Проф. Олхонуд Д.Баярхүү
XXI зуунд дэлхийд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд Америктай өрсөлдөх улс гүрэн гарч ирэх болов уу гэдэг нэн адармаатай асуулт АНУ-ын стратегичид төдийгүй жирийн иргэдийг нь ч эзэмджээ. Тэндхийн болон олон улсын бусад судлаачдын үздгээр, Европын Холбоо, Хятад, Энэтхэг гэсэн гурван том өрсөлдөгч гарч ирж магадгүй. Хүн амын тооноосоо шалтгаалан Европ үүнээс хасагдаж болох юм. Харин Хятад, Энэтхэг хоёр дэлхийд байр суурь булаацалдах гэхээсээ илүүтэй Азидаа биенээ харилцан хянах болов уу. Ийм болохоор зөвхөн тэр хоёрын хоорондын эмх замбараагүй байдал л Америкийн бодит өрсөлдөгч болж мэдэхээр.
Дэлхийг хамарсан эмх замбараагүй байдал бий болбол тэр нь Америкийн хүч чадлаас илүү аюултай гэдгийг өнөөгийн Америкт атаархагчид ойлгож байгаа тул Хятад-Энэтхэгийн сөргөлдөөнийг сонирхох улс бас цөөн. Ингэлээ гэхэд ийм хямралыг АНУ тодорхой төвшинд хүртэл хянаж чадах байх. АНУ-ын хувьд тэргүүлэх үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэснээр бусад улсууд эрх ашгаа хамгаалж чадахаа байчихна гэж бас байхгүйг стратегичид давхар тооцож байна. Сүүлийн зуун жилд Франц улс хэрэгтэй үедээ Америкийг ашигласаар, аюулгүй гэж үзсэн үедээ Америктай ам мурийсаар ирсэн. Америктай зарим талаар өрсөлдөх болон хамтран ажиллах боломжийг түүний бодлого нь бусад улс орнуудад олгодог. Үүнийг АНУ-ын хувьд Европ дахь геополитикийн ацан шалаа гэж үздэг.
Даяаршлаас хожоо олж байгаа нь АНУ-ын бодлогыг дэмжээд, хохирч байгаа нь эсэргүүцээд байна гэдэг бас нэг геополитикийн шинэ ацан шалаа XXI зуунд гарч иржээ. Yүнийг арай өөрөөр, хүмүүсийн санаанд аль нэг юм нийцэхээ болихоор л түүний хариуцлагыг гол хэт их гүрэн, чухамхүү АНУ л хүлээх ёстой хэмээн үздэг гаж сэтгэхүйгээс харж болно. Жүүдийн эсрэг хуйвалдааны онол гээч нь лалын ертөнцөөр тэнүүчилсээр, лалын геополитикийг нөхцөлдүүлсэн лугаа жүүдийн хүчтэй лобби Америкийн бодлогыг хөтлөөд байна гэж олон хүн үзэж, АНУ-Израилийн эсрэг ирээдүйн холбоонд нэгдвэл тэр нь геополитикийн бас нэг ацан шалаа болно.
Дэлхийн хувь заяанд өнөөдөр АНУ үлэмж нөлөөтэй байгаа ч дэлхийн геополитикийн хөзрөөр АНУ-ын Засгийн газрын гишүүд тоглоод, шийдвэр гаргачихаж байгаа юм биш. Ердөө Америкийн эдийн засаг өөрчлөгдөөд бусад улсууд түүнд татагдан орж дагалдаад байгаагаас, энэ өөрчлөлт хэдэн арван жил үргэлжилж буйгаас АНУ гоцлоод байгаа юм шиг харагддаг. Шинэ ертөнц, орчин цагийн капитализм төлөвшихөд АНУ нөлөөлж байгаа нь нууц биш. Технологийн хөгжил, шинээр зах зээл бий болгох, худалдааг либералчлах зэрэг нь нийгмийг баян чинээлэг болгож, ингэснээр ардчилал хөгжинө гэж АНУ яс махнаасаа үздэг. Энэ өөрчлөлт дэлхийн олон газар ядуурал, эмх замбараагүй байдал, үл итгэх сэтгэхүйг дэвэргэж, дэлхийн геополитикийг бусниаж байна.
