Урлагийн их хур хөгжлийн локомотив мөн үү?

A- A A+
Урлагийн их хур хөгжлийн локомотив мөн үү?

            Проф.Олхонуд Д.Баярхүү

“Коммунизмыг ерөөл, тарни, уриа лоозонгоор бүтээж болохгүй. Коммунизмыг хөдөлмөр, хөдөлмөр, гагцхүү сая сая хүмүүсийн хөдөлмөрөөр л байгуулж болно” хэмээн Никита Хрущев нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ лут үг яг өнөөдрийн Монголд яг голд ортол, яг нүднээ буутал мэдрэгдэх шиг.

Алив улс оронд нийгмийн хөгжлийн тэргүүлэгч, дагалдагч сал¬бар гэж байдаг нь жам юм. Тэргүүлэгч гэдэг нь чирэгч, локомо¬тив  нь. Энд  зөвхөн  экспорт, банк, бизнес, капиталын хуримт¬лал, тэдгээрийг ажиллуулагч хүмүүний хөдөлмөр чармайлт, бизнесийн орчныг хэлдэг. Дагалдагч салбар гэдэгт урлаг, спорт, уран сайхан, зугаа цэнгэл нь орно. Эхнийх нь аль ч улсад байх шаардлагатай бол хоёр дахь нэг хэсэгтээ байхгүй байж болно. “Зүүн Азийн хөгжлийн загвар” гэж чухам энгийнээр бол энэ л дээ.

Баруунд үлэмж  яригддаг бас нэг онол байна. Мөхөж яваа иргэншил дуу хуур, урлаг уран сайхандаа живдэг, эрт эдүгээгийн үүх түүхээрээ хэт бахархдаг гэх. Манайхны төдийлөн мэддэггүй тэр онолоор бол өнөөгийн Монгол яалт ч үгүй уруудах зам руугаа ороо юу гэлтэй. Барагдашгүй энэ их дуу хуур, хошин урлаг, үндэсний спорт, цэнгүүн шоу, мянга мянган фэн гэгчийн  цаана үгээгүй ядуурал (хүн амын 36 хувь), нийгмийн доройтол, золбин тэнэмэл амьдрал, гэмт хэргийн ертөнц амь бөхтэйгээр оршиж, хүрээгээ тэлсээр. Хэрэв урлаг уран сайхан нь цэцэглэж л байвал цаанаа “но”-той гэж иргэншлийн тэр онолд заадаг аж.  

Саяхны түүх дээ. 1997 оны намар, Малайзийн Ерөнхий сайд М.Махатир Монголд айлчилж, дуурийн театрт хүндэтгэлийн концерт үзэж байв аа. Тэрээр Хунт нуур, Шелькунчиг, Чайковскийн тухай анхны ойл¬голтыг тэр үед л авч, насандаа үзэж сонсоогүй юмаа үзэж байгаа нь тэр байв гэнэ.  Нутагт нь ч байдаггүй юм байх. Дуу¬рийн дуучин, хийлчин, төгөлдөр хуурч, балетчин очоод үзээд өгье гэхнээ Малайзид байдаггүй, Сингапурт ч мөн  ялгаагүй. Сингапур дуурь бүжгийн эрдмийн театраа 2002 онд дөнгөж байгуул¬сан ба одоо хүмүүсээ бэлтгэж байна. Сингапурын хөгжлийн архитекторч Ли Куан Ю дуртгал номдоо, одоо яг бид суралцууштай дараахи сургамжийг бичжээ. 1965-1990 онд Ерөнхий сайд асан тэрээр олон улсын аливаа хурал чуулганд явах¬¬даа зөвхөн туслахтайгаа хоёулхнаа онгоц дамжин олон улсын ердийн нислэгээр, харин зэргэлдээх Бангладешийн төрийн тэр¬гүүн гэх нэг эрхэм “Боинг жамбо” хөлөглөн 300 бараа бологчоо дагуу¬лан их л сүртэй зэрэгцэн очдог байж. Бангладешийн Ерөнхийлөг¬чийн хөлөглөж яваа онгоцны сүрлэг сайхныг хэлж барах юм биш. Бангладеш нь эдүгээ хүртэл сэхэж чаддаггүй, дэлхийн хамгийн том гуйлгын тулам, дэлхийн эдийн засгийг үнэлэх бүх үзүүлэл¬тээр 200 улсын дотор сүүлийн 5 дотор баттай зогсож байна.

