Го.Энхтөр
(Сэтгүүлч)
П.ЖАСРАЙ: ЭВСЛИЙН YЕД ИХ ӨРИЙН АСУУДАЛ МУХАРДАЛД ОРСОН
«Их өрийн асуудлыг тэглэв» гэдэг баярт мэдээг монголчууд Ерөнхий сайдаасаа сонсоод «үүнээс илүү шинэ жилийн бэлэг гэж юу байхав» хэмээн дор бүрнээ баясан байна. Харин сөрөг хүчнийхэн огт өөр зүйл ярьж эхэллээ. «Ардчилсан холбоо» эвслийн үеийн Засгийн газрын Ерөнхий сайдууд их өрийн дансыг дугуйлчихлаа гэдгийг хүлээн зөвшөөрсөнгүй. Монголчууд үнэхээр ОХУ-д өргүй болж чадсан уу?
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн П.Жасрайтай уулзаж байр суурийг нь сонирхлоо.
-Их өрийн асуудлыг шийдчихлээ гэж Засгийн газар зарлалаа. Та төрийн удирдах албан тушаалд олон жил ажилласан хүнийхээ хувьд сэтгэгдлээ хуваалцахгүй юу. МАХН түүхэн гавьяа байгуулж чадсан уу?
- Их өрийг шийдсэн асуудлыг хамгийн товчоор «тэр бүр тохиолдоод байдаггүй томоохон түүхэн үйл явдал» гэж хэлмээр байна.
- Таныг Ерөнхий сайд байх үед, түүнээс өмнө их өрийн асуудал ямар түвшинд яригдаж байв. Тухайлбал тодорхой хувийн талаар ОХУ-аас санал болгож байсан хувилбар байдаг уу?
-Их өрийн төлбөрөөс чөлөөлж өгөх хүсэлтийг манай тал нэлээд дээр үеэс тавьж байсан баримт бий. Миний мэдэж байгаагаар 1970-аад оны үеэс таван жилийн төлөвлөгөөний зохицуулалт хийгдсэний дараа «...манай улсын Засгийн газар урьд өмнө авсан зээлийн өрөөс чөлөөлж, шинэ таван жилд төчнөөн шилжих рублийн зээл тусламж өгнө үү гэсэн захидал бичдэг. Хариуд нь ЗХУ-ын Засгийн газар ирэх таван жилд төлөх ёстой зээлийн өрийг хүүгүйгээр таван жилээр хойшлуулж, шинэ таван жилд төчнөөн шилжих рублийн зээл олгож, төчнөөн шилжих рублийн буцалтгүй тусламж үзүүлье» гэсэн хариу ирүүлдэг зуршилтай байсан юм.
Харин М.С.Горбачевын санаачилсан «өөрчлөн байгуулалт, улс хоорондын харилцааны шинэ сэтгэлгээ»-ний тухай яригдах үеэс их өрийн тухай асуудлыг манай тал шаргуу тавьж эхэлсэн. 1989 онд Ж.Батмөнх гуай ЗХУ-д албан ёсны айлчлал хийх үед өрийн асуудлыг судалж хэлэлцэхээр хоёр оны төлөвлөгөөний төв байгууллагын дарга нар тохиролцсон нь их өрийн талаарх хэлэлцээний анхдагч нь болсон байх.
