Монголын хэвлэл мэдээлэл ба популизм

A- A A+
Монголын хэвлэл мэдээлэл ба популизм

Улс төр судлаач Ц.Мөнхцэцэг

1970-80-аад оны үед Америкийн алдартай PR-ийн мэргэжилтэн Хол Эври “Хэрэв та 60 мянган доллартай, таны IQ 110-c доошгүй бөгөөд амаа хамхиж чаддаг бол  таныг юунд ч сонгуулж чадна” гэж мэдэгдэж тухайн үедээ шуугиан тарьж байсан гэдэг. Оюун ухааны хувьд бусдаас онцгой биш, дундаж хүний IQ-н түвшин 110 орчим байдаг байна. Ингэхлээр дээрх  PR-ийн мэргэжилтэн маань мөнгөтэй л бол ямар ч этгээдийг сонгуульд ялуулж чадах нь. Яг үүнтэй адил, магадгүй үүнээс долоон дор нөхцөл байдал өнөөгийн Монголд бий болжээ. Хэрэв танд 60-70 мянган төгрөг байвал та Монголд “олны танил” болж чадна. Өөрөөр хэлбэл та энэ мөнгөөр хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулаад нэг өдрийн дотор Монголын 12 телевиз, өдөр тутмын долоон сонин болон бусад шар сониноор нэгэн зэрэг нийтэд хүрч олны танил болно. Хэрэв та хүмүүсийн сэтгэлийг сэрхийлгэсэн этгээд сонин, гаж юм ярьж чадвал телевизүүд өөр хоорондоо булаацалдан зочноор урьж хэрэгтэй хэрэггүй асуултад булхуулан та нэгмөсөн “од” болох нь тэр. Улмаар таны дараа дараачийн алхам бүр чинь сэтгүүлчдийн овоо хараанаас салахаа болж “од” байхын жаргал, зовлонг биеэр амсаж эхлэх вий.

Хэвлэлийн хүрээлэн, Монгол Ньюс мэдээллийн төв, Монголын үндэсний телевиз гэх мэт хэвлэлийн бага хурал болдог тоотой хэдэн газар бий. Тэдгээрт хэвлэлийн бага хурал хийлгэхэд үнэ ханш нь дээр дурдсанаар 60-70 мянган төгрөг байдаг. Энэхүү төлбөрийг төлчихвөл сонин, телевизүүдийг хэвлэлийн бага хуралд урих, зарлах бусад ажлыг тухайн газрууд хариуцдаг тул олны анхаарлыг татах гэсэн мань товарищт элдэв төвөг чирэгдэл гарахгүй. Тэгээд л ахмадын чөлөөт холбооны Баасан, Даяар Монголынхон гэх мэт нөхдүүд сууж байгаад ирсэн сэтгүүлчдийн амыг ангайтал өөрийгөө рекламдана. Орой нь хэд хэдэн телевизд оргил цагаар нь орж өнөөхөө ярина. Ийнхүү олныг хөөргөж, сэтгэл хөдлөлд тулгуурлан этгээд зан үйлээрээ нэр хүндээ олж авдаг дээрх маягийн нөхдүүдийг популистууд гэж нэрлэдэг билээ. Хямралын үед массын сэтгэл зүй хүчтэй удирдагч, сод хүн, стандарт бус зан үйлийг хүсэмжлэх хандлагатай болдгоос популистууд ихээхэн газар авдаг нь манай нийгэм, улс төрийн практикаас харагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань ч популистуудыг улам хөөргөдөж, нэвтрүүлэн нийтлэх юм. Популистууд ба хэвлэл мэдээллийн хэрэгслүүд харилцан бие биенийхээ оршин тогтнолыг тодорхойлж байх шиг.

2006 оны Монголын хэвлэл мэдээллийн мониторингийн судалгаанаас үзэхэд нийт сонин, телевизийн сэтгүүлчид өөрсдийн идэвхтэй сурвалжлага, ажиглалт, ярилцлага зэргээс олж авдаг мэдээлэл сонины хувьд 26 хувь, телевизийн хувьд 18 хувь байдаг байна. Харин хэвлэлийн бага хурал нь мэдээлэл олж авах хоёр дахь гол эх сурвалж нь болдог ажээ. Хэвлэлийн бага хурлаас нийт мэдээллийнхээ 14 хувийг олж авдгаараа телевизүүд тэргүүлж, 8 хувийг олж авдаг сонинууд удаалж байна. Энэхүү судалгааны нэг анхаарал татаж байгаа зүйл нь манай сонин, телевизүүд мэдээллийнхээ 60 орчим хувийг хэвлэлийн бага хурал, албан мэдэгдэл, байгууллагуудын тайлан мэдээ, мэдээллийн агентлагуудын мэдээ, гадаадын хэвлэл зэргээс бэлэн аваад тавьчихдаг явдал юм. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид маань асуудлын учир шалтгааныг хайж олох, эрэн сурвалжлахад багахан цаг зарцуулж ихэнхдээ бэлэн мэдээ олж аваад суудаг болжээ.

