Профессор Олхонуд Д.Баярхүү
Францын "Le Monde" (“Дэлхий”) сонины 2005.02.02-ны дугаарт Сесиль Бонтроны (Cecile Bontron) бичсэн нэгэн өгүүлэлд хуучин ЗХУ-ын улсуудад хууль бус сүүдрийн эдийн засаг ДНБ-ий гуравны хоёрт хүрсэн тухай түгшмээр мэдээ байна. Үүний сөрөг үр дагаварын тухайд дор бүхэлд нь өгүүлнэ. Дэлхийн Банкнаас Москвад суугаа төлөөлөгчийн газрын ерөнхий эдийн засагч Кристоф Рюлийн мэдээлэл (“Die Welt" 11.08.2003); Die geheimen Wege der Krake, Sueddeutsche Zeitung, 06.11.2002; BP Statistical Review of World Energy 2003 – илтгэл; Швейцарын Хөгжлийн Менежментийн олон улсын хүрээлэнгийн 2003.05.14-ны судалгаа; АНУ-ын Heritage Foundation-ны 2003 оны эдийн засгийн эрх чөлөөний индексийн судалгаа; IMF, World Economic Outlook Database, May 2001; К.Астапов. Управление внешним и внутренним государственным долгом в России; Е.Румянцева. Бедность как глобальная проблема, МЭМО ¹2 Февраль 2003, Dresdner Kleinwort Wasserstein Банкны зэрэг эх сурвалжуудаас энд мөн эшлэсэн болно.
Нэг. Гэгээ нь
Дэлхийн байгалийн баялгийн 38 хувь нь Орост хуримтлагдсан. Үүнд ойн баялгийн 25 хувь, газрын тосны 15 хувь, байгалийн хийн 42 хувь, нүүрсний 43 хувь гэх мэт жагсаавал дуусашгүй. Энэ бол хөгжил дэвшлийн чухам түлхүүр нь юм. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны 43 хувь, байгалийн шатдаг хийн 36 хувь, модны 25 хувийг Орос дангаараа нийлүүлдэг. ОХУ нь Украины түүхий эдийн хэрэгцээний 80 хувь, Балтийн орнуудын 100 хувь, Дорнод ба Төв Европын орнуудын 50 гаруй хувь, Баруун Европын орнуудын хэрэгцээний 20 хувийг дангаараа хангадаг. Европынхны газрын тосны 95 хүртэл хувийг Оросоос нийлүүлдэг бөгөөд энэ бол яалт ч үгүй асар их давуу тал Орост байна гэсэн үг.
ОХУ нь газарзүй-геополитикийн хосгүй байршилтай, энэ үзүүлэлтээр ОХУ-тай өрсөлдөх өөр улс үндэстэн байхгүй, Евразийн цорын ганц гүрэн гэж үнэлэгдэх бүх нөхцөл нь бэлээхэн бий. Дээр нь оюуны ба шинжлэх ухааны асар их чадавхи, цэрэг, аж үйлдвэрийн хүчирхэг бааз суурьтайг нэмбэл “сүүдрийн” байхааргүй үзүүлэлт бүгд бий.
Гэтэл Оросын эдийн засгийн 70 хүртэл хувь нь мафийнхны гарт орсон ба Оросын мафи баруун руу тархаж, зохион байгуулалттай 300 гаруй гэмт хэргийн бүлэглэл нь барууны 45 оронд ажиллаж байгаа тул мафиозын, гэмт хэргийн, дампуу гүрэн хэмээн Оросыг нэрлэдэг болсон байх ажээ. ОХУ-ын 89 субъектын 70 нь Холбооны төсвөөр амь зуудаг. Орос оронд сүүдрийн (бохир) эдийн засгийн эзлэх жин 40-50 хувьтай, Улсынх нь гадаад өр 165.4 тэрбум US$, НҮБ-ын хөгжлийн доогуур түвшний үзүүлэлтээр дэлхийд 72 дугаарт бичигдэж байна. ОХУ-ын Сангийн сайдынх нь мэдэгдсэнээр бол, 2005 онд гадаад өр 115 тэрбум ам.доллар, өртэй байгаагийн төлөө давхар төлдөг үйлчилгээний зардал “Наймын бүлгийн” дотор 7-13 хувиар өндөр, жилдээ гадаад өрийн хүүд долоон тэрбум доллар сул төлж байна.