Yүнээс хойш 1995 он хүртэл өндөр, дээд хэмжээнд бүтэл муутай хэд, хэдэн яриа болсон байдаг юм. 1995 оны эхээр хоёр орны Ерөнхий сайд нар Москвад уулзаж, Орос Монголын ХХ зууны харилцааны түүхийн талаар /өнгөтэй гэгээтэй, эрээнтэй бараантай аль алиныг нь хамруулан/ тогтон ярилцаж зээлийн өрийн асуудлыг шийдэхдээ өр үүссэн түүхэн нөхцөл байдлыг харгалзан үзэхийн хамт, Засгийн газрын түвшинд хэлэлцээ эхлүүлж, өрийн үлдэгдэлд хүү тооцохгүй байх тохиролцоонд хүрч баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ тохиролцооны дагуу ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч Давыдовын толгойлсон төлөөлөгчидтэй манай нөхөд 1996 оны дунд үе хүртэл хэд, хэдэн удаа хэлэлцээ хийсэн. ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд одоогийн Ерөнхий сайд К.Касьянов (тэр үед ОХУ-ын Сангийн яамны орлогч сайд байсан) орж байсан «сонин» тохиолдол бий. Эдгээр хэлэлцээнд манай талаас тухайн үеийн Сангийн сайд Даваасамбуу, Бямбажав, Yндэсний хөгжлийн газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Улаан, Монголбанкны ерөнхийлөгч Моломжамц нар холбогдох мэргэжилтнээ удирдан оролцож, голлох үүрэг гүйцэтгэж байв. Хэлэлцээний явцад 1:1 гэсэн харьцаагаар өрийн нийт хэмжээ 10 тэрбум доллар гэж тогтон, Оросын тал эхний удаа өрийн 80 хувийг чөлөөлж, 20 хувийн төлөх хугацааг сунгах, Монголын тал өрийн 97 хувийг цайруулж, гурван хувийг нь төлөх, хугацааг сунгах санал тавьж үүнийгээ баримт бичигт тусгасан. Хожим нь Оросын тал өрийн 85 хувийг цайруулж 15 хувийг нь төлүүлэх санал тавихад манай тал өрийн 95 хувийг хасч, таван хувийг нь цаашид төлөх саналыг зөрүүлэн тавьж байсан. Ингээд манай нам 1996 оны УИХ-ын сонгуульд ялагдаж цөөнх болсон учир Засгийн эрх «Ардчилсан холбоо» эвсэлд шилжсэн.
- Эвслийн үед энэ хэлэлцээр зогссон уу?
- «Ардчилсан холбоо» эвслийн анхны Засгийн газраас эхлээд л өрийн асуудлаар ОХУ-тай хэлэлцээ хийхгүй гэсэн хатуурхсан байр суурь баримталсан. Yүнээс болж зээлийн өрийн үлдэгдэлд Оросын тал хүү бодож эхэлсэн байдаг юм. Ингэж их өр нэг тэрбум 340 сая ам.доллараар нэмэгдсэн шүү дээ. Түүгээр ч барахгүй Монголын талын хатуурхсан байдлаас болоод Степашин ОХУ-ын Засгийн газрын тэргүүн байхдаа нийт өрийн 70 хувийг Парисын клубийн зарчмаар хөнгөлж, үлдсэн 30 хувийг нь төлүүлнэ гэсэн тулган шаардсан өнгө аястай захидал ирүүлсэн тохиолдол бий.
- Их өрийн асуудлыг шийдэхэд нөлөө үзүүлсэн хамгийн гол хүчин зүйл юу байсан бэ?
- Энэ хүрээнд би гурван хүчин зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, ардчиллын үнэт зүйлсийг үзэл баримтлалдаа бүрэн шингээсэн Монголын улс төрийн жинхэнэ ардчилсан хүчин болох МАХН 2000 оны сонгуулиар төр, засгийн эрх мэдлийг авч эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашиг сонирхлыг дээдэлсэн цэгцтэй, уламжилсан бодлого явуулсан явдал, хоёрдугаарт, ОХУ-ын шинэ удирдлага Ази руу чиглэсэн бодлогоо хэрэгжүүлэхэд жижиг хэрнээ шаггүй нөлөөтэй Монголын хүчин зүйлийг зөв үнэлж, Монголтой уламжлалт найрсаг харилцаагаа цаашид хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байгаа явдал. Гуравдугаарт, хувь хүний хүчин зүйл нөлөөлсөн.
- Их өрийг тэглэсэн гэх дуулиан МАХН-ын нэр хүндийг «суга» өсгөлөө?
- Энэ нь манай намын Засгийн газар, ерөнхий сайд Н.Энхбаярын эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан түүхэн гавьяа мөнөөс мөн. Бас үүний цаана 2000 онд МАХН-д итгэл үзүүлэн төр, засгийн эрх барих мандат олгосон ард түмний маань ач гавьяа, буян хишиг байгаа юм шүү.
Сүүлийн гурван жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Холбооны зөвлөлийн дарга, Думийн даргын нэгдүгээр орлогч нь Монголд айлчилж, Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд К.Касьянов нар их өрийн асуудлыг шийдэхдээ өр үүссэн түүхэн нөхцөл байдлыг харгалзах, Монголын эдийн засагт дарамт үзүүлэхгүй байх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх шаардлагад нийцүүлэх зэрэг зарчмын асуудлаар манай удирдлагуудтай тохиролцоонд хүрсэн явдал миний дурдсан хоёр дахь хүчин зүйлийн илрэл гэж бодож байна.
