Бүлэглэл ба Эвслийн шинэ эрэлд

A- A A+
Бүлэглэл ба Эвслийн шинэ эрэлд

                                                                                        
  Проф.Олхонуд Баярхүү

Нэг. Гурван сонголтоос дахин гурав руу

“Хүйтэн дайн” буюу олон улсын харилцааны иерархи бүтцээс шалтгаалсан гурван зам хүн төрөлхтний өмнө сонголт болж байсан түүхээс эхэлье.  Энэ нь:

1]  Нэг бол СССР-ийг дагах  (Монголд өөр сонголт байгаагүй)
2]  Үгүй бол АНУ-ыг дагах
3]  Алийг нь ч дагахгүй гэвэл Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд элсэх

Олон улсын харилцааны дээрх тогтолцоо “Хүйтэн дайн”-тайгаа хамт нурж, олон улсын харилцаанд анархи  (эмх замбраагүй)  байдлыг үүсгэсэн ба хүн төрөлхтний өмнө бүлэглэлийн цоо шинэ сонголт тулгарчээ.  

Хүйтэн дайны дараахь ертөнц дэх улс түмэн үзэл суртал, улстөр, эсвэл эдийн засгаараа ялгарахаа больж,  зөвхөн соёлын ялгаа нь үлдэв. Өнөөдөр улс үндэстнүүдийн хувьд “Бид хэн бэ?” гэдэг энгийн асуултад хариулт олох, түүнээ уламжлалын үүднээс үнэт зүйлстэйгээ холбон авч үзэх шаардлагатай болж байна. Улс үндэстэн бүр  өөрийн онцлог төрхөө төрөл садан, шашин, хэл, түүх, эрхэмлэх үнэт зүйлс, зан заншил, институци, иргэншлийнхээ хүрээнд тодорхойлохыг зорьж байна. Улс үндэстэн бүр зөвхөн өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд бус, мөн өөрсдийн онцлог төрхөө тодорхойлохын тулд улс төрийн бодлогыг ашиглаж байна. Бид юуны өмнө өөрсдийгөө хэн юм бэ гэдгийг мэдэхийг хүсвэл эхлээд бид хэнд хамаарахгүй бэ, хэний эсрэг бид байх ёстой вэ гэдгийг мэдэх хэрэгтэй гэж америкийн профессор С.Хантингтон тэмдэглэсэн байдаг. 

  • С.Хантингтоны иргэншил, соёлын онолоор бол яах аргагүй “Өрнөшил”, “Америкжилт”, “Неоатлантизм” гэсэн ганц утга давчихаад, үүний ганцхан нотолгоо нь НАТО, Европын Холбооны тэлэлт болж байгаа аж. АНУ, Өрнөд Европынхны нийгмийн үнэлэмж хэмжүүр нь ийнхүү дахин бүлэглэх үндэс нь болсон байна.
  • Гэтэл үүний эсрэг космополит онол байна. Ертөнц бол нэг. Энэ бол даяаршлын гол зарчим. Энэ зарчим одоо цагт   харилцан хамаарал гээч үзэгдлээр нөхцөлдсөн ба энэ нь орчин цагийг тодорхойлогч нэг чухал хүчин зүйл мөн. Нэгэнтээ хуучин коммунист асан, хөгжиж буй, коммунист нэртэй 50-60 улс орон, хүн төрөлхтний бараг тал нь сонгодог капитализм тийш шилжилт хийж буй нөхцөлд ерөөсөө бүлэглэх, эвсэх хэрэг байна уу гэх бас нэг онолыг сөргүүлж тавьдаг.
  • Энэ хоёрын яг дундуур бүлэглүүлэх бас нэг онол байна. Ази-Хятадын, Ази-Энэтхэгийн, мөн Бразилийн хөрөнгө давамгайлсан, соёл ноёлсон, тэд чирэгч нь байх цоо шинэ бүлэглэлүүд гарч ирэх.