Хоёр. Сүүдэр нь
Хүүхдийн хөдөлмөрийг хууль бусаар мөлжих явдлаас сүүдрийн эдийн засаг эхэлдэг аж. Ерөөсөө сүүдрийн эдийн засгийг хүүхдийн мөлжлөг үлэмж нөхцөлдүүлдэг. АНУ-ын Хүний эрхийн Департаментын мэдээгээр, Азербайжанд 5-14 настай 2 000- 4 000 хүүхэд, Гүржид 1 500, Арменд 1 000, Киргизэд 2 000-15 000, Украинд 100 000, Орост 2.5 саяас 4 сая хүүхэд хууль бус хүнд хөдөлмөрт нухлуулж байдаг гэсэн тооцоо гарчээ. Хөдөөгүүр мал, тариалан, хөвөнгийн тариаланд нухлуулж буй мянга мянган хүүхдийн тоо энд ороогүй. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэдээгээр ТУХН дэх (СНГ) албан бус сүүдрийн эдийн засаг ДНБ-ийхээ 30-66 хувьд эргэлдэж, Дэлхийн Банкны үнэлгээгээр 2002 онд сүүдрийн эдийн засаг Орост 10 сая насанд хүрэгчийн хөдөлмөрөөр бүтэж, ТУХН-ийн үлэмж ядуу гэгдэх долоон улсад (Армен, Азербайжан, Гүрж, Киргиз, Молдав, Тажикистан, Узбекистан) 16 сая насанд хүрэгч нухлуулж байгаа ажээ.
Дээрхи махан тоонууд умард хөршийн хувьд цоо шинэ юм биш. Аль ЗХУ-ын үеэс хууль бус эдийн засаг цэцэглэсэн юм. Харин 1991 оноос эргэлтгүй араандаа орж, тэр үед ДНБ-ийхээ 20 хувьд очжээ. Том гүрэн гэнэт нуран унаж, ТУХН-ийнхэн гэж бие дааж салмагц үй олноороо ажилгүйдэж, гуйланчлал эхэлжээ. Тэр үед тарчиг амьдралаас гэтэлгэх цорын ганц суваг тариалангийн хэсэг газар дээр тогтож байв. Киргизэд 1991 онд хүн амын 35 хувь нь газартай ноцолдож байсан бол 2000 онд 53 хувь, Гүржид 26 хувиас 52 хувь болж өссөн ганцхан тоо үүнийг илтгэх биз ээ. Тарчиг амьдрал нь үй түмэн хүн ардыг жижиг засвар, гар урлал, наймаа арилжаа зэрэг бүх салбар руу түлхжээ.
Татвар, түшмэдийн дарамтаас зайлсхийгч үйлдвэрүүд бол сүүдрийн эдийн засгийн бас томхон салаа салбар нь гэлтэй. Үлэмж үйлдвэржсэн гэх Орост ийм үйлдвэрүүд үүдрийн эдийн засагтаа 43 хувийг бүрдүүлж, хэрэв өссөөр 56 хувьд хүрвэл Оросын эдийн засаг үндсэндээ дуусч байгаа нь тэр хэмээн Дэлхийн Банкны эдийн засагч Ян Жоу Юн тооцоолжээ.
Жилдээ 36 тэрбум US$ зөвхөн хээл хахууль, авилгад зарцуулагддаг гэдэг махан тооноос нэг дүгнэлт гарч байна. Бүхэлдээ авилгалын гүрэн гэж. Нэгэнт сүүдрийн эдийн засаг+авилгалын торон сүлжээ энэ орныг хэрсэн бол бусад бүх үзүүлэлт хасах руу орж байна. Эдийн засгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр ОХУ нь 20 саяас дээш хүн амтай орнууд дотор 26 дугаарт орж байна (Эхний гурван байрт АНУ, Австрали, Канад, Оросын өмнөх байрт Турк, Мексик, Румын, Филиппин)
Эдийн засгийн эрх чөлөөний 50 шалгуур бүхий үзүүлэлтээр бололцоотой гэж үзсэн 156 орны дотор ОХУ нь 135 дугаарт орж байна (Эхэнд нь Хонконг, Сингапур, Люксембург, Шинэ Зеланд, Ирланд, Дани, Эстони, АНУ, Австрали орох ба Тайвань 27, Япон 35, Хятад 127 дугаарт) Дэлхийн ДНБ-ий өсөлтөд ЗХУ-ын эзлэх жин 1980-аад онд 21 хувьд хүрч байсан бол одоо ОХУ-ын эзлэх жин дөнгөж нэг хувь (2015 онд гурван хувьд хүргэх тооцоо буй), уг үзүүлэлтээрээ Тайванийн дараа 17 дугаарт (Эхний байруудад АНУ 33.8 хувь, Япон 14.1 хувь, Герман 6.4 хувь, Хятад 6 дугаарт 3.8 хувь, Энэтхэг 12 дугаарт 1.6 хувь, 13 дугаарт БНСУ 1.4 хувь), хүн амынх нь 85 хувь ядуурлын түвшинд аж төрж байна
