ННФ-ын бодлогын судлаач Ч.Тамир
1992 оны Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэсэн нь иргэний нийгэм гэж ямар нийгмийг хэлэх тэр нь социализм, коммунизмаас юугаараа ялгагдах, ер нь бидний хүрэх нийгэм мөн эсэх талаар мэтгэлцээн өрнүүлжээ. Уг заалтыг К.Зардыхан томьёолж батлуулсан гэлцдэг бөгөөд АИХ-ын депутатууд эргэлзэж байсан нь Монголчууд иргэн гэж хятад хүнийг ойлгодог түүхэн уламжлалтай холбоотой. Ф.Фукияма Үндсэн соёл (1995) хэмээх өгүүлэлдээ ардчиллын хөгжлийн түвшингээс хамааран нийтлэг орших дөрвөн шат байгааг тэмдэглээд эхнийх нь үзэл суртлын төвшинд ардчилсан институт буюу ардчиллын зөв буруугийн тухай норматив итгэл үнэмшил бүрэлдэн бий болох үе, удаахьд нь институтийн төвшинд ардчилсан үндсэн хууль, хуулийн систем, намын тогтолцоо, зах зээлийн бүтэц бүрэлддэг аж. Харин гурав дахь буюу иргэний нийгмийн төвшинд ардчилсан улстөрийн институт, төрөөс тусдаа иргэний нийгмийн бүтэц бүрэлдэж эрх мэдэл, бодлого боловсруулах үйл явцад нөлөөлөх чадвартай болдог. Сүүлчийн шатанд гэр бүлийн бүтэц, шашин, үнэт зүйл, ёс суртахуун зэрэг соёлын бүхий л шатанд ардчилал нэвчин орж бэхэждэг ажээ. Аргазүйн шинжтэй эл ангиллаас үзвэл манай орны хувьд дөнгөж хоёр дахь шатандаа явж байгаа болов уу. Тиймээс цаашид ардчиллыг бэхжүүлэх ерөнхий зорилгын хүрээнд иргэний нийгмийн төлөвшлийн асуудал ихээхэн чухлаар тавигдаж байна.
Иргэний нийгэм нь өөрөө олон бүрэлдэхүүн хэсэгтэй. Энэ дундаас төрийн бус байгууллагын гүйцэтгэх үүрэг маш чухал. 2005 оны эцэс гэхэд бүртгэлтэй ТББ-ын тоо 5200-гаас хол давжээ. Өөрөөр хэлбэл өдөрт нэгээс илүү, жилд дунджаар 560 байгууллага үүсч байжээ. Тэдний 80 гаруй хувь нь нийгэмд үйлчилдэг, 20 гаруй хувь нь гишүүддээ үйлчилдэг. Хэрвээ дан тоогоор дүгнэлт хийж болдог бол эдгээр олон байгууллага нь иргэний нийгмийн бүтэц, араг яс болсон байх учиртай. Гэвч судалгаанаас үзэхэд эдгээр байгууллагын 20 гаруй хувь нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнийг ТББ-ууд үүсээд удаагүй, ихэнхидээ гадны доноруудын санхүүжилтээр амьдардаг (60 орчим хувь нь гаднаас санхүүжилт авдаг), хамтарч ажиллах туршлагагүй, байгууллагын чадавхи бүрэлдээгүй, удирдагчаас нь шууд шалтгаалдаг зэрэгтэй холбон тайлбарлаж болно. Дээр нь шинээр мэндлээд байгаа Иргэний хөдөлгөөнүүдийг нэмэх хэрэгтэй.
Уг нь шинэ Засгийн газар бүрийн мөрийн хөтөлбөрт ТББ-ийг дэмжинэ, хамтарч ажиллана гэсэн заалт ёс шиг бий, гэвч энэ нь бодит байдал дээр төдийлөн хэрэгжиж чаддаггүй. Ялангуяа хөдөө орон нутагт эсрэгээрээ төрийн байгууллага нь төрийн бус байгууллагаа дарамтлах, гадуурхах явдал үргэлж тохиолдоно. Мөн ТББ гэсэн нэрээр бизнес хийх гэсэн хүмүүс ч бий. Ийм л ерөнхий дүр зураг тодорч байна. Гэхдээ манай ТББ-гийнхан л хүний эрхэнд үргэлж халддаг төрийн институтийн эсрэг үгээ хэлж, нийгэмд бугшмал байгаа ядуурал, ажилгүйдлийн эсрэг шийдэмгий тэмцэж, нийгмийг чөдөрлөж байгаа авилгал, шударга бус үйлдэлтэй эвлэрээгүй, иргэдийн нүд чих, гар хөл, дуу хоолой болсоор ирсэн. Тийм ч учраас ТББ гэдэг бол иргэдийг төрийн хууль бус үйл ажиллагаанаас сэрэмжлүүлдэг, төрийг хянадаг иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагын байгууллага мөн. ТББ хүчтэй бол иргэн хүчтэй байдаг. Өнөөдөр тодорхой утгаараа намууд улстөрийн системд өөрийн үүргийг гүйцэтгэх чадавхиа алдаж эхэллээ. Тиймээс иргэдийн санаачилгаар ТББ үүсэх явдал улам ихэссээр байна.