 

Энэ гурван сонголтоос цааш өөр сонголтууд өч төчнөөн бий бөгөөд зөвхөн Ази тив, Номхон далайн бүс нутагт бүс нутгийн, бүс нутаг хоорондын, олон улсын, салбар бүс нутгийн олон талт үйл явц, институци, дэглэм, байгууллага, форумын тоо 320-иос давж гарсан нь  дэлхийн улс гүрнүүд бүлэглэл ба эвслийн шинэ эрэлд яваагийн сонгодог дүр зураг гэлтэй.

Хоёр. СССР-ийн буурин дээр

Бүлэглэл ба эвслийн шинэ эрэлд хамгийн идэвхтэй яваа гэж үзэж болох   сонгодог дүр зургийг зөвхөн Оросоор жишээлүүлж болно. Евразийнхаа  шинэ  орон зай дээр ОХУ  геополитикийн шинэ гарц, шинэ холбоотны эрэлд мордоод 16 жилийг ардаа үдсэн ба үр дүн нь дор харагдаж байна. Үүнд:
 

  • Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл – СНГ
  • ЕврАзЭс буюу Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэг
  • Орос, Белоруссын Холбооны Улс
  • Гаалийн Холбоо ба Эдийн засгийн нэгдмэл орон зай
  • “Кавказын дөрвөл”  (“Боржомын дөрвөл”)
  • Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага- ОДКБ
  • Шанхайн хамтын ажиллагааны байгууллага
  • СВМДА буюу Азид харилцан ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх aрга хэмжээний асуудлаархи зөвлөгөөн
  • АПЕК буюу Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа
  • Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага
  • Европын Зөвлөл
  • АСЕАН-ы Бүсийн чуулга
  • Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага
  • Балтийн тэнгисийн орнуудын зөвлөл
  • Баренцев/Евроарктикийн бүс нутгийн орнуудын зөвлөлийн гишүүнээр одоогоор элссэн ба хэтдээ НАТО-гийн бараг хавсарга гишүүн
  • Лалын нийтийн зах зээл буюу Баруун Азийн чөлөөт худалдааны  бүсийн гишүүн болохоо зарлаад байгаа гэхчлэн.

Тухайн цагтаа ЭЗХТЗ-өөс салж өнчирсөн БНМАУ гишүүн нь болчихдог юм билүү гэж үзэж байсан Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл гэдэг энэ том эвсэлд салалт гарцаагүй нүүрлэж, орыг нь залгах хэд хэдэн бүлэглэл гарч иржээ. "ГУАМ" (Гүрж, Украин, Азербайжан, Молдова) нь ТУХН-ийг шууд сөрсөн, газар зүйг улстөртэй холбосон геополититикийн тэнхлэг маягаар (Прибалтика - Украин - Молдова – Гүрж) сууриа тавьж байна. Оросгүй интеграц үлгэр болох тавилантай тул “Евразийн эдийн засгийн орон зай” (ЕЭП) гэгчийг үүний альтернатив хувилбар гэж нөгөө талаас үзэх болжээ. ГУАМ-ыг Ардчилал, хөгжлийн төлөө байгууллага” (АХТБ) хэмээн нэрлэе гэсэн санал нэлээд яригдаж байна. Молдовын Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, АХТБ – ГУАМ-ын 4 гишүүнээс гадна   Европын Холбооны зарим гишүүд, Европын Холбооны шинэхэн гишүүн болох Болгар, Румын бас гишүүн нь байх ёстой юм гэнэ. ТУХН-ийг булшлах лут алхмыг 2005 оны сүүлчээр хэсэг улс хийсэн ба  тэр үед байгуулагдсан Сообщество демократического выбора (СДВ) буюу Ардчилсан сонголтын хамтын нийгэмлэг (АСХН) гэх эвсэлд ТУХН-ийн гурван гишүүн – Гүрж, Молдова, Украин орж, тэдэнтэй Польш, Латви, Литва, Эстони, Македони, Румын, Словени эвсчээ.

