Пхеньяныг иргэншүүлэх миний санал

A- A A+
Пхеньяныг иргэншүүлэх миний санал


Проф. Олхонуд Баярхүү

Нэг. Пхеньяны айдас

Анх 1993 онд “Даяаршил” гэх нэгэн шинэ нэр томъёо олон улсын харилцааны үг хэллэгт орж ирэн, илбийн юм шиг дэлхийгээр тархаж, эдүгээ энэ нэр томъёог мэдэхгүй дуулаагүй хүн манай гариг дээр бараг байхгүй болжээ. Энэ бол уг үйл явц дэлхийн хүн бүрт хүрч нөлөөлж байгаагийн энгийн нотолгоо. Даяаршлаас зай бариад байж чадаж буй, эргэн тойрон хана хэрмээр хүрээлүүлсэн цорын ганц улс бол Хойд Солонгос. Гэхдээ маш их өртгөөр.

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт өмнөх шигээ мөн л  Пхеньянд явагдах болж байна. Эхнийх нь тэнд болсон юм чинь хоёр дахь нь яагаад Сөүлд болохгүй гэж? Москва, Бээжингээс өөр явж үзсэн газар байхгүй, нисэх онгоцонд сууж үзээгүй, хуягласан галт тэргээрээ Орост айлчилж, Сибирийг туулсан Хойд Солонгосын удирдагчийн хувьд бол чухам “Өмнөд ах дүүс” нь хамгийн хаалттай бүс. Учир нь тийшээ очвол өөрөө гэрэлд цохиулахаас эхлээд дагалдан явагсад, сэтгүүлч сурвалжлагч нар  өмнөдийнхөө хөгжил цэцэглэлийг дуран авиандаа буулгаад эргэж очоод хэвлэл, зурагтаар цацахад л нийгмийн байгуулал, дэглэм нь будаа. Ямар нэгэн хүчтэй үзэл суртлаар бус,  ахуйн наад захын хэрэглээ, стандарт л Хойд Солонгосын энэ хүчтэй дэглэмийг гангуулах нь зүй ёсных гэж даяаршлын онолоор тайлбарлаж болно. 

1960-аад онд түрүүлж аж үйлдвэржсэн, байгалийн асар их баялагтай, ар талдаа бат бэх холбоотонтой энэ улс газар тариалангаас өөр үйлдвэрлэлгүй, 1970-аад он хүртэл өлсгөлөнд нэрвэгдсэн өмнөдтэйгээ халз уралдаад түрүүлсэнгүй, харин ч бүр сөхөрч унах  аюулд нүүрлэжээ. Дэндүү олон жил, бүр залхтал нь 22 сая ард түмнээ ядуурлын доод түвшинд, дэлхийн хөгжлөөс хэт тасархай хол байлгасны хор холбогдлоос болоод тэгэх гэнэ.

Үсрэнгүй хөгжилтэй, аж үйлдвэржсэн “Бар” улсын хаяанд, тэгэхдээ тэд нь нэг үндэстэн шүү, интернэт, гар утас, кабель ТВ нэвтрээгүй, ард түмэн нь хэт номхон хүлцэнгүй, улс төрийн хоригдлууд нь хэдэн зуу мянгад хүрсэн, цэрэгжиж шоронжсон тийм нэгэн улс хаяа дэрлэн байгаад бүх учир байна.
 
Яагаад ийм марзан, хялбар тайлбар бичиж байгааг дараахи бүлгээс дэлгэрүүлэе.  

Хоёр. Коммунизмыг “The BEATLES” нураасан уу?

Даяаршлын анхдагч хүчин зүйл нь  рок-поп хөгжим байсан гэх онол баруунд буй. Тэр онолыг зөвшөөрөгчийн нэг нь би өөрөө юм. Манай улсаар төлөөлүүлэн үзье л дээ. Эхний алхам, анхлан 1960-аад онд Улаанбаатарын ганц нэг сэхээтэн (ихэвчлэн дипломатч) айлуудаар “The BEATLES” хэмээх хамтлагийн пянз үзэгдэж, хотын сэхээтний хүүхдүүд хошуурч, эрэл сурал болж байснаас эхлэн Монголын өмнөх нийгмийн байгуулал нурах гараагаа авсан гэж дүгнэвэл хилсдэл болохгүй (Одоо тэр шүтэн бишрэгчдийн төлөөлөгчид нь Монголын төрийн толгойд, УИХ-д, улс төрийн намуудын оройд сууцгааж байна)  

Дараагийн алхам, 1970-аад оны эхээр наашаа нэвтэрсэн жинс хэмээх өмд, зажилдаг бохь, 1980-аад оны дунд, сүүлч үеэс нэвтэрсэн японы цахилгаан бараа, NEC хэмээх зурагт, энэ бүхэн Монголын нийгмийн мөн чанарыг (нөгөөх социализмын байлдан дагуулах их увидас гээчийг) бүрэн гутааж байлаа. Хүний хэрэглээ нөгөө ертөнцөд тоймоо алдаж, тэр бүхнийг нийлүүлээд “Амьдралын чанар” хэмээн нэрлэх болсныг АНУ, Япон руу түр томилолтоор явагсад ам мэдэн шагшин магтсан дүр зураг 1980-аад онд түгээмэлжсэнийн одоо нэгэнтээ зөвшөөрсөн. 

