ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА МОНГОЛ

A- A A+
ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА МОНГОЛ

Д.Гантуяа(Улс төр судлаач, сэтгүүлч)

       Уур амьсгалын өөрчлөлт гэх асуудал ноцтой юм бол даяаршлын эрин үеийн тулгуур асуудал яах аргагүй мөн байлтай. Хоёр их гүрэн хойш суухыг бодоход, уур амьсгал үнэхээр өөрчлөгдөж байгаа эсэхэд эргэлзээ төрж НҮБ-ын далбаан дор ажилладаг 2000 эрдэмтний үгийг үнэн гэхэд хэцүү болмоор болж байна.
       
Аль ч асуудлыг шийдэхэд эхний ээлжинд үндэсний ашиг сонирхол гэж нэг зүйл тавигддаг юм байна. Гэтэл монголчууд бид асуудал гарангуут даяаршуулж орхидог, тэгээд түүнийгээ уур амьсгалын өөрчлөлт гэж мэдэн будилдаг “дэлхийн хэмжээний” сэтгэдэг болжээ. Харин дэлхийн хэмжээний улсуудын хувьд дэлхийн цаг агаар, уур амьсгал бол тэдний үндэсний ашиг сонирхлын асуудал байдаг байна.

Томсгож харах

1. Онги гол, уур амьсгалын тухай

Онги гол нь Өвөрхангай аймгийн Уянга сумаас эх аван говийн есөн сумын нутгаар дайрч урссаар Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт одоо байхгүй болсон Улаан нуурт цутгадаг говийн алдартай, буянтай, “эх оронч” гол юм. Уг гол тасарсаар сүүлийн жилүүдэд нууртаа хүрч чадахаа больсны уршиг их болжээ. Ийнхүү гол шүтэн амьдардаг есөн сумдын удирдлага санаачлан “Онги гол” хөдөлгөөн төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах хурлыг товолж уг хуралд миний бие бусад нилээд хэдэн байгууллагын хамт 2001 оны есдүгээр сард ажиглаж оролцсон түүхтэй. Хуралд уг сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Засаг дарга нар, Онги голын эхэнд алт угаадаг компанийхан оролцсон бөгөөд хурлыг сайн зохион байгуулж зорилгодоо хүрсэн. Тэр үед Онги гол юунаас болж тасарч ус нь багассан талаар уг хуралд оролцогч бүрээс гурван санал авч хамгийн гол нөлөөллийг тогтоосон “ажиллагаа” одоо болтол санаанаас гардаггүй юм. Моторт машин, сэнснээс болсон, хүн чанар муудсан гэх зэрэг “оригиналь” хувилбарууд гарсны зэрэгцээ бараг оролцогч бүрийн амнаас уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн цаг агаарын дулаарал гэсэн оношлогоо гарч байсан билээ. Тэгэхэд миний бие анх удаа энэ нэр томьёог бодитойгоор сонсч билээ.

Хожим дараа жил нь Байгаль орчны яам Онги голын эх авдаг цутгалуудыг устгасан, гольдролыг эвдсэн гэдгээр дүгнэлт гаргаж, тэр алтны уурхайн үйл ажиллагааг зогсоож, хариуд нь “Монголын мэдээ” сонингоор нөгөө л уур амьсгалын өөрчлөлтөөс болсон гэсэн том том тайлбар гарч байв. Онги гол байтугай голууд цаана чинь ширгэчихсэн байна гэж бичээд л байсан санагдана.

Дараа нь мал үхлээ гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс, тариа муу ургалаа бас түүнээс, үлий оготно ихэслээ, хөрс бэлчээр талхлагдлаа бүгд энэ эрхмээс гэж оношлогдсоор дийлдэшгүй л хүчин юм даа, дасан зохицохоос өөр яахав гэсэн философи ноёрхож байгаа нь цаг өнгөрөх тутам ажиглагдсаар энэ өдрийг хүрсэн билээ.

2. Киотогийн протокол гэж юу вэ?

Дэлхийн цаг агаар сүүлийн 60-100 жилд соёл иргэншил, үйлдвэржилтийн нөлөөгөөр 1-2 градус дулаарч байгаа аж. Их хэмжээний нүүрс түлж, асар том барилгын үйлдвэрлэл явагдаж, том том атомын цахилгаан станцууд ажиллах болсноор агаарт та бидний амнаас секунд тутамд ялгарч байдаг өнгөгүй, хоргүй “нүүрсхүчлийн” гэж нэрлэгддэг, химийн томъёог нь СО2 гэж бичдэг хий болон түүний төрлийн бусад хэдэн хий хэт их ялгарах болсон байна. Эдгээр хийг “Хүлэмжийн хий” гэж ерөнхий нэрээр нэрлэдэг. Ийм байдал нь агаар мандлын найрлага, чанарыг өөрчилж цаг агаар дулаарч, уур амьсгал өөрчлөгдөх үндсэн нөхцөл бүрдсэн гэж үздэг. Уур амьсгал дулаарснаар мөнх цас хайлж, хур тунадас унадаг горим өөрчлөгдөж, Монголд бол цасан бүрхүүлгүй, эрс хуурай байх цаг хугацаа уртасч, гол горхи тэжээлээ алдах зэрэг үйл явц өрнөдөг гэж дүгнэжээ.

