Даяаршлын дундад зуун

A- A A+
Даяаршлын дундад зуун

Профессор Д.Баярхүү

Эдүгээ Монголд нүүдлийн уламжлалт соёл иргэншил орших, эс оршихын их сонголт, сорилт тулгараад байгаа тухай мэргэд сэтгэн түгшин, сэтгэл хөөрөн ярьцгаах болж. Улстөрчид нь ч сэтгэл түвдэхгүй биш, элдэв санаа сэдэл хувилбар гаргасаар байна. Нүүдлийн соёл иргэншил хөгжлийг чөдөрлөж байна гэсэн санаагаар би МУИС-ийн багш байхдаа анхлан “Ардын эрх”-д бичиж бөөн сенсаац дэгдээн, эх орноосоо урвагчаас долоон дороороо дуудуулж байсан санагдана. Тэр үеийг бодохул өнөө цагт дээр доргүй “Эрчимжсэн мал ахуй”, “Фермерийн аж ахуйн” тухай ярьцгаан, тэр ч бүү хэл өөр сонголт байхгүй гэж нотлох болов. 180 градус эргэж төрөл арилжсаны цаана гарцаагүй нүүрлэсэн бодит байдал, хэлж ирдэггүй хийсч ирдэг хорвоогийн жам үйлчлэв үү гэлтэй. Хорвоо хувирч байна, харин бид түүнтэй эвлэрч, хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг зүй тогтол олон Монгол хүнд айдас аранга байж болно, гэвч гарцаагүй нүүрлэж байна.

Энэчлэн монголчууд шинэ XXI зуун эхэлчихээд гэрлийн хурдаар дэлхий хувьсаж байхад нөгөө л дундад зуундаа амьдарч, түүнээсээ салах дургүйдээ хоног төөрүүлж, тэр сэтгэхүй нь яваандаа тэднийг ядууруулж байгаа бус уу? Уламжлал ба шударга ёс гэж байдаг бол уламжлалаа дагаад дундад зуунаараа аж төрнө гэхнээ орчин үеийн соёлжсон ертөнцийн сайн сайхныг, ядаж тав тухыг эдлэхгүй шударга бусаар торойн хоцорно гэдэг нэг л утгагүй. Жишээ нь Улаанбаатарт хүн амын тоо нэг саяас даваад талийж өгсөн, 1 200 000 байна гэж хаа нэгтээ уншсан юм байна, гэтэл тэдний 40 гаруй хувь нь хотжоогүй дундад зуунаараа утаатай бор гэртээ хоног төөрүүлж байна.

Хүн амын суурьшлын тухайд, хотжилт хэрээс хэтэрч, хотуудад хүн ам өсөлтөө дийлэхгүй үзэгдэл ганц Монголынх бус, дэлхий нийтийнх юм. Эдүгээ хотожсон хүн ам Энэтхэгт нийт хүн амын 28 хувь, АНУ, Орост тус бүр 77 хувь, Индонезид 40 хувь, Бразилд 81 хувьд хүрч, хөгжиж буй орнуудад хүн амын 40 хувь нь хотод суурьшиж байна. 2025 онд энэ тоо 57 хувьд хүрнэ. Латин Америк нь тэр чигтээ хамгийн их хотожсон бүс нутаг болох нь байна. Тэндхийн хүн амын 85 хувь нь хотын иргэд байх бол Африкт 58 хувь, Азид 53 хувь нь хотод суурьших ажээ. Хүн ам нь 11 саяас дээш байх дэлхийн 20 том хотын 17 нь хөгжиж буй ертөнцийнх байна. Хятадад 2000 онд хотожсон нь хүн амынхаа 36.8 хувьтай байсан бол 2002 он гэхэд 39.1 хувь болж, 2003 онд 100 саяар огцом нэмэгдэж 40 хувиасаа давж байна.

Хараажаар, яг бидний нүдэн дээр нүүдлийн мал ахуй, нүүдлийн аж төрөл, нүүдэлчин малчны ёс суртахуун унан доройтож байгалийн эрхшээл дор сөхөрч байна. Хотоо харлуулсан малчны тоог статистикийн ердийн аргачлал дийлэхээ больсон, малчин байснаа хулгайч луйварчин, гэмт хэрэгтэн бологсдыг шоронгууд багтаахаа больсон, малчин байснаа хот руу ирээд хамаг юмаа зарсаар траншейнд явж орогсдыг буяны тусламжийн ТББ-ууд халамжилж хүчрэхээ больсон, ийм л дүр зураг XXI зууны эхний Монголын үнэмлэхүй дүр зураг болжээ.

Нүүдэлчин ба нүүдэлчин байгсадын эрүүл мэнд, боловсрол, ариун цэвэр, хүүхдийн хүмүүжил, ерөнхийдөө амьдралын эрсдэл хотжисон ямар ч иргэнээс олон дахин доогуур. Нүүдлийн” гэдэг тодотголын дор манайхан ялгаж салгах, харьцуулах гээчийг мартаж орхиод агуулга хэлбэр хоёрыг холиод байгаад эсрэг гол бухимдал байх шиг санагддаг. Энд хүн гэдэг утгаар жаргал зовлон хосолсон хорвоод монголчууд бид бултаараа XXI зууны даяаршлын эриний их давалгаа дунд амьдралын наад захын баталгаатай, наад захын соёл боловсролтой, дэлхийд би хэн бэ гэх мэдрэмжтэй явах тухайд хотжилт, бүрэн хотжилт хэмээн ярьж байна. Иргэншин байж дэлхийд тэсч үлдэх юм.

Баруунд (баруунд ч юу байхав, дэлхийд) knowledge-based society, industrial society, agrarian society гэх нийгмийн тухай ойлголт байх бөгөөд мэдлэгт суурилсан нийгэм, аж үйлдвэржсэн, хөдөө аж ахуйжсан гэж залгаж байна. Пирамид хэлбэрээр дэлхийд хошуучлах тухайд жанжлая гэвэл эхнийх нь, хэнд ч үл дарлуулах хүчтэн байя гэвэл хоёр дахь, харин мөртөө байя гэвэл хоёр ба гурав дахь хосолсон байх ёстой гэнэ. Харин манайд энэ гурав аль нь ч сонгодог утгаараа байхгүй, шат дамжих биш, алгасан эхнийхэд нь хүрэх их зорилтыг одоогийн төр, засаг тавьж байна. Дундад зуунаасаа шууд мэдлэг рүү очихоос өөр замгүй. Учир нь дэлхийн хөгжил биднийг хүлээхгүй.

“Нүүдлийн соёл иргэншил” гэгж гонгиногсод улс орноо, ард түмнээ XXI зууны даяаршлын эрин дэх дундад зууны биет музей үзмэр болгож шившгээ дэлгэх гээгүй бол алхам ч бүү алгуурла, урагшаа хотжин, европжин хөгж!!!