Ахуйн хамгийн наад захын стандартаар баруунаас хоцорч, өрсөлдөх чадвар, экспортын эдийн засгийн бүх үзүүлэлтээр баруунд ялагдаж байгааг Горбачевыг хүртлэх дэлхийн коммунист эвсэл хүлээн авахгүй байлаа. 1920-иод оноос барууны ертөнцөд техникийн дэвшил нь нийгмийн мөн чанар, сэтгэхүйг хүчтэй өөрчилж, 1960-аад онд техникийн дэвшлийн бүх үзүүлэлтээр коммунист эвслээс давж, хоёр системийн өрсөлдөөнд аажмаар давамгайлж иржээ. Тэр бүхний энгийн тусгал нь нөгөө эсрэг коммунист  ертөнцдөө рок-поп хөгжим, жинсэн өмд, бохь мохихоноор илэрч байлаа. 

Сүүлчийн алхам, рок-поп хөгжим, бохь, жинсэн өмд, өнгөт зурагт энэ бүхэн нь дэлхийг заагласан хоёр системийн хилийг нурааж, улмаар ертөнц тэр чингээрээ даяарших эхлэл болж, үйл явц цаашаа даамжирлаа. Нэгэнтээ  ахуй анхдагч, ухамсар хоёрдогч болж буй бодит ертөнцөд дэгжин хувцас, ахуйн тансаг хэрэглээ нь анги, нам, нийгмийн үзэл суртлаас давж гарна чинээ  коммунистууд санасангүй.

Энэ хэрэглээг дагаад нийгмийн ёс зүй унаж, яваандаа нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө чинээ үнэндээ тэд төсөөлөөгүй. Халз уралдаад түрүүлэхгүй, харин ч бүр сөхөрч унах  аюул нүүрлэжээ. Энэ бүхэн баруунаас өдөөсөн даяаршлын чухам нэг гол дуудлага байлаа. “Капитализмын буянаар л ийм их амжилтад хүрлээ шүү дээ!”  Энэ бол товчхондоо “The BEATLES”-ийн пянзны экспортын гол зорилго, өдөөлт байв. 

Эл тархалт нь цаашаа “англи хэлжилт”, “өрнөшил”, “америкжилт” болж шат ахисан ба конвейрын үйлдвэрлэл, хямд тээвэр, гэр ахуйн техник, энэ бүхэн нийлээд  хуучин коммунист асан, шилжилтийн нийгмийн олонхи гишүүдийн  амьдралын шинэ сайн сайхныг нөхцөлдүүлж, нийгмийн олон асуудлыг шийдсэн гэдэг нь илэрхий ба Монголд  ч үүнийг зөвшөөрөх биз.

Өнөөгийн шинэ Монголын сэхээтнүүдийн нэлээдгүй нь эдийн засгийн хувьд социалист, улс төрийн хувьд либерал, урлагийн хувьд капиталист, шашны  хувьд консерватив болчихоод байгааг энд хэлж байна. Харин энэ дотроос одоо нийгмийнхээ үнэт зүйлийг олж авч тогтоох хэрэгтэй.

Гурав. Пхеньян иргэншихүй 

Рок-поп нь ХХ зууны хүн төрөлхтөний соёлын модернизац, үнэлэмжийн хамгийн илэрхий, хүчтэй парадокс болсныг эдүгээ зөвшөөрөхөөс аргагүй. Цаанаа бол капиталист ертөнцийн үнэт зүйлс үнэлэмжийн бодит тусгал нэвт   шингэсэн соёлын эл модернизац коммунист ертөнц рүү эрчтэй, эргэлтгүй, хайр найргүй тархаад, одоо зөвхөн Хойд Солонгос л үүний өмнө хаалттай үлдэж байна.

2003 онд Иракийг чөлөөлсөн байлдааны дараа Багдадын кино театруудад барууны эротик кинонуудыг хэдэн зуугаар нь аваачин иракчуудад үзүүлжээ. Саддамын тахин шүтлэг, шашны мухар сүсэгт олон арван жил автсан иракчуудыг гээгээрүүлж гэрэлд цохиулж байгаа нь тэр гэнэ. Үр дүнгээ өгөх нь өгсөн. Харамсалтай нь кино театрууд хорлон сүйтгэгчдийн бай болчихоод байгаа. 

Хойд Солонгос дээр ийм арга хэрэглэх хувилбар байгаа эсэхийг мэдэхгүй. Үгүйрч хоосорсон, ертөнцийн боловсролоор тасарсан тэдэнд Өмнөд Солонгосын олон ангит цуврал кинонууд байхад л тэд түүхэндээ эргэлзээд эхэлнэ. Энэ бол эхний алхам.

Нэгэнтээ  ахуй анхдагч, ухамсар хоёрдогч, хүн амьд явахын тулд өмсөх зүүх идэх уухаар гачигдах ёсгүй тул өмнөд солонгосын тэр их илүүдэл бараа, хүнс нь л Хойд Солонгосын чучхейн үзэл суртлаас хол давж гарахыг үгүйсгэхгүй.  Энэ бол хоёр дахь алхам.

Дараагийн алхамд дэлхийн мэдээллийн орон зайд энэ улсыг оруулж, чухам аалзны тор адил хэрэн авах хэрэгтэй. Сөүлийн бүх хэвлэл, нэвтрүүлэг, вэб хуудсыг чөлөөтэй үздэг болгох хэрэгтэй. Тэгсэн цагт тэд өмнөх үзэл суртлынхаа хөгийн, увайгүй, харгис байдлыг шууд танина. Энэ гурван алхамын дараа энэ нийгэм аяндаа хүншиж иргэншинэ. Энэ нь XXI зууны дэлхийн иргэний хэмжээнд сэтгэн бодож, хүсч тэмүүлдэг болохын дохио.  

Сүүлчийн алхам нь дэглэм бүрмөсөн нурж, аяндаа өмнөддөө уусан орох явдал.  “Англи хэлжилт”, “өрнөшил”, “америкжилт”, конвейрын үйлдвэрлэл, хямд үйлчилгээ, гэр ахуйн техник, энэ бүхэн залгана. Үүнээс өөр тайван замын хувилбар  байна уу...