Д.Ганхуяг
(Судлаач, доктор)
Монголчууд бие биеэсээ дэлхийн аль ч улс үндэстнээс хавьгүй илүү хамаардаг, харилцан шүтэлцээ ихтэй хүмүүс. Нэг үгээр хэлэхэд бид бүгдээрээ ахан дүүс юм. Энэ бодит баримт, бодит онцлогийг хайхрахгүйгээр нийгмийн өөрчлөлтийн ямар ч сайхан төлөвлөгөө хэрэгжихгүй. Дээр дурдсан өвөрмөц байдал нь гадаадын ямар ч онол сургаал, туршлагад нийцэхгүй юм. Энэ бол гайхамшигт сонин үзэгдэл бөгөөд манай нийгмийн амьдралын зовлон чухам үүнд л байгаа юм.
Монголын нийгмийн харилцааны субъектууд бие биедээ маш ойрхон /газар зүйн утга энд хамаарахгүй/, хүмүүсийн харилцаа садан төрөл, нутаг ус, танил талын холбоонд илүүтэй түшиглэсэн байдаг онцлогтой. Нэг үгээр хэлбэл Монгол бол танил тал, хамаатан садангийн орон мөн. Энэ нь онолын хэллэгээр бол Монголын нийгмийн харилцамжийн макро ба микро түвшний хүрээ хэт ойрхон, машид холилдсон гэсэн үг юм. Монгол хүмүүсийн харьцамжийг 4 бүлэг болгон авч үзэж болох юм.
Төрөл садны харьцамж. Нийгмийн бичил бүлэг гэж нэрлэдэг гэр бүл, түүний гишүүдийн ураг төрлийн холбоо харилцаа манай нийгэмд ихээхэн нөлөөтэй. 1950-70 оны хүн амын хэт өсөлтийн үед нэг гэр бүлд дунджаар 4 орчим хүүхэд ногдож байжээ. Өөрөөр хэлбэл одоогийн нэг хүн дунджаар 4 төрсөн ах дүүтэй байна гэсэн үг. Гэр бүл болсны дараа энэ тоо эхнэр буюу нөхрийн ах дүүстэй нийлээд хоёр дахин олон болно. Үүний дээр гэр бүлийн “цэвэр” гишүүдээс гадна ойрын болон холын төрлийнхөн энэхүү шууд харьцамжид орох нь цөөнгүй. Үр удам өнөр олон бол мах, цусан төрлийн хамаатан садны томоохон бүл 300-400 хүнтэй байх ч тохиолдол бий. Ийм хоёр том бүл хэрэв нийлэх юм бол улс төрийн нам ч /хуулиар 801 хүн/ байгуулах бололцоотой. Энэ ч мэдээжийн хэрэг хэтрүүлэг л дээ.
Хамаатан садны шууд харьцамжийн энэ өвөрмөц сүлжээ нь түүхч Ба.Болдын хэлсэн “Одоо ч Монголд овгийн байгууллын үлдэгдэл бий” гэдгийг нотлох мэт санагдана. Өөрөөр хэлбэл монголчууд “хамаархах” тун дуртай хүмүүс. Үүнийг “муухай” хоцрогдол гэж адлах, “сайхан” уламжлал гэж сайрхахын аль ч нэг их чухал бус. Гагцхүү бодит үзэгдэл гэдэг үүднээс бодлоготой хандах нь зүйтэй юм. Гэр бүлийн харилцааны энэ хэлбэр нь нийгмийн бусад хүрээнд, тухайлбал улс төр, эдийн засгийн салбарт нөлөөлөх боломж ихтэй байна.
Сургуулийн буюу нэг ангийнхны харьцамж. Монголын уламжлалт шавь сургалтын систем Богд хаант Монгол улсын үеэс эхлэн алдарч, боловсролын европ тогтолцоо нэвтэрсэн нь манай нийгмийн амьдралд цоо шинэ үзэгдэл болсон юм.
