Их өр дагасан эрвээхэй зангиатай нууцхан баяр

A- A A+
Их өр дагасан эрвээхэй зангиатай нууцхан баяр

Л.Болормаа
(Сэтгүүлч)

Монголын ард түмэнд баяр хүргэе. Би таван сая төгрөгийн өргүй. Уншигч Та, таны хүүхэд ч ялгаагүй, тус бүрдээ таван сая гаруй төгрөг ОХУ-д өгөх дарамтгүй боллоо. Харин хөөрч баярласнаа хорвоо дэлхийгээс сайтар нууцлаарай гэсэн шүү. Учир нь өглөг авлагын асуудлыг ингэж зохицуулсан туршлага дэлхийд байхгүй. Эдүгээ ОХУ-д өр төлөх ёстой олон орны хувьд Монголын жишээ аятайхан дууриал, зууш болж орхих вий хэмээн их хөршөөсөө илүүтэй бид өөрсдөө зовниж гарав. Гэнэн юм. Чимээгүй байхыг бодоорой гэж оросууд захисан гэнэ. 2003 оны сүүлийн үдэш Санхүү, эдийн засгийн сайд телевизийн дэлгэцээс ингэж аяархаан сануулав. Гэвч 2004 оны эхний өдөр интернэтээр Монгол Улс хөршдөө тавьсан өрөө хэрхэн хаасан тухай нарийн ширийн мэдээллүүд хэдийнэ цацагдсан байлаа. «Онцгой», «Шуурхай» тодотголтой телевизийн мэдээнүүд он солигдох зааг дээр Монгол орон даяар цацагдаж, 00.00 цагийн харанга цохих чимээг улам хүндэтгэлтэй болгов. Хилийн чанадаас шинэ оны мэнд хүргэж ярьсан хамаатнууддаа энэ тухай яаран дуулгаж байлаа. Олон олон айл хоёр он солигдохыг хүлээлгүй оргилуун дарсаа буудуулж орхисон шалтаг нь мөнөөх өр цайрсны баяр.

Тэгтэл тэр баярын өнгө аяс нэг л тод будагтай санагдав. «1947 оноос эхлэн хуримтлагдсан их өрийн 98 хувийг чөлөөлсөн. Yлдсэнийг нь яасныг яриад яахав. Нууцлах учиртай юм» гэж төрийн түшмэл байн байн сануулна. Хуучин оны сүүлийн үдэш эрвээхэй зангиатай Ерөнхий сайд маань ганцаараа сондгойрч, бүгд түүнтэй ялалтын хундага тулгах гээд дугаарлах шахам харагдана. Аз жаргал гийсэн тэдний царайг харж залхаад, эрхбиш дараа нь урган гарах асуултын хариуг хүмүүс эрж эхлэв.

Өрөөс үлдэх хоёр хувийг нь хэрхэн барагдуулсан юм? Тэр нь яг хэд вэ? «Хандивлагчдын нэг жилд өгдөг мөнгөнөөс арай бага» гэж эрхэм сайд тодруулж туслав. Ойлгохгүй байх вий хэмээн «Их өрийн хүүд жил тутам 150 сая ам.доллар төлж яваа. Тэгвэл хоёр жилийнх нь хүүгийн нийлбэрээс бага» гэж бүр ойртуулж өгөв.

Уг нь зүгээр л «200 сая орчим ам.долларыг Монгол Улсын Засгийн газар арванхоёрдугаар сарын 30-аас өмнө «Внешэконом» банкинд шилжүүлсэн. Ерөнхий сайдын долдугаар сард Москвад хийсэн айлчлалын явцад тохиролцсон үүргээ манай тал ийнхүү биелүүлсэн учир өрийн дансыг маань хаалаа. 200 сая ам. доллар төлснөөр эдийн засаг ноцтой дарамт амсаагүй. Уг мөнгийг хаанаас гаргасан бэ гэвэл...» (Цааш нь үргэлжлэх тайлбарыг интернэтийн мэдээллээс авч болно. Л.Б) Зүгээр л дээрх маягаар тайлбарлаад өгөхийг иргэд хүлээсэн боловч энгийн зүйл болгонд нууж хаадаг зуршлаараа битүү хатуу баахан тойруулжээ.