СССР-ийн буурин дээр эвсэл бүлэглэлийн эрэл гэхээсээ холион бантан маягтай үйл явц үргэлжилж байгааг толгой эргүүлэм дээрх олон баримтаас харж болохоор байна.  

Гурав. Европ

Бүс нутагчлал, бүс нутгийн олон талт үйл явц, институцийн хамгийн ахмад, зөв, оновчтой хувилбар бол Европын Холбоо гэдэгтэй маргах хүн байхгүй. Эдийн засгийн хөгжлийн төвшин, ялгаа зөрүүг үл харгалзан “Европын нийтлэг иргэншил, соёл, үнэт зүйлс, нийтийн зах зээл”  гэгчээрээ 15-уулаа байсан барууныхан нь Дорнод, Төв Европ, Балканы  экскоммунист 10, мөн Мальта, Киприйг оролцуулан одоо 27-уулаа болж авсан ба ойрын ирээдүйд Хорват, Македон, Турк нэгдвэл 30-уулаа болно. Хуучин СССР-т багтаж асан Балтийн гурав эгнэгт цаашаа харсан ба араас нь Гүрж, Украин мөн ийм магадлалтай байхыг үгүйсгэхгүй.  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Европын Зөвлөл, НАТО-гийн Энхийн төлөө түншлэлийн хөтөлбөрөөр хуучин СССР-ийг бүхэлд нь Европын олон улсын институцид хамж авсан ба хэтдээ маш хүчирхэг, нэгдмэл, бат цул Европ (магадгүй иргэншил дамнасан) дэлхийн бодлогод зонхилох үүрэг гүйцэтгэнэ гэсэн ерөнхий таамаг бий.        

Дөрөв. Зүүн Ази

Ази гэх энэ том орон зай нь иргэншлийн тэнхлэгээрээ хэд хэд хуваагдаад байна. Зүүн Ази, Лалын Ази, Энэтхэг гэсэн гурван том цагариг үүсч байна. Энд би гурван цагариг дахь 320 гаруй институцийг ярих бус манайд шууд хамаарах бүс нутаг руу хандуулъя.

“Хүйтэн дайн”-ы нэг үр дагавар хэмээн үздэг Зүүн өмнөд Азийн орнуудын Холбоо буюу АСЕАН нь чухам Азидаа олон талт үйл явц, институцийн хамгийн цорын ганц, ахмад хувилбар нь байлаа. Эдийн засгийн интеграцчилалд шилжсэнээс хойш АСЕАН-ы 10 улсад өсөлт тогтвортой байна. 2020 он г эхэд АСЕАН-ы Эдийн засгийн хамтын нийг эм лэг бу юу нэгдсэн зах зээлд шилжих хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. 2020 он гэх э д АСЕАН-ы А юулгүй байдлын хамтын нийг эмлэг байгуулах зорилт хэрэгжинэ. АСЕАН-ы орнуудын бүсийн доторхи эдийн засгийн хамтын ажиллагааны хүр ээ улам нарийсч салбарлалаа.

Олон улсын ба бүс нутгийн хөгжлийн хандлагыг тусган хамтын ажиллагааны шин э хэлбэр бүрдүүл эхэд АСЕАН голлон анхаарч байна Улс төрийн хүрээнд 2002 онд Азийг бүх элд нь багтаасан “Азийн хамтын ажиллагааны яриа х элэлц ээ”-ний механизм үүсг эж, эдүгээ 28 гишүүн улсыг нэгтгэж байна. Малайзийн санаачилгаар 2005 онд Зүүн Азийн д ээд хэмжээний уулзалт (East Asian Summit) хэмээх бас нэгэн форум үүсч, АСЕАН, АСЕАН+Гурав, Австрали, Шин э Зеланд, Эн этхэг оролцсоноор  Ази-Номхон далайн бүс нутагт  эдийн засаг-худалдаа-аюулгүй байдлын олон талт хамтын ажиллагааны асар том орон зай үүсч, нэг цогц үйл явц болж цааш өрнөх төлөвтэй.  

