Хантингтоны учирлал буюу бид хэн юм бэ?

A- A A+
Хантингтоны учирлал буюу бид хэн юм бэ?

Профессор Д.Баярхүү (МУИС)

Хоёр системийн халз тулаан–Хүйтэн дайн гэгчийн үед улс орнууд нэг бол эвсэлд нэгдэхгүй, эсвэл нэгээс нөгөө эвсэл рүү нэгдэж болдог, аюулгүй байдлын ашиг сонирхол, хүчний харьцааны тооцоо болон үзэл суртлын чиг баримжаагаар эдгээр сонголтын алиныг ч хийх эрх чөлөөг эдэлж байв. Тэр үеийн Монголыг зэрвэсхэн харж, “Чи хэний талд вэ?” гэхэд л мөн ч түвэггүй хариулчихаж болдог байлаа. Тэгвэл өнөөгийн шинэ ертөнцөд улс гүрнүүдийн эвлэлдэн нэгдэх, сөрөн тэмцэхийн аль алинд иргэншил ба соёлын онцлог, мөн чанар нь гол хүчин зүйл болжээ. Хүйтэн дайны үед бол аливаа улс эвсэлд нэгдэхгүй байж болох авч үндэсний дүр төрх, онцлог шинж нь даан ч чухал байсангүй. “Чи хэний талд вэ?” гэдэг тэр асуулт эдүгээ “Чи хэн бэ?” гэдэг илүү чухал асуултаар яалт ч үгүй солигджээ. Улс үндэстэн бүр энэ асуултад хариулт өгөхөд бэлэн байх шаардлагатай. Чухам тэр хариулт нь байр суурь, анд нөхөд, мөн дайснуудыг нь тодорхойлж өгөх ба утгачилбал тухайн улсын соёлын язгуур мөн чанар нь дэлхийн бодлого дахь түүний байрыг зааж өгч байна. Тэгэхээр бид байраа заалгах хувь тохиох, ерөөсөө заалгах тавилантай байна. 1990-ээд онд дэлхий дахинд үндсэн мөн чанарын хямрал гарсан. Хаашаа л харна, бүгд л “Бид хэн юм бэ?”, “Бид хаана хамаарах вэ?”, “Хэн нь манайх биш вэ?” гэсэн асуулт ээрч байлаа.

“Бид хэн бэ?” гэдэг маш энгийн атлаа үлэмж маапаантай энэ асуултад хариулт олох гэхдээ соёл ба иргэншлийн үнэт зүйлстэйгээ холбон авч үзэхээс аргагүй болжээ. Улс үндэстэн бүр өөрийн онцлог төрхөө төрөл садан, шашин, хэл, түүх, эрхэмлэх үнэт зүйлс, зан заншил, институци, иргэншлийнхээ хүрээнд тодорхойлохыг зорьж байна. Бид юуны өмнө өөрсдийгөө хэн юм бэ гэдгийг мэдэхийг хүсвэл эхлээд бид хэнд хамаарахгүй бэ, хэний эсрэг бид байх ёстой вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ асуултад хариулт өгье гэвэл Монгол дээр ямар ч шалгуур хэмжүүр байхгүй. Монгол бол Ази дахь (магадгүй дэлхийд) ганцаардмал, сондгой улс гарцаагүй мөн. Ганцаардмал улс гэдэг нь бусад улс орон, нийгмүүдтэй соёлын хувьд нийтлэг шинжгүй тийм сондгой улсыг хэлдэг.

Тэгвэл манай эргэн тойрны монгол туургатнууд хаана хамаарах ёстой вэ гэдэг асуулт уншигчдаас хамгийн түрүүн оргилон гарах биз. Нэг гарал үүсэлтэй, ижил соёлтой мөртлөө өөр өөр иргэншлийн том цөм улсад хуваагдсан үндэстэн бол монгол туургатан юм. Энэ утгаараа Монголын ганцаардмал сондгой байдалд умар, өмнө хөрш дэх монгол туургатнууд ямар нэгэн нөлөөлөл, хүчин зүйл болохгүй. Үгүй тэгвэл нөгөө алдарт “Монголын нүүдлийн соёл иргэншил” гэдэг чинь яасан бэ гэсэн эх оронч асуулт бас босч ирнэ. Тэгвэл дараахь хариулт байна. Манайхан анх цивилизация гэдэг орос үгийг монгол руу хөрвүүлэхдээ “Соёл иргэншил” гэж буруу буулгаснаас ихээхэн маргаан, бас эх оронч хийрхэл дэгджээ. Үнэндээ культура, цивилизация; culture & civilization гэж хоёр тусдаа үгс байгаа шүү дээ. Аль алиныг нь нэн их ялгах хэрэгтэй. “Соёл иргэншил” гэх буруу орчуулгаас үүдэн манайхны “Нүүдлийн соёл иргэншил” гэгч дэлхийд байхгүй лут иргэншлийн тухай домог үүсч, энэ талын эрдэмтэд хамраа сөхөж, дэлхийн бусад иргэншлийн дээр гаргаж тавихыг оролдсон хөгийн түүх эхэлсэн, одоо ч явж л байна. Үнэндээ манайд соёл нь байна, иргэншил нь их хожуу үүссэн. Монголыг чухам аль иргэншил, аль соёлын хүрээнийх вэ гэдэгт хариулахад нэн бэрх. Чухам л ганцаардмал гэдэг дээрээ яг тохирч байна. Лав л “нүүдлийн” гэдгийг иргэншил биш гэж ойлгох ёстой. “Буддын иргэншил” гэдэг утгаар оруулж болох ч энэ шашин нь үүссэн уугуул нутгаасаа гарч алга болоод олон салбарлаад одоо иргэншлийн цөм байх утгаа гээсэн. Энэ талаар ярилтгүй.

