Шинэ Засгийн Газар 2000 онд байгуулагдсанаас хойш манай төр, засгийн тэргүүн нар гадаадын 30 оронд айлчлан олон улсын дээд болон өндөр хэмжээний уулзалтад оролцож, гадаадын төр, олон улсын байгууллагын удирдагч 18 хүн Монголд айлчилжээ. Эдгээр айлчлал, уулзалтын үр дүнд Монгол Улс хоёр талын 74 гэрээ, хэлэлцээр байгуулж, олон улсын 29 конвенцид нэгдэн орсон нь манай орны гадаад харилцааг өргөтгөн, гадаад ертөнцтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бий болгов.
Хоёр талын гадаад харилцаа
Монгол Улс хоёр хөрштэйгөө тогтвортой, эрх тэгш, тулхтай хандлага дээр үндэслэсэн өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхэд илүү таатай нөхцөл, боломжийг бүрдүүлж байна.
ОХУ-тай харилцах харилцааг идэвхжүүлж шинэ шатанд гаргав. Сүүлчийн айлчлалаас хойш 26 жилийн дараа буюу 2000 оны 11 дүгээр сард Оросын төрийн тэргүүний Монголд хийсэн айлчлалын үеэр хоёр тал харилцааныхаа суурийг тавьсан “Улаанбаатарын Тунхаглал”-д гарын үсэг зурав. Оросын Ерөнхий сайдын Монголд хийсэн 2002 оны айлчлал нь хоёр талын харилцаанд өмнөх түүхийн үеэс залгамжлагдан ирсэн хэд хэдэн том асуудлыг шийдвэрлэхэд удирдамж болох зарчмуудыг тогтооход онц ач холбогдолтой байв.
Дээд болон өндөр хэмжээний төлөөлөгчид солилцох замаар Монгол, Хятадын хоорондын найрсаг харилцааг цааш хөгжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийг оролцуулан бүх салбарт өргөжүүлж гүнзгийрүүлэхэд хүчин чармайлт гаргасан нь үр дүнгээ өгч байна. Одоогоор Хятадтай хийх худалдаа Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийн 33,4 хувьтай тэнцэж байгаа нь тус орны экспортын 53,7, импортын 19,3 хувийг тус тус эзэлж байна.
Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий орнууд болох Өрнөд, Ази-Номхон далайн бүс нутгийн АНУ, Япон, Өмнөд Солонгос, Европын Холбоо, түүний гол гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, өргөжүүлэх явдалд онцгой анхаарал тавьснаар олон тулгуурт гадаад бодлогоо хэрэгжүүлэхэд тодорхой дэвшил гаргаж чадав.
Монгол Улс, АНУ-ын хооронд харилцан ойлголцол, итгэлцэл гүнзгийрч, АНУ-ын гадаад бодлогод Монголын эзлэх байр суурь бэхжиж, илүү дотно уур амьсгал бүрэлдэн тогтсон гэж хэлж болно. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын АНУ-д 2003, 2001 онд тус тус хийсэн айлчлал чухал үүрэг гүйцэтгэсэн.
Монгол-Японы харилцаа “Бүх талын түншлэл” дээр түшиглэн бүх салбарт өргөжиж ирэв. Японы Засгийн газар бусад оронд үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжаа багасгаж буй боловч Монгол Улсад үзүүлж буй туслалцаагаа өмнөх жилүүдийн хэмжээнд байлгаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Их Хурлын дарга нарын 2001, 2002 онд Японд хийсэн айлчлал, мөн Хунтайж Акишинономия 2002 онд Монголд айлчилсан нь 21 дүгээр зуунд хоёр орны хооронд “Бүх талын түншлэл”-ийг урагшлуулах, Монгол Улсыг олон улсын тавцанд дэмжих Японы бодлого хүчтэй болоход их ач холбогдолтой байсан юм.
Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бие биеийг харилцан хүндэтгэсэн байдалд хөгжиж ирсэн гэж
тодорхойлж болох бөгөөд хамтын ажиллагааны утга агуулга улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарт улам баяжсаар байна.Манай төр, засгийн тэргүүн нар Европын Холбоо, Герман, Швейцарь, Лихтенштейн, Франц, Бельги, Люксембург, Украин, Туркд айлчилсан нь Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай холбоо, хэлхээгээ бэхжүүлэх, Европ тивийн бусад оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц өгсөн билээ.