Эдүгээ нэр бүхий хэсэг улсыг “Зүүн Ази” гэж нэрлэж хэвшжээ. Зүүн Ази гэдэг энэ их дэвсгэр дээр бүхэлдээ тогтвортой хөгжлийн үе эхэлж, эдийн засгийн хувьд эвсэх, интеграцчилагдах үйл явц мөн гэрлийн хурдаар явж байна.   Эдийн засгийн хувьд бүс нутагтаа хоцрогдсон гэж үзэж буй тэр хэсгийг (Лаос, Мъянмар, Камбож, Монгол, Хойд Солонгос гэх мэт) эдийн засгийн хувьд хурдацтай хөгжүүлэх их зорилт өмнө маань байна.

Тав. Африк

Ямагт хар бараанаар төсөөлөгдөөд ирчихсэн, дайн самууны үүр уурхай гэж үздэг Африкийг аваад үзэхэд бүс нутгийн олон улсын, салбар бүс нутгийн олон улсын институци, байгууллага, форум гайгүй төлөвшиж байгаа төлөв байна. Энд Монголтой холбохгүйгээр зөвхөн мэдээлэл хүргэх, санаа сэдэл авахуулах үүднээс нэрлэе.

Сахарын цөлөөс өмнөших Хар Африкт гэхэд л Баруун Африкийн эдийн засаг-валютын холбоо, Дорнод ба Өмнөд Африкийн нийтийн зах зээл, Мано мөрний сав газрын улсуудын холбоо, Африкийн өмнөд хэсгийг хөгжүүлэх хамтын нийгэмлэг, Төв Африкийн эдийн засаг-валютын хамтын нийгэмлэг, Баруун Африкийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Их нууруудын орнуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Төв Африкийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Төв Африкийн гааль, эдийн засгийн холбоо, Өмнөд Африкийн гаалийн холбоо гэж нэр нь ч адилхан, өөр хоорондоо юугаараа ялгардаг нь бүү мэд  10 том эвсэл байна. Баруун Африкийн долоон улс дундаа нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болсон ба түүнийг нь Баруун Африкийн Төв Банк гүйлгээнд гаргадаг аж. Харин Хойд Африкт ийм дэвшил байхгүй. МАГРИБ-ын (Алжир, Тунис, Марокко, Ливи), МАШРИК-ийн (Египет, Сири) интеграцийн нэгдэл бүтэлгүйтсэн.   

Африкт эдийн засгийн интеграц  2028 он хүртэл зургаан үе шаттай явагдана гэнэ.  Африкийн Эдийн засгийн Хамтын нийгэмлэг байгуулахдаа:

  • Эхний шатанд бүс нутгийн эдийн засгийн хамтын нийгэмлэгүүд байгуулах, үүнд Арабын Магрибын Холбоо, Төв Африкийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Зүүн ба Өмнөд  Африкийн нэгдсэн зах зээл, Өмнөд Африкийн хөгжлийн хамтын нийгэмлэг, Баруун Африкийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг байгуулж ажиллуулна.
  • Тариф худалдааныхаа элдэв бэрхшээлийг арилгаж, худалдаа, хөдөө аж ахуй, санхүү, тээвэр, харилцаа холбоо, аж үйлдвэр, эрчим хүчний салбарыг интеграцижилж, бүс нутгийн эдийн засгийн хамтын нийгэмлэгүүдийг зохицуулна.
  • Бүс нутгийн эдийн засгийн хамтын нийгэмлэгүүд дотроо Чөлөөт худалдааны бүс, Гаалийн Холбоо  байгуулна.
  • Бүс нутгийн эдийн засгийн хамтын нийгэмлэгүүдийг хамарсан тариф, тарифын бус системийг зохицуулах замаар Тивийн Гаалийн Холбоо байгуулна.
  • Африкийн Нэгдсэн зах зээл байгуулан, хамтын бодлогоо батална.
  • Бүх салбарыг интеграцижилж, Африкийн Төв Банк байгуулан нэгдсэн нэг мөнгөн тэмдэгттэй болно. Улмаар Африкийн Эдийн засаг, мөнгөний Холбоо байгуулж, Пан-Африкийн анхны парламентыг  сонгоно гэж Абужагийн Гэрээнд заажээ. 1994 оны энэ гэрээ хэрэгжвэл эдүгээгийн 51 улс эхлээд таван тусдаа бүс нутгийн эвсэлд хуваагдаад, хэтдээ Европын Холбоо маягийн нэг том эвсэл болох ажээ.       