Гэлээ гээд дэлхий ертөнцийг АНУ бүхэлд нь хянаж чадахгүй нь ойлгомжтой ч, түүнийг сайжруулахын тулд ямар нэг юм хийхийг хичээж байна. Дорой буурай байснаа хөгжин цэцэглэсэн улс орнуудын байдлыг ажвал энэ өөрчлөлтийн түлхүүр нь жирийн хүмүүс нь бэлжсэн явдал байсан бөгөөд мөнгө тэдний амьдралыг эрс өөрчилсөн байдаг.
Хүмүүс бэлжсэн нь хэрэглээний болон орон сууцны зээлтэй холбоотой. XIX, XX зууны зааг дээр АНУ-д яг ийм явдал болсон. Орон сууцтай болохоор 30 жилийн хугацаатай авсан зээл нь бусдын байшинг түрээслэх өртөгтэй тэнцэж байвал хүнээс сууц түрээсэлж байснаас хувийн байшинтай болоход хөрөнгө зарах нь хавьгүй дээр шүү дээ. Чухам энэ бодлого л Америкийг өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл бэл бэнчингийн геополитикоор АНУ босч иржээ.
Энэ бол АНУ-ын орчин цагийн геополитик өөрөө байж байгаа нь энэ. АНУ-ын идеалыг дэлхий даяар тараачихвал л АНУ-ын геополитик зорилгодоо хүрнэ. Гэвч өнөөгийн ертөнцөд АНУ-ын нэр хүнд тийм ч сайнгүй байна. Европчууд хавтгайдаа АНУ руу хялайж, үл итгэж байна. Арабын ертөнц, Латин Америкт мөн АНУ-ыг зүхэж байна. Өмнөх 5-10 жилтэй харьцуулбал Америкийн нэр, нөлөө үлэмж өссөн тийм газар орон дэлхийд бас цөөнгүй. Тухайлбал, Энэтхэг. Энэ бол хүн ам нь тэрбум хүрч байгаа төдийгүй хэзээ язаагүй хэт их гүрэн болох гэж буй улс. Хятадад ч Америкийн нэр хүнд дээшилсэн. Монголд бол бүр тэнгэрт гарсан. Хятадын хөгжлийг АНУ л боомилох гэж буй мэтээр 10-аад жилийн өмнө болгоомжилж байсан бол одоо ингэж үздэг хүн цөөрсөн. Японд ч мөн АНУ-ын имиж сайжирч байна. XXI зуун гараад дэлхийн геополитикийн төв Ази руу шилжсэн ба Азийн гол орнуудад Америкт сайн хандлагатай болж байна.
АНУ-ын геополитикийг ацан шалаанд унагаж буй хамгийн эмзэг цэг бол яг одоо Ирак байна. Бидний хүсч буйгийн эсрэг юм АНУ хүсээд байна гэх бодол Ирак дахь дайнаас хойш Ойрхи Дорнод даяар хүчтэй тархжээ. Арабизм, национализм нь лалын үзэлтэйгээ нийлээд Америкийн эсрэг бүс нутгийн асар хүчтэй геополитикийг нөхцөлдүүлжээ. Колоничлолын эрин дууссаны дараа Нэгдсэн Арабыг байгуулах гэж арабчууд хичнээн мөрөөдөв. Арабын ертөнц гэдэг бол Бисмаркийн үеийн Герман гэсэн үг гэх итгэл ихээхэн түгээмэл байсан ч Арабын Бисмарк хэн бэ, Насер уу, Саддам Хусейн үү, Каддафи юу? Эсвэл..