Орчин үежих энэ их модернизацийн түрэлтээр соёлоо даган дэлхийн бодлого дахин шинэчлэгдэж байна. Ижил соёлтой улс түмнүүд нэгдэн нягтарч, ондоо соёлтой хэсэг нь бие биеэсээ зааглан холдсоор байна. Үзэл суртал ба их гүрнүүдийн харилцаа, үзэмжээр эвсэн нэгддэг үе өнгөрсөн, соёл ба иргэншлээрээ нэгдэн нийлэх үйл явц түүнийг орлож байна. Дэлхийн улс төрийн газрын зураг дээрх хил эдүгээ шинээр соёл, угсаатан, шашны болон иргэншил хоорондын хил болж хувьсах явцдаа, иргэншил хоорондын энэ шинэ зааг дэлхийн бодлого дахь мөргөлдөөний торгон шугам болж буй гэдэг утгаар манай мэт сондгойрсон улсад холбоотон гарч ирэхгүй. Тэгэхээр нягтрал ба зааглан холдох хоёр үйл явцад бид хаана ч биш хаягдах магадалалтай байж болох юм.

Дэлхийн улс орнууд иргэншлээрээ хэд хэд хуваагдчихлаа. Иргэншил ба соёлынхоо цөм, гол улс гэж байсан, одоо ч бий. Ижил төрлийн соёл, иргэншилтэй улс үндэстнийг соронзон адил татаж байдаг. Жишээ нь өрнийнхөн дотор АНУ, Франц, Герман, славян ортодокс улсуудад Орос, Күнзийн улсуудад Хятад гэх мэт. Тэгвэл Монголыг татах соронзон хаана байна вэ? Дээрхи шалгуур Монголд байхгүй тул яалт ч үгүй сондгойрч байна. Зүүн Азиар яривал Япон хүчирхэг атлаа ийм ганцаардмал иргэншилтэй улс.

“Чи хэн бэ?” гэдэг асуултаар ээрч байх хооронд бид эргэн тойрноо харвал, Азийн иргэншлүүд эдийн засаг, цэрэг, улс төрийн хувьд хүчирхэгжиж, Лалын ертөнц дэх хүн амын хэт их өсөлт нь лалын болон бусад хөрш орнуудад нь тогтворгүй байдал бий болгох үр дагаврыг авчирч мэдэхээр байна. Эдийн засгийн хувьд эрчилж буй күнзийн, хүн амын өсөлт нь тэсрэх шахаж буй лалын хоёр иргэншил манай баруун, өмнө, зүүн талаас шахаж, хойд этгээдэд сулран буй слав-ортодокс иргэншил нуралтаа хүлээж байна. Ер нь дэлхийн хүчирхэг гүрнүүд дэлхийн бодлогоо явуулахдаа олон иргэншлүүдийн үнэт зүйлсийг харгалзан үзэж, хамтран ажилласан нөхцөлд л дэлхий дахиныг хамарсан иргэншил хоорондын глобал дайнаас сэрэмжлэн зайлсхийх боломжтой. Хэрэв манай эргэн тойрны гурван иргэншил ийнхүү харилцан хүлцэж, үнэт зүйлсээ харилцан хүндэтгэвээс манай бүс нутагт лут том мөргөлдөөн өрнөхгүй байж болох талтай. Гэхдээ манайхнаас өөрөөс нь асар их юм нөхцөлдсөн тохиолдолд шүү дээ.

Ноён Хантигтон “Иргэншил хоорондын мөргөлдөөн, шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам” номондоо манайхны “нүүдлийн” гэж үнэлдэг “соёл иргэншил”-ийн тухай хийсэн үнэлгээг өөрсдийнхөө байдалд зураглавал нэг иймэрхүү дүр зураг харагдаад байгаа юм. Эрхэм уншигч Та таалан болгооно биз ээ.
budget.