Монголын сэтгүүлчид цензурын эсрэг зогсч чадах уу?

A- A A+
Монголын сэтгүүлчид цензурын эсрэг зогсч чадах уу?


Г.Өлзийсайхан

Хүний нэр төрийг гутаасан гэж сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгт иргэний хэрэг үүсгэжээ. “Ардын эрх” сонины 2006 оны арваннэгдүгээр сарын 22-ны ¹227-д нийтлэгдсэн “Хятад иргэн осол гаргаж, цагдаагийн ажилтнууд хэргийг дарсан уу?” гэсэн өгүүллийг нь ийнхүү буруутгажээ.
Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай төмрийн үйлдвэрийн захирал Шүй Хуа Дун өнгөрсөн оны наймдугаар сард Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын орчимд хоёр хятад, нэг өвөрмонгол иргэний хамт машинтай явж байгаад хүнд осолд орж, хамт явсан гурван хүн нь газар дээрээ нас баржээ. Харин осолд орж нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хэргийг нарийвчлан шалгалгүйгээр хаах сонирхолтой байна, Шүй Хуа Дун гэмт үйлдлээ нуун дарагдуулахын тулд цагдаагийн ажилтнуудад хахууль өгсөн гэж мэдэгдсэнийг сэтгүүлч өгүүлэлдээ дурджээ. Гэтэл Шүй Хуа Дун “… энэ нийтлэл нь миний нэр төрийг гутаалаа” хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний дагуу Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэх гэж байна…

Энэ бол зөвхөн нэг жишээ. Үүнтэй ижил 50 орчим зөрчлийг жил гаруйн хугацаанд “Глоб интернэйшнл” ТББ бүртгээд байгаагаа дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан Нээлттэй Нийгэм Форум, Глоб Интернэйшнл ТББ-уудаас зохион байгуулсан хурлын үеэр мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас, УИХ-ын гишүүдээс, гадаадын хөрөнгө оруулалттай өнчин хүүхдийг асрах байгууллагын удирдлагаас, аймгийн ерөнхий шүүгчээс, аймгийн Тагнуулын албаны даргаас сэтгүүлчийн мэдээлэл хайх, олж авахад нь саад хийсэн, хэл амаар доромжилсон, тэдний эсрэг дайрсан, шүүхээр дарамталсан, хорьж саатуулсан гээд урт жагсаалт хөвөрнө.

Бас “Зууны мэдээ” сонины сурвалжлагч Б.Цогнэмэх УИХ-ын гишүүн Ч.Улааны талаар “Ялааны алуур”, “Увайгүй Улааны шинэ атак эхэллээ”, “Улааны урт гар Х.Баатарыг дахин амилуулав” зэрэг цуврал нийтлэл бичсэний төлөө эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. Эрхэм гишүүн сэтгүүлчийг өөрийг нь доромжилсон, гүтгэсэн гэж үзжээ. 

Сэтгүүлчдийн эсрэг энэ мэт цензур байгаа тохиолдолд мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаагаа яаж гүйцэтгэх вэ? Эрх мэдэлтнүүдийн булхай, алдаа оноог ил гаргахын тулд сэтгүүлч олон саадыг давдаг. Монголын сэтгүүлчид өнөө ч төрийн байгууллага, албан тушаалтнуудаас мэдээлэл олж авч чадахгүй л байна. Уг нь эрэн сурвалжлах сэтгүүлч мөрдөн байцаагч шиг л ажиллах ёстой.

“Эрэн сурвалжилж байгаа зүйлийнхээ хойноос уйгагүй хөөцөлдөж, баримт материал цуглуулж, эх сурвалжуудтай уулзан, зураг хөргийг нь авч, дуу хуурыг нь бичиж, арай л хурууны хээг нь буулгах холгүй юм байх. Гэтэл хүний хойноос хөөцөлдөхөөр мөрдөн мөшгилт болчихдог, баримт материал цуглуулахаар улсын болон хувийн нууц руу халдсан болдог, зураг хөргийг нь авчихаар хүний эрхэд халдсан болдог, дуу хуурыг нь бичихээр хууль бус үйлдэл болдог” гэдгийг “Ардын эрх” сонины шуурхай мэдээлэл, нийгмийн амьдралын албаны дарга Г.Энхбаатар ярилаа.