1950-1960-аад оноос дотоодын сургууль боловсролын нэгдмэл сүлжээ бүрэн бүрэлдсэн нь нийгмийн уламжлалт харилцааг маш өөр хандлагатай болгов. Энэ бүхний гол зүйл “нэг тогооны” сэтгэл зүйг бүрдүүлдэг дотуур байр буюу бөөгнөрүүлэн сургаж хүмүүжүүлэх явдал байв. Мөн нэг үзэл суртал маш их нөлөөлжээ. 8-10 жил нийтийн байранд амьдарч, нэг ангид хичээллэж, нэг тогооноос хоол идэж, нэг хэв маягаар амьдрах шиг хүнийг ижилсгэн ойртуулдаг, төстэй сэтгэдэг, ойролцоо хэв маягаар амьдардаг болгодог. Ийм маягаар 18 нас хүрэхэд хүүхдүүд хуурай ах дүү, насан туршийн андууд болон хувирдаг. Дараа нь тусгай дунд болон дээд сургуульд суралцаж, ажил дээр гарлаа ч гэсэн энэхүү хамтач сэтгэхүй тэр хүнд нэвт шингэсэн байдаг. Сургууль төгсч, ажил амьдралд орсон хойно нэг ангийнхнаас цөөн тооны дотнын найзууд байнгын харьцамжаа авч үлддэг. Харин үлдсэн хэсэг нь байнгын харьцаанд орохгүй ч гэсэн шаардлага гарвал бие биедээ туслах дэмжихэд ямагт бэлэн байдаг. Гэхдээ Улаанбаатар зэрэг том хотуудад эл шууд хамаарал харьцангуй сул байгаа байдал ажиглалтаас харагддаг. Манай дээд зиндааныхны дотор аспирант үеийн нөхөрлөл гэж нэг өвөрмөц сонин харилцаа бас байдаг.
Мэргэжлийн буюу албан ажлын харьцамж. Олон жил хамт, тэр тусмаа нэг мэргэжлээр ажиллах нь хүмүүсийг маш ойртуулдаг. Үүний дээр үзэл суртлын хувьд хамтач чанарыг бараг яс махандаа шингээж, социализмын үеийн өрсөлдөөнгүй байдалд нийтээрээ байсныг бодолцвол энэхүү харилцаа нь онцгой байр эзэлнэ. Хамгийн ойрын нэг жишээ хэлэхэд, Гадаад яамныхныг бие биеэ дээш нь татлаа, “цус ойртлоо” гэж ихэд шүүмжилдэг. Гэтэл сүүлийн олон арван жил Монголын дипломатуудын гол отрядыг ЗХУ-ын Дипломатын академи, Олон улсын харилцааны дээд сургууль гэсэн хоёрхон сургуульд бэлтгэсэн юм. Ийм тохиолдолд Х юмуу Ү гадаад харилцааны сайд боллоо гэхэд дээрх үндсэн отрядыг түшиглэхээс өөр замгүй нь ойлгомжтой. Манай нийгмийн гол гол салбарууд бүгд л ийм бөгөөд салбарын дээд удирдлагад мэргэжил-найз нөхдийн холбоо бодитойгоор оршдог.
Нутаг усны холбоо. Хар багаасаа хөдөө газар мал маллаж өссөн Монгол хүнд нутгийнхнаа гэх үзэл амь бөхтэй байдаг. Хөдөөгийнхөн нь сургууль, соёл, эмнэлэг хөөцөлдөх, хотынхон нь өвлийн идэш бэлтгэх, нутагтаа амрах зэрэг шалтгаанаар бодитой байсан холбоон дээр бизнес шинжтэй шинэ шинэ харилцаа үүсч байна. Нутгийн бөх давахад баярладаггүй, нутгаа санаад уярдаггүй Монгол хүн байдаггүй учраас энэ харилцаа холбоо бас нэг онцлог болон үлдэнэ байх. Сүүлийн үед нутгийн зөвлөл хэмээх албан бус шинэ хэлбэр үүсч үүнийг улам бататгав.
