Посткоммунист шилжилт Монголд 20 жилээс наашгүй

A- A A+
Посткоммунист шилжилт Монголд 20 жилээс наашгүй

Профессор Д.Баярхүү(МУИС-ийн ахлах багш)

Монгол Улс шилжилтийг амжилттай даван туулж хөгжлийн замдаа орлоо гээд байгаа, гэвч тэрхүү шилжилтийн эцэс төгсгөл гэдэг нь манайхны амарчилдагаас арай өөр юм. Иргэний дайн хийлгүй ардчилсан төрийн тогтолцоонд хүрснээ шилжилт дууссан мэтээр бид амарчлан ойлгож болохгүй. Дэлхийн нийт улс орнуудын гуравны нэг нь энэ шилжилт гээчийг туулж яваа, тэдний хувьд хөгжлийн зам бүгд өөрийн онцлогтой тул загварчлахаас нийтээрээ зайлсхийдэг. Энэ ойлголтыг Монгол руугаа дөхүүлж, яг бодитойгоор посткоммунист 28, коммунист таван улсын зарим жишээн дээр гадаадын судалгааны хүрээлэнгүүдээс ишлэн тайлбарлая.

Ардчиллыг ангилах нь

Посткоммунист орнуудыг гурав ангилсан судалгааг АНУ-ын Фрийдом Хаус хүрээлэн (Freedom House, New York) дараахь байдлаар гаргажээ

Эрх чөлөөт Хагас эрх чөлөөт Эрх чөлөөгүй
БНЧехУлс Словак Азербайжан
Эстони Македони Казахстан
Унгар Молдова Беларусь
Литва Орос Серби ба Черногор
Польш Украин Узбекистан
Словени Албани Тажикистан
Латви Хорват Туркменистан
Болгар Гүрж  
Монгол Улс БНКыргызУ  
Румын Армен  
  Босни-Херцоговина  

1990-ээд онд коммунизмын дөнгөнөөс салсан хуучин хань нөхдийнхөө дотор Монгол маань улстөрийн ардчиллаар тэргүүлэлцэж яваа юм байна. “Эрх чөлөөгүй” гэдэг ангилалд эдүгээ коммунизмдаа үнэнч яваа Хятад, Вьетнам, Куба, Лаос, Хойд Солонгосыг нэмж болох байх.

 Посткоммунист ба коммунист дэглэмүүд

Коммунизмын дөнгөнөөс салсан, салаагүй яваа дээрх 33 улсад өрнөж буй улстөрийн үйл явц, дэгдэмийнх нь төрх зэргээр таван категори гаргасан байна. Үүнд:

1) Коммунист системдээ үнэнч яваа
2) Улс орноо задрал, дезинтеграц руу оруулсан
3) Каписталист орнуудтай интеграцид орсон
4) Тогтворгүй замаар шилжиж буй
5) Тогтвортой замаар шилжиж буй гэх мэт.

Шилжсэн ба шилжээгүйн үндсэн төрх

Үндсэн төрх гэдгээр түгээмэл дөрвөн категорийг гаргаж иржээ. Үүнд:

1) Улс төр-эдийн засгийн хосолмол реформыг дөнгүүр хийж буй
2) Улс төр нь дөнгүүр, гэвч эдийн засаг нь базаахгүй
3) Эдийн засгийн үсрэлт хийсэн, гэвч хүний эрх, ардчилал огт байхгүй
4) Улс төр-эдийн засгийн реформын үнэр ч байхгүй

Энэ категорийг зөвхөн коммунист, посткоммунист гэлтгүй хөгжиж буй, шинэ тулгар бүх улс дээр авч үзэж болно. Харин социалист хань нөхдийн маань тухайд дараахь дөрвөн категорийг санал болгож болно. Үүнд:

1) Үндсэн хуулийн механизмаар ардчилсан реформ хийж чадсан
2) Эдийн засгаар суурилсан шилжилт хийж, эдийн засгийн өсөлттэй буй
3) Эдийн засгийн хагас реформ хийсэн
4) Улстөрийн шилжилт дуусаагүй, Үндсэн хуулийн хямралтай

Коммунизмаас посткоммунизм руу шилжих найман үе шат

Нэгэнтээ нийгмийн нэг байгууллыг (коммунизм) нурааж байгаа бол ямар нэгэн хямрал дамжиггүй, өөрөөр хэлбэл коммунизм—посткоммунизм—капитализм гэсэн гурван нийгмийн байгууллаар дамжихад дараахь эхний шатанд:

1) Төр засаг, удирдлагын хямрал
2) Хямралыг зохицуулах дугуй ширээний уулзалт хэлэлцээ
3) Эрх баригч коммунист нам эрх мэдлээ алдаж зайлах
4) Сөрөг хүчний намуудыг хуульчлах
5) Коммунист нам дахь гүнзгий эрс шинэчлэл (төрал арилжих гэсэн үг)
6) Олон намын төлөөлөл бүхий парламентын чөлөөт сонгууль
7) Төр улсын нэрийг солих
8) Эрс шинэчилсэн Үндсэн хууль батлах гэх мэт

Энэ найман шатыг давсан бол посткоммунист улс болж байгаа нь тэр болно.