Олон талт дипломат үйл ажиллагаа
Засгийн газрын бүс нутгийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн бусад орон, ялангуяа АСЕАН-ы гишүүн улсуудтай хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж, өргөжүүлэх ажилд тодорхой дэвшил гарсан.
Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн болохын хувьд Монгол Улс энх тайван, аюулгүй байдлыг дэлхий болон бүс нутгийн хэмжээнд бэхжүүлэх, нийтлэг үнэт зүйлсийг хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн. Нөгөөтэйгүүр, Монгол Улс хөгжлийнхөө хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хандивлагч орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт олох хүчин чармайлт тавьж ирэв.
Олон улсын хэмжээнд цөмийн зэвсэггүй статусаа бэхжүүлэх Монгол Улсын хүчин чармайлтын үр дүнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн цөмийн зэвсэгтэй таван гүрний зүгээс аюулгүй байдлын баталгаа гаргаж, Монгол Улсын байр суурийг дэмжихээ илэрхийлсэн мэдэгдэл гаргасан билээ. Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байгаа юм.
Терроризм нь өнөө үед дэлхийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж байгааг хүлээн зөвшөөрсний үүднээс Монгол Улс Терроризмын эсрэг олон улсын эвсэлд 2001 онд, Иракийн зэвсгийг хураах эвсэлд 2003 онд тус тус элсэн орсон. Улс төрийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Иракийг сэргээн босгох, тэнд энхийг сахиулах, нутгийн хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх олон улсын ажиллагаанд нэгдэн орох цэргийн албан хаагчдаа Иракт илгээж, материаллаг туслалцаа үзүүлэх шийдвэрийг Монгол Улс гаргасан билээ. Монгол Улс дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд үүний үр дүнд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 2002 оноос эхлэн оролцох болов.
Монгол Улсын Засгийн газраас Японы Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран Монголд хандивлагч орнуудын Зөвлөлдөх бүлгийн гурван удаагийн уулзалтыг 2001, 2002, 2003 онд Париж, Улаанбаатар, Токио хотод тус тус зохион байгуулсан.
Монгол Улс хөгжлийн өргөн цар хүрээтэй асуудлуудыг шийдвэрлэхэд НҮБ болон олон улсын бусад байгууллагатай идэвхитэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд Засгийн газраас “Мянганы Тунхаглал”-ын зорилтуудыг өөрийн бодлого, үйл ажиллагаанд тусгахад анхаарч байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2002 онд Монголд хийсэн айлчлал Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг олон улсын зохицуулалтын шинэ нөхцөл байдалд цаашид идэвхжүүлэхэд чухал алхам болсон юм. Энэхүү айлчлал Монгол Улс ардчилалд шилжих шилжилтийг эхэлснээс хойш дэлхийн хамтын нийгэмлэгийн тэргүүний хийсэн эхний айлчлал байснаараа онцлог байв.
Монгол Улсын санаачлагаар “НҮБ-ын Бичиг үсэгт суралцах арван жил”-ийг 2003 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлүүлэхээр зарласан бөгөөд энэ үйл ажиллагаа нь дэлхий нийтээр бичиг үсэгт тайлагдах үйл явцыг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой билээ. Монгол Улс НҮБ-тай хамтран Ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын олон улсын тав дугаар бага хурлыг 2003 оны 9 сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Олон улсын энэ чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан нь Монгол Улсын нэр хүндийг өргөхөд ихээхэн ач холбогдолтой болсон юм.
Хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд
Одоогоор Монгол Улс дэлхийн 143 оронтой дипломат харилцаатай, түүнээс 31 оронд дипломат төлөөлөгчийн газраа ажиллуулж байна. Монгол Улсын гадаад харилцаа өргөжихийн хэрээр Засгийн газраас хилийн чанадад улсынхаа төлөөллийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Монгол Улс сүүлийн жилүүдэд Оттава, Венад элчин сайдын яам, Сингапур, Кызылд ерөнхий консулын газраа нээж, Эрээнд консул томилон ажиллуулж байна. Мөн дипломат төлөөлөгчийн долоон газарт консулын хэлтэс нээсэн бөгөөд гадаадад Монгол Улсын 16 өргөмжлөлт консул ажиллаж байна.