Хуульд улсын, байгууллагын, хувийн нууцын заалт дэндүү олон, аливаа байгууллагын архивын бичиг баримттай танилцахын тулд даргаас нь заавал зөвшөөрөл авдаг, албан тушаалтаны хөрөнгө орлогын мэдүүлэг нь хувь хүний нууцад хамаарах учраас олон нийтэд мэдээлэх шаардлагагүй зэрэг нь өнөөдөр эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих ямар ч боломжгүй, үүнийг хийхээр зоригловол сэтгүүлчдэд халгаатай байна гэдгийг хурлын үеэр онцолж байв. Учир нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл бичвэл Эрүүгийн хуулиар хамгийн түрүүнд “доромжлох”, “гүтгэх”, цаашилбал, “гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчих”, “хувь хүний нууцыг задруулах”, “зориуд худал мэдээлэх” хэрэг үйлдсэн гэж, Иргэний хуулиар “алдар хүндийг гутаасан” ял зэм хүртэж, Эрүүгийн хуулийн хөнгөн, хүндэвтэр, хүнд заалтуудаар, Иргэний хуулийн үлэмж хэмжээний торгууль шийтгэлээр яллуулах нөхцөл биднийг хүлээж байгаа юм.

Манай улс Эрүүгийн хуулиар хүний нэр төр, алдар хүндийг хамгаалдаг орнуудын тоонд ордог. Энэ нь хүний эрхийг хамгаалахад чиглэж байгаа ч эрх баригчид, албан тушаалтан, төр засгийн байгууллагын талаар шүүмжлэлт материал нийтлүүлсэн сэтгүүлчдийн эсрэг үүнийг ашигласаар байгаа юм. “Монголын сэтгүүл зүйн нөхцөл тийм ч сайнгүй, зарим талаар түгшүүр төрүүлэхүйц байгааг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж МҮОНТ-ийн “ММ” агентлагийн ерөнхий редактор Ц.Мөнхтөр ярьж байна. Тэрээр “Монголын хэвлэл мэдээлэл ээдрээтэй бөгөөд адармаатай замыг туулан өнөөдрийг хүрсэн. Цензур буюу цагдан хяналт нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд олон хэлбэрээр илэрч байгаа” гэж үзэж байгаа аж.

Ил хэлбэр нь шууд хяналт тавих, хориглох, сонин хэвлэлийг хаах, айлган сүрдүүлэх, сэтгүүлчийн амь насыг бүрэлгэх байдлаар илэрдэг. Харин далд хэлбэрийг улстөрийн, төрийн, захиргааны, эдийн засгийн, редакцийн, өөрийн гэж хувааж болох аж. Тухайлбал, эрх баригчид өөрсдийн эрх ашиг, албан тушаалаа ашиглан шударга шүүмжлэлийг няцааж өөрсдийн буруутай үйлдлийг олон түмнээс нуухын тулд янз бүрийн мэдэгдэл гаргаж нийтийн дунд буруу ойлголт төрүүлэх явдал манайд түгээмэл байна. Харин төрийн цензур нь хуулиар дамжин илэрч байгаа бөгөөд нэр төр, алдар хүндтэй холбоотой гүтгэлгийг эрх баригчид Эрүүгийн хуулийн хатуу заалтуудаар цензур болгон хэрэглэж байгаа.
 
Хуульч Г.Даваахүү “… сэтгүүлчдийг хэвлэн нийтэлснийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэн ял шийтгэх байдлыг таслан зогсоохын тулд Эрүүгийн хуулиас гүтгэх доромжлох болон бусад төстэй заалтуудыг хасах шаардлагатай” гэж үзэж байна. “Сэтгүүлчдийн өөрсдийн хариуцлагаас болсон хүндрэл бэрхшээл байдаг. Гаргасан мэдээллээ өөртөө эргээд хүндрэл учруулахгүй байх талаас нь бодолцохгүй байна. Мэдээллээ үнэн бодит байдалд нийцэж байгаа эсэхэд огт анхаарахгүй байна” гэдгийг хуульч Г.Даваахүү анхааруулсан. Гэхдээ сэтгүүлчид нь тагнах мөрдөх эрхээр хангагдаагүй тул тухайн мэдээллийн үнэн бодитой эсэхийг нотлох үүрэг хүлээх боломжгүй бөгөөд шаардлагагүй, ихэнхдээ сэтгүүлчийн нийтлүүлсэн мэдээлэл нь олон нийтийн дунд ам дамжин яригдаад эхэлсэн сэдэв байдаг учраас түүнд ямар нэг хариулт авах хэрэгцээ нийгэмд байнга байдаг, энэ хэрэгцээг хангахгүй орхивол хардалт улам бүр даамжирч эмх замбараагүй явдал үүснэ гэлээ.
 “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь үзэл бодлын чөлөөт индэр болохын хувьд аливаа бусармаг явдлыг илчлэн олны сонорт хүргэж нийгэмд шүүмжлэлт, эрүүл саруул уур амьсгалыг бий болгохын төлөө тэмцдэг. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллийг нийтэлж нэвтрүүлэхээс эхлэн шүүхэд өөрийгөө хамгаалах зэрэг аливаа асуудалд нухацтай хандах, хуульд нийцүүлэх шаардлага гарч байгаа”-г ХЗДХЯ-ны дэд сайд Ш.Сүхбаатар илтгэлдээ дурдлаа.