Олон улсын 2000 шилдэг эрдэмтдийг өөртөө харъяалдаг, НҮБ-ын ивээлд үйл ажиллагаагаа явуулдаг Уур амьсгалын өөрчлөлтийн Засгийн Газар хоорондын Комисс гэдэг байгууллагаас гаргадаг шийдвэр, дүгнэлтүүд дэлхийн хэмжээний улстөрийн бодлогыг энэ чиглэлээр явуулахад гол нөлөөтэй байдаг байна. Энэ Комиссийн гаргасан дүгнэлтээр бол сүүлийн 250 жилд дэлхийн цаг агаар нэг орчим градусаар нэмэгдсэн, харин ойрын 100 жилд дор хаяж нэг, өнөөгийн төвшнөөр явбал 3,5 градусаар нэмэгдэнэ гэж дүгнэжээ. Энэ Комиссийн санаачлагаар НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци” боловсрогдсон бөгөөд олон улс орон үүнд нэгдэн орсон байна. Үүний дараагаар 1996 онд Япон улсын Киото хотод болсон нэгэн хуралдааны протокол гарч, дэлхийн цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн явцыг хязгаарлах үүднээс улс орнууд хамтран ажиллаж, хүлэмжийн хийн төвшнийг 1990 оны төвшинд барьж байхын тулд 2008, 2012 онуудад хөгжингүй улс орнууд энэ хийг харгалзан дөрөв болон найман хувиар бага ялгаруулах үүрэг хүлээх тухай өгүүлжээ. Киотогийн протоколд гарын үсэг зурах сонирхолтой болон зурсан улс орнууд цөөнгүй боловч хүлэмжийн хийн үйлдвэрлэлд томоохон хувь нэмэр оруулдаг АНУ, ОХУ тэргүүтэй хүчирхэг гүрнүүд одоог хүртэл цааргалсаар байна.

Киотогийн протоколд хүлэмжийн хийг хоорондоо солилцох, нэгэндээ багасгаж өгөх, үүний тулд хөгжингүй технологийг үнэ төлбөргүй шилжүүлэх, ийм чиглэлийн буцалтгүй тусламж үзүүлэх гээд олон сайхан боломжийг тусгасан байна. Монгол нь энэ протоколыг идэвхитэй дэмжигч улс орон бөгөөд энэ протокол хүчин төгөлдөр болохыг тэсч ядан хүлээж суугаа нэгэн аж. Учир нь манай улс шиг техник, технологи нь өндөр хөгжөөгүй, “цэвэр цагаан цаас” шиг газар багахан хөрөнгө оруулалтаар нилээд шинэлэг зүйл хийж болох юм. Япон, Европийн холбоо шиг баян газрууд хялбар зардлаар нүүсхүчлийн хийг бууруулах аргаа олчих боломжтой, бидний хувьд их бага гэлтгүй үнэгүй, өр болохгүй хөрөнгө оруулалт орж ирэх нь байна. Гэвч Киотогийн протокол ойрмогхон хугацаанд хүчин төгөлдөр болох байсан сүүлчийн найдвар саяхан алга болжээ. НҮБ-ийн ивээл дор Москвад энэ оны 9-10 дугаар сард дэлхийн 86 орны 2200 төлөөлөгч оролцсон “Уур амьсгалын өөрчлөлтийн бүх дэлхийн бага хурал” болж түүний нээлтэд Оросын Ерөнхийлөгч В.Путин үг хэлэхдээ Оросууд Киотогийн протоколыг үзэглэх болоогүй гэдгээ мэдэгдсэн байна. Үүний өмнө АНУ мөн тэгж хэлсэн байсан юм. Харин Японы парламент энэ протоколыг өнгөрсөн 4 дүгээр сард сайшаасан билээ. Нэгэнт Орос, Америк хоёр зураагүй тохиолдолд үлдэх улсуудын ялгаруулдаг хүлэмжийн хийн нийлбэр хэмжээ хэрэгцээтэй байгаа 50 хувьд хүрч чадахгүй бөгөөд Киотогийн протоколын зорилтууд хэрэгжих боломжгүй болж найдвар тасарсан нь ийм учиртай.

3. Орос, Америкууд юу бодов, бусад нь тэгээд яах бол...