Персийн булангийн нефть үйлдвэрлэгч орнуудын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангах сонирхол АНУ-д байдаг болохоор энэ үзэл бодлыг америкчууд ямагт эсэргүүцэж ирсэн юм. Тиймээс ч Нэгдсэн Араб гэх төслийг хэрэгжүүлэх гэсэн арабчуудад Вашингтон дайсан нь байхаас аргагүй. Ирак дахь дайн ч даарин дээр нь давс нэмж, арабын ертөнцийг хуваах, эв нэгдлийг нь задлах гэсэн АНУ-ын оролдлого гэдэгт тэд улам итгэлтэй болжээ. Энэ бол АНУ-ын хувьд XXI зууны тун эвгүй геополитикийн имиж нь. Иймд Иракийн байдлыг тогтворжуулах нь геополитикийн гол зорилго нь байлтай. Арабчууд нэгдлээ гэхэд Европын Холбоо шиг босч ирвэл нөгөөх АНУ-ын бэл бэнчингийн геополитик хэрэгжлээ гэсэн үг.
Иракт одоо юу хийж болох вэ гэдэг л хамгийн чухал асуулт болоод байна. АНУ Иракаас гараад явчихвал энд тогтвортой байдал бий болохгүй. Суннитүүдтэй нэгдэхэд бэлэн байгаа шиитийн үлбэгэр хүчийг дэмжих, эсвэл Саддам хийгээд түүний БААС намыг цус урсган даралцсан суннитүүдээс өшөөгөө авахыг гол зорилгоо болгосон шиитийн тэр хэсэгтэй хэл амаа ололцох боломжийг хадгалахын тулд цэрэг, цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх, энэ хоёроос өөр зам байхгүй. Ингээд америкчууд Иракт үүрд үлдэх гол хувилбар үлдэж байна. Иракт хэрэв үндэстнүүд нь тохиролцоонд хүрээд, шийдвэл зохих хамгийн гол асуудал нь Америкийн цэргийг гаргах асуудал болчихвол АНУ геополитикийн цочрооноосоо сална. Дараагийн бүлэгт Иран гэж нэг айхтар хатиг байна. Дутуу шахвал эргээд яаж ч мэднэ.
Эцсийн бүлэгт хувьсан өөрчлөгдөж байгаа ертөнц дотор АНУ өөрийгөө олох ёстой гэдэг бол яг одоо цагт АНУ-ын гол геополитик болж байна. Терроризмтэй хийх тэмцэл өнгөн дээрээ яваад байгаа болохоос бус, маргааш болоход тухайн нөхцөл байдалд өөрийгөө тодорхойлох нь чухал болно. Энд АНУ-ын хувьд хамгийн гол зүйл нь Европтой биш, Азитай харилцах явдал байх учиртай. Зөвхөн энэ л суурь өөрчлөлт байх болно. Европын хувьд хамгийн том холбоотон нь болох АНУ-тайгаа уламжлалт харилцаатай байх нь дэлхийн хувь заяанд түүний нөлөөлөх сайн зам нь юм. Америкчууд ч мөчөөгөө өгөхгүй “Та нар биднээс нүүр буруулах гээд байгаа бол бид ч та нарыг хайхрахаа байя. АНУ-гүйгээр дэлхий яаж доройтохыг тэгээд үзэцгээгээрэй!” гэх аястай дуу хоолой дуулдах болж.
1930-аад оны тусгаарлагдмал байдал руу Америк хэзээ ч буцахгүй. Буцах мөргүй болсон. АНУ-ын гадаад бодлого өөрийн эх сурвалжтайг мартах ёсгүй. “Хэрэв Хятад улс сөрөг хүчнээ хэлмэгдүүлээд эхэлбэл бид үүний эсрэг ямар нэг юм хийх ёстой”, “Хэрэв Энэтхэг улс индусийн эсрэг хуулиа чангалаад эхэлбэл түүнд хатуухан хандахыг АНУ-ын баптистууд Засгийн газраасаа шаардаж гарна”, “Хэрэв IBM, US Steel юм уу Google хилийн чанадад хөрөнгө оруулах, арилжаа хийхээ больвол АНУ яах вэ?” Энэ бүхэн бүгд АНУ-ын геополитик тэр чигээрээ ажгуу.