Проф. Олхонуд Баярхүү
Геополитикийн гол зангилаа болох Солонгосын хойгийн асуудал нааштай шийдэгдэх төлөв мэдрэгдэхгүй өнөө хүрсэн ч эл асуудлыг урагшлуулахад монголчууд бидний хувь нэмэр багадахгүй гэж бодогдоод байх боллоо.
Хамгийн чухал нэгэн баримтаас эхэлье. БНАСАУ-ын Кесон бол Солонгосын эртний нийслэл, Монгол-Солонгос хоёр ураг барилдсан түүх эндээс эхтэй. Хубилай хаан ганц охин – Хутагбэхээ Солонгосын хааны хатан болгож ийш нь явуулсан ба Хубилайн удмын монголын эрлийз хаад 108 жил тэнд төр барьжээ. Энэ өнцгөөс авч үзвэл Кесон нь монголчуудын хувьд ариун дагшин газар нь мөнөөсөө мөн. Тийшээ аялал жуулчлалын чиглэл гаргаж, хамтарсан туризм хөгжүүлэх, Монгол хатны онгон босгох, Монгол сүм байгуулахаас эхлээд геополитикийн хөзрийн үүрэг гүйцэтгэх боломж бидэнд ихээхэн байж болохыг үгүйсгэх аргагүй мэт.
Ганцаардсан, сталинч энэ улстай газар нутгийн хувьд бид ойр, нэг бүс нутагт оршдог, хоёул хөрш их гүрэн-Хятад, ОХУ-тай хиллэдэг, хөгжлийн бэрхшээл адилавтар, ирээдүйд бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны интеграцид оролцон хөгжихгүйгээр аль аль нь мухардах гэхчлэн нийтлэг талууд байна. Хэрэв хоёр Солонгос улс нэгдэх үйл явц биеллээ олж, Түмэн голын төсөл, Солонгосын төмөр зам, Ази-Европыг холбосон төмөр зам, авто зам, байгалийн хий, газрын тосны хоолойн сүлжээ зэрэг томхон төслүүд хэрэгжвэл Монгол, Хойд Солонгос хоёр лав их хожно доо.
БНАСАУ эдүгээ эдийн засаг, санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгаа нь үнэн боловч 1991 оноос эрхбиш эдийн засгийн реформ хийж эхэлсэн. Эдийн засгийн тусгай бүсийг 1991 онд Ражин-Сонбонд, 2002 онд Синыйжү, Кесонд нээсэн, тэдгээртээ гадаадын хөрөнгө оруулалтыг татаж оруулсан. Ийд улс төрийн дэглэмийг нь эс тооцвол 24 сая хүн амтай, зах зээлийн хувьд багагүй багтаамжтай, газар зүйн байршлын хувьд нэн тааламжтай, эдийн засгийн тусгай гурван бүстэй гээд яривал гадаад ертөнцийн анхаарал сонирхлыг зүй ёсоор татна.
Солонгос, Хятад, Оросын хилийн заагт хэрэгжүүлж буй “Түмэн голын төсөл” нь “Алтан гурвалжин”, “Ирээдүйн Хонконг” хэмээн гадаад ертөнцөд нэрлэгдсээр байгаа нь үндэсгүй зүйл биш. “Түмэн голын төсөл” биеллээ олох аваас манай улс энэ төсөлд зүүн бүсээр дамжин холбогдож, хоёр Солонгостой хамтран ажиллах боломжтой.
Далайн тээвэрт Хойд Солонгосын боломжийг ашиглах тухай бид сэтгэж болж байна. БНАСАУ-ын усан боомтуудыг нэн тааламжтай нөхцлөөр ашиглана гэсэн үг. Солонгосын хойгоор дамжин Монгол Улс хамгийн дөт замаар далайд гарцтай болчихвол сайнсан. Ойрын ирээдүйд Умард, Өмнөд Солонгосын хооронд хоёр шугамаар төмөр зам холбогдон нэг нь зүүн далайн эргээр Алс Дорнодын төмөр замтай, нөгөө нь Хятадын нутгаар Хэйлунзян, Өвөр Монгол, Шинжаан гээд манайхыг ороогоод Төв Азитай, тэндээсээ Европтой холбогдох хувилбарууд яригдаж байгаа. Сүүлчийн хувилбар хэрэгжих аваас Монгол Улс далайд гарцгүй хэвээр, хуурай замын сүлжээнээс гадна үлдэж болзошгүй. Тэгэхээр бид угтуулаад хэвтээ тэнхлэгээр, жишээ нь Баян-Өлгийгөөс Дорнод хүртэл, адаглаад Улаанбаатараас Халх гол хүртэл төмөр замын төсөл үтэр түргэн хэрэгжүүлбэл заавал урдуур тойрох хэрэг юун. Иймд Солонгосын хойгоос эх авсан Ази-Европыг холбосон төмөр болон авто замын сүлжээг манай нутгаар дамжуулах асуудлыг даруй сэтгүүштэй.