Манай нийгэмд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн дотор бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан хэрэг, маргаан ялимгүй хувийг эзэлдэг ч цаашид өсөх хандлагатай байгаа аж. Тухайлбал, 1995 онд 8 байсан бол 1998 онд 31, 2000 онд 39 болж өсчээ. Судалгаагаар нийслэлийн зургаан дүүргийн шүүхэд 1999-2001 оны байдлаар хувь хүн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тухай 79 иргэний хэргийн 47-д нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэм буруутай нь тогтоогджээ. Харин 4 хэрэг буюу 5.1 хувьд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн нийтлэл нь бусдын нэр төрийг гутаагаагүй гэж шүүх үзсэн байна.

“Ийм төрлийн гомдол, маргааныг шийдвэрлэхийн тулд Иргэний болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд үндэсгүйгээр халдсан сэтгүүлчид бус, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгөн төлбөр ногдуулдаг болох, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүр өөрийн ёс зүйн кодоо баталж түүгээрээ сэтгүүлч, сурвалжлагч нартайгаа хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх шаардлагатай” гэдгийг Ш.Сүхбаатар ярилаа.

Сэтгүүлч Г.Энхбаатарын үзэж байгаагаар Эрүүгийн хуульд “Сэтгүүлчид нотлох баримт цуглуулах эрхтэй. Сэтгүүлчид эх сурвалжаа нууцлах эрхтэй”, эсвэл, “Нийтийн эрх ашгийн төлөө хийсэн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа нь учирч болох байсан хохирлоос бага тохиолдолд гэмт хэрэг гэж тооцохгүй” гэсэн, Архивын тухай хуульд “Аль ч байгууллагын архивт сэтгүүлч мэргэжлийн үнэмлэхээрээ үйлчлүүлэх эрхтэй” гэсэн заалтыг оруулах хэрэгтэй гэнэ. Мөн Авилгын тухай хуулийн “Хөрөнгө орлогын мэдүүлэг нь хувь хүний нууц байна” гэсэн заалтыг хүчингүй болгох хэрэгтэй, ингэвэл эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжихөд дөхөм болно гэлээ.

Олон улсын жишигт нэр төрөө сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлийн хариуд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага нь тухайн хэргийг үнэн бодитойгоор шударга ёс, олон нийтийн эрх ашгийн төлөө сурвалжилсан, шударга тайлбар өгсөн зэрэг үндэслэлээр өөрийгөө өмгөөлөхийг зөвшөөрч болдог аж. АНУ-д гүтгэх, хүний нэр төрийг гутаах, алдар хүндийг нь унагаах гэдэг зүйлийг эрүүгийн хэрэгт оруулдаггүй юм байна. Харин гүтгэх, нэр төр гутаах гэдэг нь өөрөө иргэний хэрэг байдаг учраас иргэний журмаар шийддэг гэнэ. Хэрвээ иргэн хүн өөрийн нэр төрөө гутаасан, гүтгэгдсэн гэж үзвэл шүүхэд иргэний журмаар хандан нэхэмжилж болох аж. Нэгэнт иргэний хэрэг учраас буруутай этгээдийг хорьдоггүй, харин мөнгөн торгууль төлдөг байна. Энэ нь хэвлэлийг олон нийт хянах хэрэгсэл болж өгдөг гэнэ.

Сүүлийн 10 гаруй жилд Европын орнуудаас гүтгэлгийн хэргээр нэг ч сэтгүүлч хорих болон баривчлах ялаар шийтгүүлээгүй байна. Харин бид цаашид цензургүйгээр ажлаа хийж чадах болов уу?