Яах гэж? Оросууд тэгээрэй гэж захисан юм уу? Манай хоёр улс онцгой харилцаатай хөршүүд. Монгол нутагт өнгөрсөн зууны турш цэцэглэсэн ололт амжилт болгоныг 11.4 тэрбум ам.доллараар бий болгосон. Харин монголчууд хариуд нь зүгээр суугаагүй. Их хөршийнхөө нүсэр үйлдвэрлэлийг хямд түүхий эдээр мөн л бүтэн зууны турш шахам хангасан. Аугаа Оросын батлан хамгаалах болон улс төрийн аюулгүй байдлын түшиц, бамбай нь байсан гэдгийг тэртээ тэргүй дэлхий нийт мэддэг. Тиймээс ч Монголтой хэн ч «онцгой нөхцөлөөр» өрсөлдөн барьцахгүй.

1995 онд Парисын клубийн 19 дэх гишүүнээр элссэнийхээ дараа ОХУ нь нэг шилжих рублиэ нэг ам.доллартай тэнцүүлэхийг зөвшөөрүүлж чадсан юм. Шинэ оросууд харилцааныхаа өмнөх нюансуудыг мартагнахыг хүссэн үе бий. Гэвч өнөөдөр, Оросын эдийн засаг хөгжлийн араандаа орсон нэн таатай нөхцөл дунд холын хараа, уужим ухаанаар асуудалд хандах боломжтой болжээ. Өнгөрсөн жил Орос орон өөрөө 17 тэрбум ам.долларын гадаад өр төлж барагдуулсан. «Yүний дарамтыг манай эдийн засаг мэдрээгүй» гэж В.Путин мэдэгдсэн юм. Аварга эдийн засагтай тус улсын хувьд ядуу хөршөө шахаж туйлдуулах, хамгийн гол нь нийгэмд Оросын эсрэг уур амьсгал бий болгохыг хүссэнгүй. Тиймээс ч өрх гэр болгоны нандин баяр шинэ жилийн үдэш Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд М.Касьянов нар нийт монголчуудад бэлэг илгээв. Тэр бэлэг зөвхөн Н.Энхбаяр, түүний Засгийн газарт хаягласан эд биш.

Хоёр орны харилцааны уламжлалд илүү хүндэтгэлтэй ханддаг улс төрийн хүчин Монгол, Оросын Засгийн газруудыг тэргүүлж буй үед ийм тохиролцоонд хүрснийг үгүйсгэхгүй. Гэхдээ их өрийн ийм, үүнээс ч хөнгөлсөн, бүрэн тэглэсэн хувилбарыг Н.Энхбаярынхаас өмнөх танхимууд ч шаардаж байсан. Бүр ерээд оны эхэнд Засгийн газар хоорондын комиссын бүрэлдэхүүнд багтан, тооцоо судалгаа хийж явсан Сангийн яамны мэргэжилтнүүд өрийг тэглэх үндэстэй тухай олонтаа дурдсан билээ.

«Их өрийг барагдуулах талаар ОХУ-ын Ерөнхий сайдын ирүүлсэн захидалд хариулж, хүндэтгэлтэй хандахыг» 1999 онд манай Засгийн газрын тэргүүнээс шаардаж байлаа. Монгол Улсын Засгийн газар болгон тэглэх хувилбарыг зөвшөөрүүлэх гэж бололцооны хэрээр ажилласан. Гагцхүү энэ цаг үед түүнийг нь зөвшөөрөх таатай нөхцөл бүрэлдэв. Тиймээс түүхэн үйл явдлыг хэн нэгний хувийн намтрыг баяжуулах нялуун магтаал бүү болгог.

Оросын эдийн засаг өсөлтийн замдаа орж, тэнд нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, олон улсын тавцанд улс төрийн нэр нөлөөгөө илүү эрхэмлэх болсон цаг үеийн тохироо нь «их өрийг буцалтгүй тусламж байжээ» гэж нэрлэх боломжийг бидэнд олголоо.