Хэрэв Та хойд солонгосын сэтгүүл, сонин үзсэн бол лав Пхеньян хот өндөр байшин, өргөн чөлөөгөөр нэвт сүлжилдсэн, барилгын үйлдвэрлэл нь хол явсан юм уу гэхээр. Нөгөөх 40 мянган айлын орон сууцны 4000 мянгыг БНАСАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож эхлээд байгааг ажил болговол хоёр талдаа маш их ашиг унана даа. БНАСАУ нь төрөл бүрийн барилга, зам, гүүр, тунель, усан цахилгаан станц барихдаа туршлагатай, ажиллах хүчин хямд, зохион байгуулалт сайтайн зэрэгцээ гол нь манайд тэдний дайтай ажиллах барилгачид байхгүйг бодолцох хэрэгтэй.
Хөдөө аж ахуйн салбарт бол бүр их ирээдүй байна. Бид алийн болгон Эрээнээс хүнсний ногоо, жимсээ зөөх вэ гээд сэтгэвэл Дорнод аймагт 250 га газар усалгаатай талбайд улаан буудай, хүнсний ногоо тариалах туршилтыг хойд солонгосчуудаар хийлгэх тохиролцоо нэгэнтээ бий, түүнийг даруй шавдуулах хэрэгтэй. Ерөөсөө Солонгосын ард түмний газар тариалангийн ажлын уламжлал, дадлага туршлага, мэргэшлийг ашиглан төмс, хүнсний ногоо, шар буурцаг, эмийн болон тэжээлийн ургамал тариалах, мөн сүүний ямаа үржүүлэх, шилэн хүлэмжийн аж ахуй эрхлэх, XXI зуунд эрүүл мэндэд хамгийн ашигтай гээд байгаа тэмээн хяруулыг нутагшуулан үржүүлж, монголчуудыг хяруулын маханд оруулах зэргээр Н.Багабандийн үед тохирсон юм бишгүй. Монголын элсэрхэг хөрстэй бүс нутагт тэмээн хяруулыг үржүүлэх боломжтой гэж солонгосчууд дүгнэжээ. Байгаль орчны салбарт “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлэхдээ тэндээс туслалцаа авбал өртөг хямд, үлдэцтэй. БНАСАУ нь ойжуулах, хот суурин газрыг цэцэрлэгжүүлэхдээ гаргуун.
Эдгээрээс гадна манайд нэг давуу тал байгаа нь БНАСАУ-тай олон жилийн уламжлалт сайн харилцаатай явж ирсэн, БНСУ-тай харилцаа хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаа, хоёр Солонгостой ямарваа нэгэн зөрчилгүй, гарал үүслийн хувьд монгол, солонгос үндэстэн ойр дөт гэж нийтээрээ үздэг. Иймд хоёр Солонгосын хооронд боломжийн хэлбэрээр “жороолох” бодлого баривал үр дүнд хүрч магад. Өмнөдөөс хүмүүнлэгийн тусламж болгон умардад элдэв хүнс, бараа олгодог. Өмнөдийн үйлдвэрлэл хязгаартай тул өндөр үнээр Хятад, Японоос авах явдал ердийн. Иймд Монголд байгаа, илүүчилж болмоор хүнс тэжээл (жишээ нь нохойн мах, архи) өмнөдөөр дамжуулан умардад нийлүүлж болмоор. БНАСАУ-ын ажилчдыг “Мянганы зам” зэрэг бүтээн байгуулалтын том төсөлд удаан хугацаагаар авч ашиглах, энэ нь эргээд олон улсын хүмүүнлэгийн томхон байгууллагын ивээл хяналтад байх талаар ажиллаж болох юм. Манай урлагийн хэсэг хоёуланд нь тоглох юмуу, хилийн районоор сайн санааны тоглолт хийх, хоёр солонгосын хүүхэд пионеруудыг “Найрамдал” зусланд зэрэг авах, хоёр Солонгосынхон уулзаж учрах амралт, сувилал, жуулчлалын бааз нээх, УБ-Сөүл-Пхеньяны чиглэлд захиалгат нислэг хийх зэрэг сэтгэвэл зөндөө ажил бий.
Солонгосын хойгийн асуудалд зууч, завсрын оролцогч байх боломжтой. Манай энэ боломжийг хэрэгжүүлж чадвал олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд өснө. Дэлхийн анхаарлын төвд ч орох ач холбогдолтой. Гэвч эл боломжийг ажил хэрэг болгож, нөлөөлж чадахгүй байгаа нь манай үйл ажиллагаа сулдаа биш, гол нь хоёр хөрш маань, улмаар АНУ, Япон бүгд хүлээн зөвшөөрөхдөө байгаа юм. Аман дээрээ талархаж буй боловч АНУ нь манай хүчин чармайлтыг төдийлөн ойшоохгүй байгаа нь Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар ойлгоц муутай, оруулж болох хувь нэмрийг олж харахгүйтэй нь холбоотой. Монгол Улсад хойд Солонгосын дүрвэгчдийн хуаранг байгуулах боломжийн талаар АНУ-ын зүгээс тандалт хийж, санаа сэдэл өгч байгааг анхааралдаа авах ёстой. БНХАУ, Японтой хоёр талын шугамаар өөрийн энэ оролцоог хүлээн зөвшөөрүүлэн, чингэхдээ “Монгол-БНХАУ-БНАСАУ”, “Монгол-Япон-БНАСАУ” гэсэн гурвалсан тус тусдаа уулзалтыг өөрийн орондоо хийх боломжийг сэдэж зөвшөөрүүлбэл чухам Зүүн хойд Азийн геополитикт нэг том эхлэл тавих бус уу?