2004 оны байдлаар Оросын ДНБ-ий өсөлт 7.1 хувьтай гэснийг үлэмж даваадуулсан үзүүлэлт гэж Германы DrKW банкны судлаачид үзэж байна. 2004 оны эхний гурван улиралд 7.5-аас унаж, 6.4 хувь дээр бууснаа, оны сүүлээр 7.1 хувьтай гарч ирсэн нь үнэхээр хачирхалтай гэнэ. Гэхдээ гадаад таатай нөхцөл, өрсөлдөх чадварын боломж зэрэг нөхцөл бүрдсэн, хэрэв энэ боломжийг ашигласан бол 11-12 хувьд хүрэхээр байсан ч, тэр боломжийг оросууд ашиглаагүй гэж германууд үзжээ. Гол асуудал бүтцийн реформ хэт удаан, татвар ба захиргааны нэн тодорхойгүй байдал, цаана нь сүүдрийн эдийн засгийн их нөлөө байсан гэнэ.
Гурав. Тусгал нь
Дээрх олон тоо баримт хөрш Монголд ямар халтай вэ? Сайн муу аль аль нь бий. Ерөөсөө Монголтой эдийн засгийн салбарт заавал Москвагаас төвөөсөө хамтын ажиллагаа явуулах бус, хил орчмын муж, өөртөө засах орны түвшинд харилцаж байхыг оросууд чухалчилдаг нь манай импортын ядуулаг арчаагүй дүр төрхийг тусгаж буй хэрэг. ОХУ-ын Алтай, Буриад, Тува улсууд, Чита мужтай хийдэг худалдаа ОХУ-тай хийж буй худалдааны эргэлтийн 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа нь нөгөө талаас сүүдрийн эдийн засаг нь заавал манайд шууд тусахгүй байх давуу тал болж болно. Харин ганзагын наймаан дээр Оросын талын хүнд суртал, хээл хахууль хэрээс хэтэрч, Тувагаар малын хулгай тасрахгүй буй тухай хилийн боомтууд дээр маргаан үл зогсох тул энэ бол яалт ч үгүй нөгөөх сүүдрийнх нь ахуйн тусгал гэлтэй.
Үүнтэй уялдан Оросын зүүн өмнө жигүүрийн хэдхэн субъекттэй интеграцчилагдах нь Монголын үнэмлэхүй зөв зам байх болно гэсэн уриалга бүр Москвад үе үе цухалздаг. “Олон туйлт дэлхий дэх Монголын геополитик” хэмээх бүтээлдээ Оросын геополитик судлаач И.А.Николайчук, Монголыг ТУХН-ийн гишүүдийн нэгэн адил аюулгүй байдлын статустай болгох санал дэвшүүлээд Монгол, Казахстан хоёр Оросын геостратегид чухал байр эзэлнэ, эдийн засгийн хувьд бол “Байгаль нуурын Эдийн засгийн хамтын нөхөрлөл”-д Монголыг татан оруулах, тэнд нь Монгол, Чита муж, Буриад улс, Алтай, Тува улсуудыг багтаасан эдийн засгийн холбоо байх тухай санааг сэдсэн.
Энэ утгаар эдийн засгийн хувьд ямагт хамааралтай, бүр хэт хамааралтай явж ирсэн, яваа Монголын хувьд Оросын сүүдрийн эдийн засаг гэхээсээ хамгийн бөглүүд мужууд нь түнш болж, нефть шатахуун, цахилгаан эрчим хүч гэхчлэн хоёрхон бүтээгдэхүүн дээр авч үзэхэд л Орост “дөрлөгдөх” нь гарцаагүй болж байна.
Орос, СНГ-ээс сүүдрийн эдийн засаг Монголд багахан тусах гол учир шалтгаан бол тэд Монголын эдийн засгийг төдийлөн сонирхохгүй байгаадаа бус Монголтой тогтоосон тус тусын харилцааны жин нөлөө нь үнэхээр жижигдэж байгаагаас тэр биз ээ.