Судалгаанаас үзэхэд хэвлэл мэдээлэлд зар сурталчилгаа тавиулахад нэлээд өндөр өртөгтэй байдаг. Тухайлбал өдөр тутмын сонины нэг нүүрт зар сурталчилгаа тавиулахад 400-500 мянга, телевизийн нэг минутын реклам 120-180 мянга байх жишээтэй. Үндэсний олон нийтийн телевизээс бусад мэдээллийн хэрэгслүүд ашгийн төлөө ажилладаг, мөн нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 55 хувь нь өөрийн гэсэн албан байргүй, түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг, санхүү хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй тулгардаг тул мөнгө эн тэргүүний зорилт нь болж байна.

Манай популистууд олны сэтгэл зүй, хэвлэл мэдээлэлтэй тулж ажиллахдаа гаргууд юм. Угтаа бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба олон нийттэй ажиллах гэдэг нь Өрнөдөд коммуникаци ба PR хэмээх онолын болон эмпирик түвшний судалгаа өндөр хөгжсөн тусдаа хоёр шинжлэх ухаан билээ. Өрнөдийн олон нийт мэдээллийн их урсгал дундаас өөрт хэрэгтэйг ялган авах чадвартай, үнэлэмж, үнэт зүйлс нь нэгэнт тогтчихсон улсууд байдаг тул манайх шиг хэн нэгэн популист гарч ирээд хүмүүсийн санаа бодлыг эргүүлэх, төрийн бодлогод нөлөөлөх боломж багатай юм. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн бодит мэдээлэл, хараат бус  хэвлэл, мэргэжлийн ёс зүйн зарчим баримталж, үйл явдлын гүн рүү орж нэвтрүүлдэг, мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг. Харин дуулиан шуугиан хэт хөөж, үндэслэл баримтгүй зүйл, хэн нэгний захиалгат нийтлэл, нэвтрүүлэг гаргавал нэр хүндгүй болж, уншигч, үзэгчээ алдахад хүрдэг байна. Тийм учраас улстөрийн нам, иргэний хөдөлгөөн, пүүс компаниуд хэвлэл мэдээлэлтэй ажиллахдаа нарийн стратеги баримталж ажиллаж байж сая тухайн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрдэг байна. Харин Монголд хэвлэл мэдээлэл нь шинэ тутам үүссэн, сэтгүүлчид нь мэргэшээгүй, гартаа тааралдсан мэдээллийг барьж аваад нийтэлчихдэг тул олны анхаарлыг татах гэсэн дурын этгээдийн хэрэгсэл болчихоод байгаа юм. Олон нийтэд танигдахын тулд PR ба коммуникацийн шинжлэх ухааны өндөр мэдлэг, стратегийг хэрэглэх гэж зүдрэх хэрэггүй, тэртээ тэргүй мэдээллийн хомсдолд байдаг сэтгүүлчид юу ч ярьсан шүүрч аваад л цацчихдаг нь популистуудын хувьд үнэ төлбөртгүй сурталчилгаа болсоор байна.

Америкийн судлаач Ж.Харольд, Р.Бартон нар цуврал судалгаагаараа хүмүүсийн 60 хувь нь телевизээс авсан мэдээллийг үнэн бодитой гэж итгэдэг болохыг тогтоожээ. Учир нь телевизийн мэдээлэл нь визуаль ба вербаль буюу нүдээр үзэх, чихээр сонсох гэсэн мэдрэхүйн хоёр сувгаар хүнд хүрдгээрээ харилцааны бусад сувгуудаас илүүтэй итгэл үнэмшилтэй болох бөгөөд хүнд удаан хугацаанд хадгалагдан үлддэг ажээ. Тийм учраас телевиз бол мэдээллийн хамгийн нөлөө бүхий суваг гэж үзэж болно. 2006 оны Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд мэдээлэл авдаг гол эх сурвалж бол телевиз гэж хүмүүсийн 83 хувь нь хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд үүний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс 29 хувиар өдөр тутмын сонин орж байна. Гэтэл хүмүүсийн итгэн үнэмшдэг, мэдээлэл авдаг гол хэрэгслүүд нь ямархуу байна вэ?

Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн нэвтрүүлгийг Монголын үндэсний телевизээс бусад телевизээс бараг олж харахгүй. Телевизүүдийн мэдээллийн хөтөлбөр бие биенээсээ огт ялгарахгүй, хэдэн хэвлэлийн бага хурал, уулзалтын мэдээ, бизнес мэдээ зонхилно. “Шалбааган дотроос мэдээлдэг” Алтаншагай мэтийн ганц хоёр сэтгүүлчийн дуу хоолойн өнгө л телевизүүдийн нэг хэвийн мэдээллийг өөр хооронд нь ялгах юм. NTV гэх мэт зарим телевиз өөрсдөө нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэхийн оронд бусад сонин, телевизийн мэдээллийг шууд уншин дамжуулах юм. Нөгөө зохиогчийн эрх гэдэг нь хаана ч байгаа юм бүү мэд. Манай ихэнх телевиз шинэ залуу, хөл дээрээ босч чадаагүй, үзэгчдийг татсан чансаатай нэвтрүүлэг хийх сайн сэтгүүлч, мэргэжилтэн цөөтэй учраас гадаадын телевизүүдээс патентгүйгээр авсан орчуулгын нэвтрүүлэг, олон ангит киногоор ”нүүрээ тахлах ” нь элбэг болжээ. Телевизүүд маань бодитой мэдээлэл дамжуулах, төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавих гэсэн нийгмийн үүрэг болон  ашиг олох гэсэн хувийн сонирхлын хооронд  сонголт хийхэд ёс зүй болон ур чадвар дутагдаж  гол төлөв хувийн сонирхлоо түлхүүд тавьж байгаа бололтой. Нөгөө талаас арилжааны дээрх телевизүүдэд  үзэгчдийн хүсэн хүлээдэг, “бренд“ болсон нэвтрүүлэг бараг байдаггүй учраас үзэгчдэд мэдээ ба киноноос өөр сонирхох зүйл нэг өдрийн хөтөлбөрт нь бараг байхгүй байна. Ерөөс  манай телевизүүдийн хөтөлбөр бие биенээс ялгарах юмгүй рекламуудын завсар чөлөөгөөр  төрийн байгууллага, албан тушаалтны талаарх цагаан мэдээ юмуу сураг, таамгаар олж ирсэн, “баттай эх сурвалжаас “  авсан гэх тодотголтой алаг цоог мэдээ, Өрнөдийн телевизүүдээс нэрийг нь зээлдсэн Talk show хэмээх ярилцлагын нэвтрүүлгүүд, Солонгосынх зонхилсон “Савангийн дууриуд”-иас бүрдэх юм.  Бага зах зээлд шавааралдан үүссэн Монголын шинэхэн телевизүүд шинэ, сонин хачин мэдээллээр ангаж цангаж байдаг тул Баабар гуайн тодорхойлсончлон“стандарт бус” хүмүүсийг Talk show-даа урьж нэвтрүүлгийнхээ хэсэг хугацааг “эвтэйхэн”аргалчихыг хичээх аж.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөллийн уламжлалт онолын дагуу бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн оюун санаа, үнэт зүйлсийн системийг тодорхойлогч чухал хүчин зүйл юм. Тийм учраас гэгээрлийн байгууллага гэж үздэг. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон түмний санаа бодлыг хөгжил дэвшил рүү дагуулан чиглүүлж байх ёстой. Харин манайд бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгмээ хөтлөх бус дагаж яваад байх юм. Зарим нь ч бүр өнөөгийн нийгмийн хөгжлөөс хоцорч явна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ардчиллын гол тулгуур гэж үздэг ч зөвхөн тодорхой нөхцөл бүрдсэн үед л ардчиллыг дэмжигч болдог, ийм нөхцөл бүрдээгүй үед ардчилалд эргээд гай тарьдгийг дэлхийн түүх харуулдаг. Энэ тухай судлаач Шеила С.Коронел “олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь зөвхөн тааламжтай нөхцөл бүрдсэн тохиолдолд ардчиллын үйл явцад эерэг нөлөө үзүүлж чадна. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь ардчиллын эсрэг үйл ажиллагаа ч явуулж чадна. Тэд аймшиг, хүчирхийлэл ба хуваагдлыг ч мөн түгээн сурталчилж чадна” гэсэн байдаг. Монголын хэвлэлүүд үнэний дуу хоолой болохын оронд популистуудын дуу хоолой болчих гээд байх юм. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж гэх мэт олон түмний хэрэгцээн дээр тоглон эх орон, газар нутгаа гэх үзэл, эх оронч байдлыг нь өдөөх замаар өөрсдийн нэр хүндийг бэхжүүлэгч популистууд төрийн бодлогод нөлөөлөх, төрийг гартаа авахад улс орны тогтворт байдал алдагдаж, ихэнхдээ дарангуйлагч дэглэмд хүрдгийг 30-аад оны Герман, 70-аад оны Аргентин, Чили, сүүл үеийн Гүрж, Украины үйл явдлууд харуулж байна. Монгол улс маань эдгээр орны алдааг давтахгүй тойроод гараасай гэсэндээ энэхүү нийтлэлийг хүргэлээ.