20-30 жил шилжилт үргэлжлэх зүй тогтол

“Шилжилт” гэж онцлоод буй поскоммунист нийгмийн үргэлжлэх хугацааг загварчилж болохгүй, бэлээхэн жор байхгүй. Монгол, Төв Ази, Албанийн хувьд капитализм байгуулж байсан туршлага байхгүй. Бүхнийг цоо шинээр эхлүүлсэн эдгээр орон гурван үеийг туулан байж 20-30 жилийн дараа капитализмд хүрсэн байх тухайд ихэнхи судлаач санал нэг байна.

1) Эхний үе 1-5 жил нэгэнт өнгөрсөн ба дөрвөн салбарт реформ хийсэн. Энд 1990-ээд оны эхэн үеийн нийтлэг түүх бичигдэж байна.

Улс төр Хууль тогтоомж Эдийн засаг Барууны тусламж
Ардчиллын үндэс тавигдаж,чөлөөт хэвлэл бий болсон. Нам, төрийг заагласан. Нэг намын тогтолцоог халсан.Ардчилсан хүчний эвсэл байгуулагдсан Төрөөс арбитрын байгууллагад тавьдаг хяналтыг цуцласан Үнэ чөлөөлсөн. Колхоз, нэгдлүүдийг тараасан. Хувьчлалыг эхлүүлсэн Мөнгөний ханшийг унагахгүй байлгахаар тусламж авсан. Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авсан

2) Туулж өнгөрүүлсэн буюу зарим нь туулж буй түүхэн үе. Гэхдээ 3-10 жил үргэлжилнэ. Гол нь тогтвортой байдлыг хадгалан реформыг бүх талаар урагшлуулах ёстой.

Улстөр Хууль тогтоомж Эдийн засаг Барууны тусламж
Шинэ Үндсэн хууль баталж, төвлөрөн удирдах ёсыг халсан. Сонгуулийн шинэ систем баталж, шинэ ардчилсан сонгууль хийсэн. Улстөрийн шинэ элит бий болсон Өмчийн ба бизнесийн үйл ажиллагааг хуулийн дагуу зохицуулсан Банкны систем тогтоосон. Бага дунд хувьчлал хийсэн. Эдийн засгийн монополийг халсан. Шинэ элит, анги (хөрөнгөтөн) бий болж эхэлсэн Дэд бүтэцдээ зээл авсан. Техникийн ба менежментийн туслалцаа авсан. Худалдаандаа хөнгөлөлт эдэлж, хөрөнгө оруулалт орж эхэлсэн

3) Эдийн засгийн өсөлтийг хангах үе, улстөр нь туйлын эв нэгдэлтэй байх ёстой, гэхдээ 5-15 жилийн шилжилт дахиад хийнэ

Улс төр Хууль тогтоомж Эдийн засаг Барууны тусламж
Ардчилсан намууд бүрэн төлөвших, улстөрийн ардчиллын соёлд бүрэн суралцах ёстой Бие даасан шүүх засаглал тогтоох, эрх зүйн соёл бүрэн төлөвшүүлэх Их хувьчлалхийж, капиталист лобби бий болгох, эдийн засгийн жинхэнэ соёл төлөвшүүлэх Томхон хөрөнгө оруулалт хийх, НАТО, Европын Холбоо, АПЭК зэрэг барууны эвсэл форумд нэгдэх

Дээрхи гурван үе шатны сүүлчийн шатыг эдүгээ Төв ба Дорнод Европын посткоммунист 10 орчим улс туулж яваа гэхээс бусдын тухайд нэр заахгүй байна. Сүүлдэж хүрэх орнуудын жагсаалтад Монголыг оруулсан судалгаа байдгийг ор тас үгүйсгэж болохгүй.