- Асуудлыг шийдэхэд хувь хүний нөлөө чухал байсныг хэллээ. Хэлэлцээр үргэлжилж байх мөчийг Та эргээд дурсахгүй юу? Yнэхээр халуухан яриа хөөрөө, маргаан, сэтгэл түгшээсэн хүнд даваа байсан тухай ярьдаг.
- Улс хоорондын харилцааны ийм том асуудлыг шийдэхэд хувь хүний нөлөө асар их байдаг. Ерөнхий сайд Н.Энхбаяр их өрийн асуудлаар дээд түвшинд хэлэлцээ хийхдээ нөгөө талынхаа гадаад бодлого, улс хоорондын болон бүс нутгийн харилцааны өнөө үеийн онцлог, ирээдүйн төлөвийг гүнзгий мэдэрч, түүнийг Монголынхоо язгуур эрх ашигт хэрхэн нийцүүлэхийг нарийн тооцоолж, торгон мэдрэмжтэйгээр ухаалаг ажиллаж чадсан. 2003 оны долдугаар сард Москвад болсон хэлэлцээний явцад Н.Энхбаярын энэ чанар, ялангуяа халуун гэж хэлж болох агшин бүрт тод илэрч байсныг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж байсан бид сайн мэдэрч байлаа. Ер нь өрийн асуудлаар сүүлийн үед Н.Энхбаяр, К.Касьянов нар хэд хэдэн удаа биечлэн уулзаж, ярилцсаны дээр хэлэлцээний явцад ямар нэгэн асуудал гарвал л шууд утсаар ярилцаж санал солилцдог байсан юм. Ийм байдал 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний 20 цаг хүртэл үргэлжилсэн гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх аа.
2003 оны долдугаар сарын тохиролцооны дагуу их өрийн асуудлыг эцэслэн шийдэхэд манай Засгийн газрын холбогдох нөхөд, ялангуяа Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан ихээхэн хүчин чармайлт гаргаж янз бүрийн арга сүвэгчлэн үр бүтээлтэй ажилласныг зориуд хэлмээр байна.
Ж.НАРАНЦАЦРАЛТ: ИХ ӨРИЙГ ТЭГЛЭСЭН ГЭХ МАХН-ын ШОУГ ОЙЛГОХГYЙ БАЙНА
Харин Ардчилсан нам их өрийн асуудал шийдэгдээгүй гэсэн тайлбарыг хийж байна. Өр шийдэгдсэн эсэхэд «эргэлзэж» экспертийн комисс хүртэл байгуулжээ. Тус комиссын ахлагч, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Наранцацралттай уулзаж ярилцлаа.
- Их өрийн асуудлыг шийдчихлээ гэдэг мэдээ сонсоод Монгол хүн бүр баярлаж байна. Харин Ардчилсан нам баярлах цаг эрт байна гэж үзэж буй бололтой. Yнэхээр энэ их өрийг шийдээгүй гэж та бүхэн үзэж байгаа юм уу?
- Монгол Улсын Yндсэн хуульд олон улсын гэрээ, хэлэлцээртэй холбоотой асуудлыг УИХ шийднэ гээд заачихсан байдаг. Яриад буй их өрийн асуудлыг энэ л зарчмаар хэлэлцэж, эхлээд УИХ-ын шийдвэр гарах учиртай юм. УИХ-ын бүрэн эрхэд хамааралтай асуудлыг Засгийн газар шүүрэн авч их өрийг тэглэлээ гэж байгаа нь он солигдох мөчийн шоу болсон. Хоёр улсын дунд үүссэн ийм асуудлыг ганцхан Ерөнхий сайд шийдэх эрхгүй л байхгүй юу. Тэгээд ч энэ асуудлыг өр мөн үү, биш үү гэдгийг яг нарийн тогтоогүй шүү дээ. Монгол Улс Оросын эрхшээлд явсны төлөөс ч юм бил үү.
- Гол нь их өрийг шийдсэндээ асуудлын мөн чанар байх ёстой биш үү. Ямар аргаар гэдэг нь чухал зүйл биш биз дээ?
