийх нь чухал. Жишээ нь, улстөрийн янхан, авилгын загалмайлсан эцэг, зууны шилдэг луйварчин, мөнгөний машин, секс бөмбөг гэх мэт нэр хэллэг хэвлэлийн хуудаснаа элбэг тааралдана.

Тав дахь алдаа: Улс төрийн асуудлаар үзэл бодлын тэнцвэртэй байдлыг хангаж чадахгүй байна.

Хоёр өөр сонины нэг өдрийн дугаарт нийтлэгдсэн нэг үйл явдлын тухай мэдээллийг уншихад дээрх алдаа илхэн харагдана. Тухайлбал, Зууны мэдээ сонины 2005 оны долдугаар сарын нэгний дугаарын тэргүүн нүүрэнд “Сайд Ц.Нямдорж өнөөдөр УИХ-ын дарга болно” гэсэн гарчигтай мэдээнд … МАХН-ынхан УИХ-ын даргын нэрийг дангаараа бус парламентад суудалтай бусад намын удирдлагуудтай зөвшилцөж шийдвэрлэлээ… гэж бичсэн байна. Гэтэл мөн өдрийн “Өдрийн сонин”-д “МАХН-аас УИХ-ын даргад Ц.Нямдоржийн нэрийг дэвшүүллээ” гэсэн ерөнхий гарчиг дор УИХ-ын шинэ даргад гурван хүний нэрийг дэвшүүлж өрсөлдүүлсэн. Гэсэн хэдий ч зарим эх сурвалж нэгэнт УИХ-д хамгийн олон суудалтай нам гэдэг утгаар МАХН-аас УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эрхтэй болж байгаа тул эвслийнхэн яаж ч чадахгүй нь ойлгомжтой болоод байна … хэмээн бичжээ.

Мөн улстөрийн субъектүүдтэй холбоотой асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ялгаатай ханддаг нь ажиглагдлаа. Тухайлбал, сонин тус бүрээр авч үзвэл Өнөөдрийн Монгол, Зууны мэдээ сонинууд нь ерөнхийлөгч Н.Энхбаярын тухай эерэг, Өдрийн сонин, Сэрүүлэг сонин сөрөг, Ардын эрх, Монголын мэдээ сонинууд төвийг сахих байр сууринаас илүүтэй нийтэлжээ.

Зургаа дахь алдаа: Далд сурталчилгааг ихээр нэвтрүүлж байна.

Далд сурталчилгаа гэдэг нь аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдээлж, нэвтрүүлэхдээ тухайн бүтээгдэхүүнийг ижил төрлийн үйлчилгээ бүтээгдэхүүнтэй харьцуулалгүй дангаар сайшаан магтан дуулахыг хэлдэг. ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрийн цаг бол цэвэр мэдээ мэдээлэл байх ёстой. Сүүлийн жилүүдэд манай ТВ-үүд “Бизнесийн мэдээ” гэх халхавчаар бүх төрлийн далд сурталчилгааг мэдээллийн хөтөлбөрийн цагаар цацаж байна. Өдөрт дор хаяж 2-3 далд сурталчилгаа ТВ бүрийн мэдээллийн цагаар явдаг бөгөөд энэ нь МН 25-р суваг ТВ, ТВ5-д харьцангуй өндөр хувьтай гарчээ.

Сонин хэвлэлд мэдээ маягаар аль нэг байгууллага, бүтээгдэхүүний талаар далд сурталчилга хийж тэргүүн нүүрэнд байршуулах явдал ажиглагдаж байна. Энэ нь өдөр тутмын сониноос Өнөөдөр, чөлөөт сониноос Сэрүүлэг сонинд илүү хувьтай байна.

Хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах Монголын сэтгүүлчдийн дараагийн алхам нь дээр дурьдсан зургаан мэргэжлийн алдааг давтахгүй байхад оршино.