Зүүн Азийн ардчиллын зургаан сургамж

"Сургамж" гэж нэрлэснийг бодвол төгс төгөлдөр нь ч биш бололтой. Тэрхүү сургамж бол:

1) Ардчилсан хүчнийг бэхжүүлж, төлөвшүүлэх
2) Ардчиллыг институцчилэх
3) Ардчилагдах ба эдийн засгийн өсөлтийн харьцааг хослуулах
4) Ардчилагдах гэдэгт эрх баригчид, институци, эдийн засгийн өсөлт бүгдээрээ хамрагдана
5) Олон улсын, гадны шууд нөлөөлөл зайлшгүй
6) Ардчилал бол соёл гэх мэтээр сургамжлах аж

Ухаан нь цэргийн харгис дэглэм тогтоож цус урсгаж эдийн засгийн өсөлтийг хангасан Өмнөд Солонгос, улс орондоо 40 жилийн турш байлдааны цагийн онц байдал зарласан Тайвань, улмаар Тайландын генералууд, Филиппиний дарангуйлагч Ф.Маркос, Индонезийн Сухарто нарт дахин бүү цус урсгаасай хэмээн АНУ-аас сэрэмжлүүлсэн ардчиллын сануулгыг сургамж хэмээн жагсаажээ.

Посткоммунизмын олон улсын орчин

1990-ээд онд зөвхөн социалист орнууд бус, дэлхий нийтээрээ хөдөлгөөн шилжилтэд орсон, тэр нь Ази тивийн хувьд ямар орчинг бүрдүүлэв. Үүнд:

· Харилцан хамаарал, даяаршлын нөхцөлд шилжиж байна
· Эдийн засгийн өсөлт, зах зээл институцчилэгдэв
· Төр улсын төрх олон улсын имижээр нь тодорхойлогдов
· Мэдээллийн технологийн хувьсгал Азид үсрэлтээр явагдав
· Төрт-улс биш тоглогчид олон улсын харилцааг тодорхойлов
· Уламжлалт бус аюулууд аюулгүй байдлыг хөндөв
· Бүс нутаг тэр чигтээ олон талт үйл явцад автагдав
· Ардчилагдах үйл явц хүрээгээ тэлэв
· Хятад нь дараагийн их гүрнээр тодорч байна гэхчлэн

Орос, Хятад дахь шилжилтийн харьцуулалт

Дэлхийн гурван том гүрэн – Орос, Хятад, Энэтхэгийг шилжилтийн болгож хувьсгаж чадсанд манай эрин үеийн гол гавьяа оршино гэж баруунд үзэж байх шиг. Хятад нь эдийн засгаа эрчимтэй шинэчлэн дэвшилд хүрсэн буй бол, тэрбум хүнтэй Энэтхэг нь “дэлхийн хамгийн том ардчилал” гэгдэж түүндээ үнэнчээ нотолсоор. Харин Оросын тухайд базаахгүй үнэлгээ давамгайлдаг. Тэр нь дараахь дүгнэлтээр тодорхойлогдоно:

1) Тусгаар тогтнох хандлага (Сонгодог жишээ нь Чечень, мөн Татарстан)
2) Төв ба бүс нутгийн хоорондын хурцадмал байдал (Сибирь, Урал Москвагийнхаа эсрэг гэх мэт)
3) Нийгмийн ба ёс суртахууны хямрал, туйлшрал ба хүчирхийлэл
4) Эдийн засгийн уналт
5) Мафийн ба гэмт хэргийн идэвхжил
6) Төрийн удирдлага нь зах зээлийн большевизм
7) Эмгэнэлт реформ нь тодорхой бус (татвар, шүүх, холбооны улсын бүтэц)
8) Хамгийн аюултай нь СССР-ийг сэргээхийг хүсэгчид сонгогчдын 25 хувь байсаар ирсэн

Хятад дахь улстөрийн либералчлал

Үндсэндээ Хятадын ирээдүйн “ардчиллыг” төсөөлөх зоригтон дэлхийн энэ олон сая судлаач дотор нэн ховор. Гэхдээ либералчлагдах боломж байна. Энэ нь:

1) Төр улс ба нийгэм хоорондын эвлэрлийг ямагт хадгалах
2) БХАТИХ-ын үүрэг ролийг тэлэх замаар улс төрийн системийг өөрчлөх, тэгснээр нийгмийн янз бүрийн бүлгүүдийг төрийн хэрэгт оролцохыг институцчилэх
3) Албан ёсны үзэл суртлын агуулга, үүрэг ролийг шинээр томъёолох

Хятад дахь шилжилт

Шилжилт нь дараахь зорилготой гэж дүгнэцгээж байна. Үүнд:

· 2010 он гэхэд дэлхийн томхон эдийн засаг болох
· Хятадаар төвлөрсөн Зүүн Азийн эдийн засгийн эвсэл хэтдээ бий болгох
· Захиран тушаах эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу системтэйгээр шилжих
· Социалист нийгмээ баараггүй капиталист онцлогтой болгох
· Барууны маягийн ардчиллыг хүлээн авах нь маш хязгаарлалтай тул улстөрийн реформод зааг тавина

Хойд Солонгост шилжилт магадлалтай юу?