“Зүүн Азийн загвар” гэгч нь Монголын хөгжилд чухам тохирох тухай ярьдаг хүмүүст би зориулж бичиж байна л даа. Гуч дөчин жилийн цөхрөлтгүй хөдөлмөрөөрөө баялаг хангалуун амьдралыг Сингапурт бүтээчихээд одоо дөнгөж урлагаа хөгжүүлж эхэлж бай¬гаа юм байна.   Тэгэхдээ сингапурчууд хөмөрсөн тогоон доторхи шиг харанхуйчууд биш л дээ. Урлаг уран сайхны мэдрэмж нь монголчуудаас тасархай хоцорсон байх, мэдээлэл зүй, техноло¬ги, бизнес, хэтэвчин дэх мөнгөөрөө бол тэд олон арван жилээр асар хол түрүүлсэн. Зарим баримтуудаас нь эшлэе. Дэлхийн хамгийн их өрсөлдөх чадвартай эдийн засагтай гэж Сингапурыг  Олон улсын хөгжлийн менежментийн хүрээлэн (Швейцарь) үнэлж ирсэн (тэгвэл дэлхий дахины өрсөлдөх чадварын зэрэглэлд Монгол Улс 92 дугаарт яваа). Эдийн засгийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтээр Хонконгийн дараа хоёрт, үйлдвэрлэлд компьютер робот хэрэглэх үзүүлэлтээр Японы дараа хоёрт, далайд нефть олборлох цооног үйлдвэрлэлээр АНУ-ын дараа хоёрт, нефть дахин нэрэх техно¬логиор АНУ, Нидерландын дараа гуравт, тэнгисийн боомтын үйлчил¬гээгээр Хонконгийн дараа хоёрт, хөрөнгийн бирж нь Лондон, Нью Йорк, Токиогийн дараа дөрөвт, банкны үйлчилгээгээр Лондон, Нью Йоркийн дараа гуравт гэхчлэн жирийлгээд өгнө дөө. Байгалийн баялаг байтугай цэвэр усны нөөц байхгүй, даанч давчуу жижиг нутагт гуравхан сая хүн ийм баялгийг яаж бүтээв ээ.

Гэтэл Монголд эсрэгээр эргэчихсэн. Нүүдлийн соёлоос угшилтай утга урлаг, уянгын сэтгэлгээ нь Монголыг чухамдаа дууч¬дын орон болгосон ба дээр нь бөхийн өлгий нутаг гэх мэт цаасан мал¬гай өмсгөж бас болно. 2.5 сая хүн амын бүтцийг задалж үзвээс ихээхэн гайхалтай тоо гарна. Жишээ нь бичиг үсэг бараг тайлаг¬даагүй хэрнээ 70-80 дуу цээжилчихсэн дуулж яваа хүн дэндүү олон, чухам л аль чихээрээ оруулаад гаргадаг юм, тархи толгой¬ных нь хаана зай эзэлж багтдаг юм гэмээр их дуу, дуучин, хамтлаг, хөгжмийн зохиолч, хошин урлаг, шоу клип, яруу найраг, яруу най¬рагч, эдний ирээдүй үе. Бөх, бөхийн тайлбарч, бөх сонирхогч, засуулч, уяач, шагайн харваа гээд спортын талаас нь бичвэл ёстой дэлхийг гайхуулах нүсэр тоо гарах байх.
 
Нийгмээ чирж гулдарч явах хэсэг нь Монголд ялихгүй өчүүхэн, тиймдээ ч ядуурал гээч гамшгаас лав 10 жилдээ гарахгүй. Урлаг спорт цэцэглээд цэцэглээд нийгмээрээ баяжсан нь үгүй, хэдхэн цөөн тооны дуучин,  бөхийн  амьжиргаа илтэд сайжраад л, үзэн баясагчид нь хавтгайдаа ядуу, мөнгөгүй хорвоог туулж байна. Эдийн засгийн олон индексээр Бангладешийн өмнөхөн явааг сануулчихъя. Гэхдээ тэд 130 саяулаа, бид 2.5 саяхан гээд харьцуулчих.

Социализмын жилүүдэд хөөтэй тас хар Монголыг ертөнцийн гэрэл гэгээнд гаргаж ирж золгуулсныг үгүйсгэх гэсэн юм биш. Тэгэхдээ дуу хууртай ядуу гуйранч байсан нь дээр үү, дуу хуургүй лус шиг баян байсан нь дээр үү гэдгийг эрүүл ухаанаар ялгаж салгая. Ядуу хэрнээ нүдээ гартал гоёдог, хамаг өнгөтэй өөдтэйгээ гайхуулж явдаг нь бас орос ах эгч нараасаа сурсан бидний эрдэм. Европын дэлгүүрүүдэд орос, монголчуудад үйлчлэх нэн дуртай, учир нь тэд ядуугаа мэдэхгүй чамин юманд нүдээ унагадаг.