Гэтэл төр ТББ-ын үйл ажиллагааг хязгаарласан татварын бодлого явуулж эхэллээ. Энэ нь ТББ-ыг аж ахуйн нэгжтэй ижил татварын обьект болгосноор илэрнэ. ТББ бол ашгийн төлөө бизнесийн байгууллага биш мөртлөө яагаад адилхан татвар төлөх ёстой гэж? Тэгвэл намууд ч гэсэн татвар төлөх ёстой юм биш үү? Гэтэл ТББ намуудтай ижил төрөөс татаас авдаг билүү? Татварынхны сэжиглэж байгаагаар зарим нэг хүн ТББ-аар дамжуулж татварыг нуун дарагдуулдаг гэнэ. Ингэж өөрийнхөө ажилтай холбоотой шалтгаанаар иргэний нийгмийн системийг бүхэлд нь татвараар боомилж болох уу?
Өдгөө хэлэлцэж байгаа татварын хуулиар нийгэмд үйлчилдэг ТББ-ийн үйл ажиллагааны зарим нэг хэлбэрийг л татвараас хөнгөлнө, харин гишүүддээ үйлчилдэг ТББ нь ашгийн төлөө ажилладаг аж ахуйн нэгжтэй бараг ижилхэн татвар төлдөг болж эхлэх гэнэ. Гадны орны туршлагаас харахад ТББ-ыг тавьсан зорилго, түүндээ чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхээр зааглаж бүхэлд нь татвараар дарамт учруулахгүй байхыг хичээдэг. 2001 оны хуулийн өөрчлөлтийн дагуу 2002 оны дүнгээр татварын албанд 1549 ТББ бүртгэгдсэн нь тухайн үед бүртгэлтэй байгууллагуудын тал орчим хувь нь болно. Эдгээрийн 126 байгууллага нь жилд аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тайланг тушааж 11.2 сая төгрөгийг, татварийн албанд бүртгэлгүй ТББ-аас 26 байгууллага 2,4 сая төгрөгийн татвар төлжээ. Үүнээс харахад ТББ-уудын төлж байгаа орлогын албан татвар нь улсын татварын бүрдэлтэд мэдэгдэхүйц байж чадахгүй ч дөнгөж төлөвшиж буй эл байгууллагуудад ихээхэн дарамт болсон эргэлзээгүй.
Тиймээс өдгөөг хүртэл ТББ гэсэн ерөнхий хүрээнд багтаж явж ирсэн олон арван субьект, байгууллагуудын үйл ажиллагааг ялгаа заагтайгаар зохицуулахыг эрмэлзэхгүйгээр бараг бүхэлд нь татварын обьект болгосон нь дөнгөж төлөвшиж байгаа ТББ-ын хөгжилд ихээхэн саад бэрхшээл болох юм. Нөгөө талаас иргэд ТББ-аар дамжин төрийг хянах бодит боломжийг үгүй болгож төрийн байгууллагын дарамтад орох нөхцлийг бүрдүүлнэ. Гадны туршлагаас харахад иргэний байгууллагад татварыг өндөр тогтоох нь хүчтэй иргэний байгууллагатай байх нийгмийн ашиг сонирхлыг боогдуулна гэж үздэг.
Бид бусад орны жишгийн дагуу хөгжих учраас ТББ-ын хуулийг боловсронгүй болгоход хүлэмжний нөхцөл шаардсан онцлогийг харгалзан үзэхийн зэрэгцээ, нэр томьёоноос эхлээд ангилал, бүртгэлийн систем, санхүүжилтын механизм, цаашилбал татан буугдах харилцааг нарийн зохицуулах шаардлагатай. Хамгийн чухал нь уг хууль ТББ-ыг хязгаарлах хорих бус дэмжсэн байх учиртай. Тиймээс төрөөс иргэний нийгмийн цөм болсон ТББ-ын үйл ажиллагааг бодлогоор дэмжих шаардлагатай, үүнийг бусад улс оронд олон хэлбэрээр хэрэгжүүлдэг. Тухайлбал Унгар ТББ-ын аж ахуйн үйл ажиллагааны орлогыг тодорхой квот тавьж татвараас чөлөөлдөг, Румын гм. Мөн ТББ-ууд нэг хувийн татварын санхүүжилтын хувилбарыг дэвшүүлээд байгаа.
Эцэст нь тэмдэглэхэд хөгжлийн төлөөх ТББ, хөдөлгөөн, иргэн, Засгийн газрын түншлэлийг хөхүүлэн дэмжих бодлогогүйгээр Үндсэн хуульд алсын хараа болох иргэний нийгмийн суурийг бүрэлдүүлж чадахгүй. Энэ нь ТББ-ийг бэхжүүлж, чадваржуулснаар төрд хяналт тавих, иргэдийн ашиг сонирхлыг төлөөлөх, төрийн гүйцэтгэжчадахгүй иргэний нийгмийн үүргээ гүйцэтгэхэд саад тотгор болно.