Дээр дурдсан төрөл садны, нэг ангийн, албан ажлын, нутаг усны харилцаа холбоо үйлчлэл нь дан дангаараа биш, харин хамтдаа маш өвөрмөц байдлаар сүлжилдэн нэг талаас нийгэмд /төрд/, нөгөө талаас хувь хүн, гэр бүлд маш хүчтэй нөлөө үзүүлдэг.
Монгол хүн ажил явдлаа хэрхэн амжуулдаг вэ?
Монгол хүнд ямар нэг ажил бүтээх шаардлага гарахад түүний толгойд уг ажлыг хариуцсан институт, түүнтэй холбоотой хууль дүрэм ямар билээ гэдгийг сонирхох бодол барагтай бол орж ирэхгүй.Түүний толгойд уг ажлыг хэрэгжүүлж чадах албан тушаалтан, нөлөө бүхий хүнийг олох гэсэн эрмэлзэл эхлээд орно. Энэ “чухал” хүнийг тэр эхлээд хамаатан садан, найз нөхдийнхөө хүрээнээс хайх нь хууль. Энэ ч маш амархан, уг хүн албан тушаал дээгүүр бол бүр ч хялбар болно. Нэг нутгийнхны, эсвэл нэг ангийнхны, хамаатан садны хэн нэг нь эмч, шүүгч, худалдагч, жолооч, дарга, няравын аль нэг байх нь магадлалын онолоор бараг тавин хувьтай тэнцэнэ. Заримдаа ажил бүтээх субъект нь “өөрийн” хүрээнээс олдохгүй тохиолдол гарна. Энэ үед тэр хүн мөн л өөрийн хүрээнийхнээс тийм газрын тийм хүнээр тийм юм бүтээлгэх гэж буй зорилгоо хэлж, тэднээр дамжуулан “өөр” хүрээнийхнээс таних хүн хайгуулдана.
Тийм хүн олох магадлал энэхүү хоёрдугаар хайлтын дүнд 60-70 хувьд хүрнэ. Бүүр болохгүй бол гуравдугаар тойргийн хайгуул эхэлнэ. Энэ тохиолдолд ажил хэрэг бүтэх магадлал бараг л 90-100 хувьд дөхөж очно. Ийнхүү Монгол хүн шууд яваад бүтээж болох зүйлийг улам “хүндрүүлж” танил талаараа бүтээхийг эрмэлзэх төрөлхийн шахам шинж чанартай болжээ.
Хуучин нийгмийн үед “хээл хахууль”, социализмын үед “арын хаалга”, одоо үед “авилгал” гэж нэрлэж буй тэр зүйлүүд маань нийгмийн харилцааны бодитой шинж чанараараа нийгмээсээ гарсан үндэс нэгтэй үзэгдэл мөн. Хэрэв тодорхой утгаар авч үзвэл манайд авилгал байна, байх байхдаа алга дээр байгаа юм шиг ил тод байна. Яагаад гэвэл тодорхой үйлдлийг нь мэдэхгүй байлаа ч гэсэн дээр дурдсан “өвөрмөц” холбоо харилцааг ултай ажиглахад бүх юм тодорхой болно.
Монголын нийгмийн системийн энэхүү онцлогийг бид алхам тутамдаа харгалзаж явах нь чухал, бас бид энэ онцлогоо ухаарвал бүр ч чухал. Үүнийг бид л өөрснөө ухаарахгүй юм бол гадаадынхан ойлгох нь юу л бол. Бидний авч үзэж буй Монголчуудын харилцан үйлдлийн тогтолцоо, түүний боломж нь угаасаа тийм муу зүйл үү гэвэл бас ч тийм биш. Энэ нь маш олон, бидний санаж байгаагаас ч илүү олон давуу талтай. Асуудлын энэ талыг зориудаар хөндөлгүй орхисноо уншигчдад сонордуулъя.