Улстөр-эдийн засгийн реформын үнэр ч байхгүй яваа дэлхийн цорын ганц сталинч энэ дэглэмд дараахь тодорхойлолтыг өгч байна. Үүнд:

1) Зүүн Азийн геополитикийн шинэ аюул, шинэ орчин
2) Дэглэм нь нэн тодорхойгүй, төсөөлөх аргагүй
3) Үндсэрхэг үзэл ба нэг хүний тахин шүтлэгийн хослол
4) Эдийн засаг-улстөрийн хувьд зөвхөн Хятад, Орос хоёр л нөлөөлнө
5) Олон улсын гэмт хэрэг нүүрлэсэн
6) Ядуурал нь хэрээсээ хэтэрсэн

Хоёр Солонгос нэгдэх сценариуд

1) Германы загвараар энх тайвнаар нэгдэх – Зөөлөн газардах
2) Тэсрэлт – Дотоодынхоо хямралаар өөрөө нурж унах
3) Дотоод, гадаадаас зэрэг нөлөөлж хүчээр нураах

Энэ бол АНУ-ын төсөөлөл, харин Өмнөд Солонгост арай өөр төсөөлөл бий. Тэр нь:

· Хойд Солонгост тогтвортой байдлыг хадгалах
· Хойд Солонгосыг хэзээ ч ганцаардуулж болохгүй
· Хоёр Солонгосын нэгдлийг нэг тал нь нөгөөдөө тулгаж хэрэгжүүлж болохгүй
· Хоёр Солонгосын хооронд хамтран ажиллахыг хөхиүлэх гэж үзэж байна

Хойд Солонгосын дэглэмийн ирээдүй

Барууны ба Өмнөд Солонгосын судлаачдын дэвшүүлж таамагласан хэд хэдэн хувилбараас дор сийрүүлбэл:

1) Ким Чен Ирийн удирдлага дор дэглэм шилжилт хийх
2) Аажмаар хязгаарлагдмал хүрээнд хөршүүддээ нээлттэй болох
3) Мьянмагийн маягаар реформист цэргийнхэн ба технократуд эвсэж засгийн эрхийг авах
4) Бүс мөсөн сүйрэх. Энэ нь улстөр, эдийн засаг-нийгэм бүхэлдээ тэсрэх, иргэний дайн, үй олон сая дүрвэгсэд гэх мэт

Дүгнэлт

Бид коммунизм—посткоммунизм—капитализм гэсэн гурван нийгмийн байгууллаар дамжих нь гарцаагүй, үүнээс өөр хувилбар байхгүй, бид зөвхөн энд эхний шатнаасаа л салж ядан яваа. Зүүн Азийн загвараар Монголыг авч явъя гэж хүсэгчдийн хувьд бол, эхлээд цэргийн эргэлт хийн, улс төрийн бүх намыг хориглоод нэлээд цус урсгаж байж энэ ядуурлаасаа гарах, дараа нь америкчуудаар ардчиллаа тогтоолгох ёстой болох нээ.

“Шилжилтийн” үеийн орнууд гэдэгт ардчилал, зах зээлийг баримжаалан амжилттай шинэчлэгдэж яваа 40 гаруй орныг нэрлэж хэвшиж байна. Европын Холбоо, НАТО-гийн шинэхэн гишүүд, мөн АСЕАН, исламын зарим орон, Латин Америкийн ихэнхи нь энд орно. Монгол, ТУХН-ийн орнууд, ӨАБНУ гэхчлэн зарим улсад дотоодын асуудалтай, шударга ёс тогттол өдий, авилгал, гэмт хэрэг ихсэж буй, гэвч эдний шилжилтийн үеийг туулж буй мохошгүй эр зоригийг нь мартаж болохгүй, үнэлэх хэрэгтэй гэж үзэж байна. Дэлхий дээр зовлон бэрхшээл дагуулсан улс орон дэндүү олон, эдүгээ 50 гаруй байна. Ийм улсын тоонд Африк бараг бүхлээрээ орно, Латин Америкт хар тамхины мафи үүрлэсэн хэсэг улс, мөн Хойд Солонгос, Куба, Гаити, Балбыг энд оруулж тооцдог гэнэ. Азичууд бид Афган, Ирак хэмээх аймшгаасаа салж байна, гэхдээ цэгцэртлээ лав 20 жилийн цөхрөлтгүй хөдөлмөр хэрэгтэй. Хойд Солонгосоос гэнэтийн тэсрэлт ч юмуу, цөмийн мөргөлдөөн дэгдээж болзошгүй. Индонез, Тажикистан, Камбож, Балба, Бирм гэхчлэн Азийн зарим улсад дотооддоо үндэстэн-шашны, эсвэл маоист босогчдын, хар тамхины бөөн асуудалтай гэхчлэн эндээс ямар дүгнэлтэд хүрч болох вэ гэвэл, лав шилжилт гэдэг дэлхийн хэмжээнд тун амаргүй даваа бололтой дог.