 
Зургаа. Латин Америк

Энд мөн Монголтой холбохгүйгээр зөвхөн мэдээлэх, санаа сэдэл авахуулах үүднээс нэрлэх хэд хэдэн эвсэл бүлэглэл байна. АЛАИ, Латин  Америкийн интергацийн холбоо, Андын хамтын нийгэмлэг, МЕРКОСУР, Карибын хамтын нийгэмлэг ба нийтийн зах зээл, Төв Америкийн нийтийн зах зээл, Америкийн хоорондын банк ажиллаж байгаа ба ойрын ирээдүйд Америкийн хоорондын чөлөөт худалдааны бүс бий болж, хэтдээ Европын Холбоо маягийн нэг том эвсэл Пан-Америкийн эдийн засгийн холбоо нэрээр бий болох ажээ.

Энд хамгийн их анхаарал татах нь, магадгүй хэтдээ Монгол очиж нийлэх   FEALAC буюу Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (“Сингапур-Чили”) “Рио-АСЕАН”  байна.

 

Долоо. Монгол

Ингэхэд Монгол геополитик, геоэкономик бүсчлэлээ нарийвчлан тогтоож чадсан уу? Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл гэж яваад л эвсэл бүлэглэлгүй хоцорсон. 2006 оноос АSЕМ буюу Ази-Европын уулзалтын гишүүнчлэлтэй, 2004 оноос Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ажиглагч статустай. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумд (АПЕК) нэгдэх чин хүслээ Гадаад бодлогын үзэл баримтлалдаа заасан. Монголын эдийн засгийн  хамрагдах бүс нь АПЕК  болж чадахгүй явсаар гишүүн элсүүлэхийг хоёр ч удаа  түтгэлзүүллээ. 2010 онд хүртэл тийшээ зүглэхгүй, нөгөө талаас  АПЕК-т реформ хийх хэрэгтэй гэсэн санааг саяхны Сиднейн дээд хэмжээний уулзалтын Тунхаглалд заасныг үзэхүл Зүүн Азийн хамтын нийгэмлэг яваандаа АПЕК-ийг ёс төдий уулздаг клуб болгон хувиргаж магад гэсэн нийтийн болгоомжлол байх шиг. Ямар ч гэсэн 100 хувь АПЕК-т өөрийгөө даатгаад нэмэргүй боллоо.
 
Ингээд Монгол нь ямар орон зайд багтах, хэнтэй эвсэх, хэнийг дагах, гол нь бүс нутгийн ямар бүтэц, байгууллага, форумд очиж элсэх интеграцчилагдах гэхчлэн олон асуудалд яаралтай хариу эрэх хэрэгтэй байна.

Түрэгүүдийн санал болгоод буй DA (Dialogue Aurasia) буюу Евразийн яриа хэлэлцээ гэдэгт уригдсан. Оросуудын санал болгоод буй “Сибирийн хэлэлцээр” бүс хоорондын нийгэмлэгт идэвхтэй явах, эсвэл  ОХУ-ын Чита муж, Буриад улс, Алтай улс, Тува улстай нийлээд   “Байгаль нуурын Эдийн засгийн хамтын нөхөрлөл” байгуулах  гэхчлэн тулга тойрсон ганц хоёр эвсэлтэй үлдмээргүй л баймаарсан.