NLP буюу популизмдэх арга

A- A A+
NLP буюу популизмдэх арга


Профессор Д.Баярхүү

Эдүгээ барууны сэтгэл судлалын шинжлэх ухаанд Neuro Linguistic Programming (NLP) гэгч онол хүчтэй түгж, аливаа юмс үзэгдлийг түүний хуулиар тайлбарлах болжээ. Махчилбал зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн гоё хурц үгийн тоглоом, нүдэнд ил тусах зүйлийг илүү эрхэмлэх тэр аргыг судлах онол юм. Visionary – хараандаа бүх юмыг сонгож тогтоох, Auditory-сонсголоор дамжиж тахиндаа суулгах гэгч хоёр өөр үйлдэл нэг цэг дээр төвлөрч “зүрхэнд тусч тархинд өрөмдсөн” дурсамж үлддэг байна.

Улс төрийн тодорхой салбар дээр аваад үзэхэд, эдүгээ Иракийн Саддамын, Хойд Солонгосын сталинч гэхчлэн гурав дахь ертөнц дэх дэглэмүүд, тэдний бодлогыг судлах дээр аргачлал болгон авч үзэж байна. Посткоммунист ертөнцийн шилжилтийн бэрхшээл зовлон, хямрал, мөргөлдөөн, сонгуулийн будлиан, террорист халдлага зэрэг нийгмийн үзэгдлүүд дээр NLP аргаар дүн шинжилгээ хийхийг илүүтэйд үзэх болжээ.

В.И.Ленин өөрийн хийсэн төрийн эргэлтийг (Октябрийн хувьсгал) Орос шиг харанхуй газар л бүтсэн зүйл гэж хэлсэн дээр эшлэн Оросын өнөөгийн хямралт байдал, террорист халдлага, мафи-олигархийн эсрэг тэмцлийг авч үзэж байна. Орос орон ийм зовлон амсч байгаа нь чухамдаа нийгэм өөрөө гоё хурц суртал, нүдэнд ил тусах зүйлийг илүү эрхэмлэх явдлын золиос болсны гэрч юм.

Бесланы барьцаалагчдыг сулласан байлдааны ажиллагаа олон хүний аминд хүрсэнийг NLP аргачлалаар хэмжээд, Путины хувийн араншин рүү аваачжээ. Оросын автократ уламжлал, Москвагийн элитийн (КГБ ба генералитет) монополь эрх мэдэл, дээр нь түүнийг тойрсон суртал ухуулгыг оролцуулаад эдүгээгийн Путин нь Москвагийн Муссолини болж хувирлаа хэмээн ерөнхийлөгч Ж.Картерийн зөвлөх асан З.Бжезинский дүгнэснийг Оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд эшлэв. NLP аргачлалаар бол, Оросын хамаг гай гамшгийн гол буруутан нь чечениүд, гэтэл Чеченийн ард түмэн геноцид амсаж байгаа нь тэр Оросын суртал нэвтрүүлгийн буруутгалаас долоон дор гэнэ. Хариуд нь ч исламын террористууд NLP-г маш гаргуун хэрэглэж байна. Тэмцлийн олон хэлбэрийг нь хэн ч төсөөлж ч хүчрэхээ больсон, гэхдээ бүх тэмцлээ шударга ёс, ариун Аллахтай холбож сурталчлах нь сая сая хүний тархи зүрхэнд очиж сууж байна.

Яг ийм дэвсгэр дээр өнөөгийн Монголын шилжилтийг авч үзвэл, NLP-г Монголын ууган улстөрийн хүчин гаргуун хийж иржээ. “Зүрхэнд тусаж тархинд өрөмдөх” тактик 2004 оны эхний хагаст дээд цэгтээ тулаад, сонгуулийн дараа нэг хэсэг саарснаа орон нутгийн сонгуулийн үед дахин хөөргөдөх замдаа оров. Ерөөсөө монголчуудын уран сайхны сэтгэлгээ бол аргыг хүлээн авах бэлээхэн хөрс нь юм. Нийгэм тогтворгүй, ядуугийн зэрэгцээ бэлээхэн лүд барам болгоод үзүүлчих үзүүлэн буюу ардчилсан хүчнийхэн байж байна. Түүнийг тойруулсан суртал ухуулга хийх зарчмаар л улстөрчид ажиллаж байна, ажиллах ч болно. Угтаа бол нийгэм даяар газар авсан архидалт, гэмт хэргийн хавтгайралт, янхандалт, золбин тэнэмэл амьдрал зэрэг муу үзэгдэл бол социализм гэгчээс бидэнд өвлүүлэн үлдээсэн гамшгийн задгайрсан хэлбэр юм. Гэтэл Монгол Улс зах зээл рүү гишгээд 14 жил болоход өөдтэй урагшлахгүй, эдийн засаг ямагт тэг рүү тэмүүлж буй нь өнгөрснөө санагалзах, ухарч мөрөөдөх дон шүглүүлж, тэр дон дээр оргилуун тоглож ирсэн Монголын популизмын буруу юм.

Монголын өнөөгийн нийгэмд социализмаа санагалзан, ирээдүйгээ төсөөлж үл зориглох үзэгдэл NLP хэмжүүрээр бол түгээмэл байна. Түүн дээр тоглодог коммунист маневр – элдэв туг аялуулан аян зохиох, сүржин кампаниуд, хээл хахууль, санхүүгийн болон сонгуулийн луйврыг эх оронч царайлан хийх мэтчилэнг жагсаагаад баршгүй. Элдэв уриа лоозон дэвшүүлж, түүндээ хөглөгдөн хөтлөгдөх дон бол өнөөгийн манай нийгмийн хамгийн шилдэг PR ба NLP мөн. Эцсийн бүлэгт ажлын үр дүн бус, ажил хийсэн дүр эсгэж, хийсэн гэж үнэмшүүлж, түүндээ уяран баясах нь л чухал.

Бид яг одоо эрх чөлөө ардчиллаар дэвсгэрлэсэн зах зээлийн чөлөөт нийгэм рүү явж байгаа. Энэ утгаар ажил хийсэн дүр эсгэж, хийсэн гэж үнэмшүүлж, туг аялуулж, түүндээ сэтгэл ханах нь хэрэг дээрээ өөрийгөө хорлож буй хэлбэр. Тэр шинэ капиталист нийгэм бол ямар ч кампаничлал, эх оронч царайчлал, элдэв туг лоозон, аянгүйгээр болж бүтэх нийгэм юм. Учир нь тэрээр өөртөө хуультай, тэр хуулийнхаа шүүлтүүрээр шигшдэг билээ.