Хөгжингүй орнууд дээрх протоколд заасан хэмжээгээр хүлэмжийн хийн ялгарлыг багасгахын тулд асар их хүчин зүтгэл, хөрөнгө оруулалт гаргах хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Тухайлбал, Япон улс өөрийн оронд ялгаруулж буй хүлэмжийн хийг нэг тонноор багасгахын тулд 150 хол давсан америк доллар, Европийн холбоо 100 евро зарцуулах ёстой гэсэн баримжаа байдаг байна. Өөрөөр хэлбэл, эдгээр оронд нэг тонн хүлэмжийн хий 100 илүү америк долларын үнэтэй байх нь. Америк, Орос хоёрт ч муугүй тоо гарна гэсэн үг. АНУ нь Киотогийн протокол нь манай улсын аюулгүй байдалд харшилж байгаа тул бид түүнийг үзэглэх боломжгүй гэж өөрийн “ердийн” жишгээр шуудхан хариулт өгсөн юм. Тэгэхээр энэ 10 дугаар сарыг хүртэл бүх найдвар ОХУ-д байсан хэрэг. Гэвч “...Оросын газар нутагт дэлхийн бүх ойн дөрөвний нэг нь байдаг. Ойн дөрөвний нэг нь шүү! Олон жилийн турш Орос улс уур амьсгалд үзүүлж буй иргэншлийн ачааллыг багасгахад чухал практик хувь нэмэр оруулсан. ...Үүнтэй холбогдуулан, Оросыг Киотогийн протоколыг даруй үзэглэхийг идэвхитэй уриалдагийг тэмдэглэе. Энэ уриа та бүхний энэ уулзалт дээр ч олон сонсогдоно гэдэгт би итгэлтэй байна. ОХУ-ын Засгийн газар энэ асуудлыг маш нягт анхаарч судалж байна. Иж бүрнээр нь түүнтэй холбогдсон бусад амаргүй асуудлыг судалж байна. Энэ ажил дууссны дараа шийдвэр гаргах болно. Мэдээж хэрэг, Оросын үндэсний сонирхолд нийцсэн байх ёстой...” гэж Оросын Ерөнхийлөгчийн хэлсэн үг үүний бүрэн хариулт болжээ. Үндэсний ашиг сонирхол гэдэг асуудлаар бүх дэлхийн өмнө тавигдаж байгаа хурц асуудал амархан хаагддаг юм байна. Тэр байтугай манай газар нутагт бүх ойн төдөн хувь нь байгаа бидний оруулж буй том хувь нэмэр юм шүү гэдгийг ч анхааруулж байгаа нь уг протоколын хувь заяа нэлээд бүүдийснийг гэрчлэв.

4. Төгсгөл, дүгнэлт, элдэв санаа

Жижиг Монголын жижиг голоос эхэлсэн энэ асуудал дэлхийн ноёрхлын хувь жинг хуваарилахтай энэ чацуу асуудал болж хувирав. Малаа нутаг сэлгээн бэлчээдэг, өвс тэжээлээ базааж, худаг усаа сэргээдэг уламжлалаа санавал бүх л бурууг хаа байсан зуу зуун жилээр явагдаж буй үл ухаарам, учир битүүлэг “уур амьсгалын өөрчлөлт” хэмээх нэгэн зүйл рүү чихэхгүй байх нь тодорхой. Улаан цайм эх цутгалыг нь устгачихаад байхад говь нутгаар бусад үедээ чадан ядан урсдаг нэгэн жижиг гол ширгэлгүй яахав. Гэтэл бас л ...

Уур амьсгалын өөрчлөлт гэх асуудал ноцтой юм бол даяаршлын эрин үеийн тулгуур асуудал яах аргагүй мөн байлтай. Хоёр их гүрэн хойш суухыг бодоход, уур амьсгал үнэхээр өөрчлөгдөж байгаа эсэхэд эргэлзээ төрж НҮБ-ын далбаан дор ажилладаг 2000 эрдэмтний үгийг үнэн гэхэд хэцүү болмоор болж байна.

Аль ч асуудлыг шийдэхэд эхний дугаарт үндэсний ашиг сонирхол гэж нэг зүйл тавигддаг юм байна. Гэтэл монголчууд бид асуудал гарангуут даяаршуулж орхидог, тэгээд түүнийгээ уур амьсгалын өөрчлөлт гэж мэдэн будилдаг “дэлхийн хэмжээний” сэтгэдэг болжээ. Харин дэлхийн хэмжээний улсуудын хувьд дэлхийн цаг агаар, уур амьсгал бол тэдний үндэсний ашиг сонирхолын асуудал байдаг байна.

 

Монголчууд бид даяарших гэдгийг эсрэг утгаар нь ухаараад байх шиг байна. Хувь этгээд бүрийн эрх ашиг, үндэсний сонирхолоо хичээж явахыг цаана чинь даяаршил гэж байна шүү!