Эдүгээ Монголын олон ТВ-үүдийн нэвтрүүлгийг ажих аваас нийтлэг зүйл нэг л байна. Ихэнх цагаа америкийн адал явдалт элдэв кинонд зориулж байгааг дэлхий нийтийн нийтлэг үзэгдэл гээд гоочлохоо болилоо гэхэд нэвтрүүлгийн үлдэх цаг нь бараг тэр чигээрээ концерт, караокэ, шүтээн,  зугаа цэнгүүн, тайлан тоглолтоор дүүрч, үзэгдчээ уйдаахгүй талаасаа бол дээд үнэлгээ авахаар, мэдээлэл технологи даяаршлын, их өрсөлдөөний эрин үед бол дуу клип, хошин урлаг, спортоор ард түмнээ заавал тэгж залхаах хэрэг байна уу даа гэж харуусмаар. Бүх ард түмнээрээ тэгтлээ цангаж үхэж байсан мэт урлаг уран сайхан руу нийтээрээ хошуурах энэ парадоксыг зогсоож хүчрэх ид шид хаа байна вэ?

Урлагаас хүртэх хүмүүж¬лийн асар их үүрэг энэ тэр гээд зөвтгөх тайлбар   зөндөө. Энэ их дуу хуур, урлаг уран сайхан нь олон хүнд зөв замыг нь зааж өгсөн байх, буруу замаар будаа тээлгэсэн гэж арай хэлэх гээгүй,  гэвч хичнээн хүнийг баяжуулсан, гол нь улсын сан хөмрөгт хичнээн хэмжээний хатуу валют оруулсан, экспортод хэр нөлөөлсөн гэвэл хариулах хүн гарахгүй байх шүү. Гадаадаар явж тоглосон хэмээн өөрийгөө ба фэнүүдээ хуурч мэхлээд л, сайндаа л монголчууд нь гэр орноо санасандаа тоглолтыг нь үзэж зовлонгоо мартдаг шүү дээ.

Урлаг дуу хуур хэт их хөгжсөнөөс шалтгаалан өөдөлсөн улс гүрэн дэлхийд нэг ч байхгүй, энэ бол хөгжлийн түлхүүр биш гэдэг нь нэгэнтээ батлагдсан. Ардчиллын буянаар зад тавьсан энэ их дуу хуур, концерт шоу монголчуудын генид дэвшил авчирсангүй, гэмт хэргийн өсөлт гэрлийн хурдаар, ядуурал золбин тэнэмэл амьдрал, ажилгүйдэл архидалт, эрүүл мэндийн доройтол, тэр болгоныг энд бүгдийг бичилтэй биш. Монголын урлагийн энэ их хур бол хийж бүтээх, сэтгэхийг сарниулж, амьдралынх нь доройтолд дасгаж байгааг нь харуусавч баршгүй. Зугаа цэнгэл, дуу хөгжим хөөж явагсад дэлхийн боловсролоос хөөгдөх нь энүүхэнд, өөрсдийгөө таних чадвар мэдрэмжгүй болж хоцрох нь бүр аюул. Урлагийн хэт мэдрэмж нь монголчуудыг мангууруулж, хийсэн хэлсэн хоёроо ч ялгахаа больж байна. Хийхийн тулд хуралдаж, семинардаж, ярьж, түүнээсээ таашаал авдаг нь нөгөө уран сайхны сэтгэлгээнийх нь цар байж байгаа нь тэр.

Энэ бүхэн эдийн засгийн нөгөөх чирэгч локомотивгүй болсны гай түйтгэр юмаа. Экспорт гэснийх, энэ их дуучид хамтлагууд Улаанбаатартаа ингэж их хөөрцөглөж байхын оронд дуугаа англиар тууриваад дэлхийд танигдвал арай өөр хэрэг л дээ. Тэр бол шал өмнөө ойлголт юм. 

Одоо ингээд нийтийн дуугаа хөгжүүлээд л, дуу дуучдаа зуу зуугаар нь төрүүлсээр байх уу? Хор холбогдол нь мөдхөн 10-аадхан жилийн дараа гарах гэж байна. Урлаг спортын ямар ч мэдрэмжгүй, гоо сайхан гэж огт байхгүй, уянгын халилгүй хятад, солонгос, зүүн өмнөд азийн навшгар хамартангууд “Зүүн Азийн хамтын нийгэмлэг” нэрээр манийгаа хаяад талийж өгөх нь байна. Тэд “Зүүн Азийн хамтын нийгэмлэг”-т элсэх шалгуур нь АСЕАН-ы шалгуур байх болно гээд хатуу зааг тогтоож,  чадахгүй бол хохь чинь гэх нь байна. Нөгөө Малайзийн Махатир, Сингапурын Ли Куан Ю нарын, эсвэл Тайландын генералуудын хөгжлийн загвараар хөгж гэж шууд тулгаж байна. Дуу хуурандаа умбаж наргисан Монголыг тэд тоохоо болих нь. Бидэнд олдож буй энэ боломжит үед хөгжлийн локомотивоо 180 градус  эргүүлбэл яасан юм бэ?

Эцэст нь гашуун үг унагахад, XXI зууны ширүүн өрсөлдөөнд өрсөлдөн тэсч үлдэх эдийн засгаа манайхан Хрущевын анхааруулсанчлан ерөөл, тарни, уриа лоозонгоор бүтээх гэж хөгөө чирч яваа юм биш биз дээ.