- Анх 11 тэрбум шилжих рублийн өрийн тухай ярьж байсан. Сүүлдээ үүнийг гадаад валютад хөрвүүлэн тооцож цайрууллаа. Энэ нь ард түмний нуруун дээр 270 гаруй тэрбум төгрөгийн өрийг үүрүүлж байгаа хэрэг шүү дээ. Yндсэн хуульд Монгол Улсын эрх ашигт харшилсан олон улсын гэрээ, баримт бичгийг дагаж мөрдөхгүй гэсэн заалт бий. Энэ асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Парламентын ямар ч шийдвэргүйгээр их өрийн асуудлыг шийдлээ гээд байгаа Засгийн газрын шоуг би үнэхээр ойлгохгүй байна.
- Их өр олон Засгийн газар дамжин яригдсан байдаг. Таны тэргүүлсэн Засгийн газрын үед энэ асуудал ямар түвшинд яригдаж байв?
- Намайг Ерөнхий сайд байхад өрийн тухай яригдаж байсан. ОХУ-ын Засгийн газраас албан бичиг ирүүлж өрийг хүлээн зөвшөөрөх, тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлэх болзлыг тавьдаг байсан. Бид энэ бол Засгийн газрын дангаараа шийдэх асуудал биш, Монгол Улсын Yндсэн хуулийн хүрээнд УИХ-ын шийдэх асуудал гэдэг хариуг өгдөг байсан.
- Тухайн үед их өрийг хэдэн хувиар хөнгөлөх саналыг танай Засгийн газарт тавьж байсан гэж?
- Миний мэдэх бүх л Ерөнхий сайдад тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлэх санал тавьсаар ирсэн. Бид асуудлыг хойш тавихгүйгээр УИХ-аар хэлэлцүүлж, улс төрийн арга замаар шийдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан. ОХУ өрийг Парисын клубын зарчмаар шийдэх саналыг манай Засгийн газарт санал болгосон байдаг. Хэрвээ ийм зарчмаар, тэгээд Засгийн газар асуудлыг дур мэдэн шийдсэн бол Монголын ард түмний нуруун дээр дааж давшгүй ачааг үүрүүлэх байлаа. Тухайн үед манай Засгийн газарт ОХУ-ын болзлыг хүлээн зөвшөөрөх арга байгаагүй. Яагаад гэвэл энэ асуудлыг өр мөн үү, биш үү гэдгийг шийдээгүй байсан цаг.
- Энэ асуудлыг УИХ-аар шийдэх ёстой гэж Та хэллээ. ОХУ-ын Думээр ч бас энэ асуудлыг хэлэлцэх ёстой юу?
- ОХУ-ын парламент өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд асуудлыг бас шийдэх ёстой байх. Гэтэл одоо болтол Думийн тодорхой шийдвэр гараагүй байгаа шүү дээ.
- Тэгэхлээр их өрийн асуудал бүрэн шийдэгдээгүй гэж АН үзэж байна уу?
- Миний хувьд тийм л гэж ойлгож байна. Хоёр улсын парламентын аль нь ч энэ асуудлыг шийдээгүй байна. Хэрвээ өрийг 100 хувь чөлөөлсөн бол Монголын ард түмэн баярлах байсан. Гэтэл тэгсэнгүй. Шилжих рублийн өрийг ам.долларт шилжүүлснээр 250 сая ам.долларын өр ард түмний нуруун дээр үлдлээ. 11 тэрбум гаруй шилжих рублийн өр улс төрийн онцгой нөхцөл байдалд үүссэн. Тэгэхээр энэ асуудлыг улс төрийн арга замаар л шийдвэрлэх учиртай.
- Танай намаас экспертийн комисс байгуулж, ахлагчаар нь таныг томилсон юм байна. Гишүүдэд ямар хүмүүс багтаж байгаа вэ?
- Комиссын гишүүдэд ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал, Сангийн сайд асан П.Цагаан, Б.Баабар, Монголбанкны ерөнхийлөгч асан М.Yнэнбат, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, ОХУ-д Элчин сайдаар сууж асан А.Цолмон нар багтаж байгаа.
- Комиссын дүгнэлт хэзээ гарах вэ?
- Долоо хоногийн дараа экспертүүдийн дүгнэлт гарчих байх. Бид энэ талаар олон түмэнд мэдээлэл хүргэнэ. УИХ-д ч их өрийг шийдсэн гэх асуудлаар асуулга тавина.