УИХ-ын гишүүдийн тойрогуудад хуваарилсан 7,6 тэрбумд Ерөнхийлөгч хориг тавих уу? (2005.11.29)
УИХ-аас Монгол Улсын 2006 оны төсвийн тухай хуулийг батлахдаа “Бүс нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт” нэрээр 7.6 тэрбум төгрөг буюу УИХ-ын гишүүдийн тойрог бүрт 100 сая төгрөг хуваарилсан. Энэ заалтад Ерөнхийлөгчийн түүний зөвлөхүүд ямар байр суурьтай байгаа талаар өнөөдрийн өдөр тутмын сонинуудад нийтэлжээ. Өдөр тутмын бараг бүх сонинд нэг зэрэг ийм мэдээлэл гарснаас үзэхэд Ерөнхийлөгч энэ заалтад хориг тавьж магадгүй бололтой.
Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Намхайжанцан ярихдаа, «Yндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д зааснаар УИХ-ын гишүүн нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй билээ. Гэтэл УИХ-ын гишүүд тойргийн явцуу эрх ашигтаа хөтлөгдөн нэг нэгэндээ найр тавьж, өөр өөрийн тойрогт зориулан улсын төсвийн хөрөнгө зарцуулдаг буруу зуршил тогтоох гэж байна. Мөн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-ын 4-т УИХ төсвийн баримт бичиг, хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа “улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалтын төсөл бүрээр” хэлэлцэн батлахаар заасантай энэ шууд зөрчилдөж байна гэжээ. Тэрбээр УИХ энэхүү шийдвэрийг дахин авч үзнэ байх гэж найдаж байна хэмээн мэдэгджээ.
Харин Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх Л.Лхагва хэлэхдээ, «бүс нутгийн хөгжил харилцан адилгүй байгаа үед энэ төсөв юунд, яаж зарцуулагдах нь тодорхойгүй байна. Нийгмийн тодорхой асуудлуудад тухайлбал, төсвийн байгууллагын ажилтны цалинг дорвитой нэмэгдүүлэх, 1995 оноос өмнө, хойно тогтоосон тэтгэврийн зөрөөг багасгах, дайнд оролцсон ахмад дайчдын тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлэх, цэргийн тэтгэвэрт гарсан ахмадуудын нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулж болох байсан болов уу» гэжээ. Тэрбээр үүний оронд энэ 7.6 тэрбум төгрөгийг шинжлэх ухааны хөрөнгө оруулалтад зориулмаар байна гэж үзэж байгаа ажээ.
Ерөнхийлөгчийн орон нутгийн хөгжлийн бодлогын зөвлөх Д.Нэргүй үүнийг улсын төсвийн орлого хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд хөрөнгө тарамдуулсан оновчтой биш хуваарилалт гэж үзэж байна. Yүний оронд Мянганы хөгжлийн зорилтод дэвшүүлсэн ядуурлыг бууруулах, орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого, хөтөлбөрт нийцүүлэн 7.6 тэрбум төгрөгийг тодорхой салбарт төвлөрүүлбэл богино хугацаанд бодитой үр дүнд хүрч, хүрсэн үр дүн нь цаашид орон нутгийн нөөц бололцоо, бодлого үйл ажиллагаагаар бэхжин өргөжиж байх магадлал их юм гэжээ. Ядаж л орон нутагт байгаа энгийн болон инженерийн хийцтэй услалтын систем, худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргахад 7.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн зарцуулбал 76 тойрогт цацаж тарамдуулснаас илүү үр дүнд хүрнэ гэж Д.Нэргүй мэдэгджээ.
7.6 тэрбумд Ерөнхийлөгч хориг тавьжээ (2005.11.30)
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Yндсэн хуулийн үзэл санаа, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн хэд хэдэн заалттай нийцэхгүй байгаа төдийгүй төрийн үйл ажиллагааны гол зарчимд харшилж байгаа учир Монгол Улсын Yндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан бүрэн эрхийн дагуу “Монгол улсын 2006 оны төсвийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт хориг тавьсан байна.
Энэ тухай УИХ-д хүргүүлсэн албан бичигт “Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Монгол улсын 2006 оны төсвийн тухай хууль”-тай нарийвчлан танилцлаа. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 9-д заасан Шадар сайдын багцад “Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт” нэрийн дор 7,6 тэрбум төгрөгийг оруулан баталжээ. Төсвийн энэхүү хөрөнгө УИХ-ын гишүүдийн үзэмжээр сонгогдсон тойрогт нь зарцуулагдах болсон нь хэлэлцүүлгийн явцаас харагдаж байв. УИХ-ын гишүүн Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй. Гэтэл УИХ-ын гишүүдийн тойрог тус бүрт 100 сая төгрөг тэгшитгэн хуваарилж, төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зарцуулах, УИХ-ын гишүүд өөртөө давуу эрх, боломжийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна гэх бухимдал иргэд сонгогчдын дунд их байна. Тэгээд ч улсын төсвийн хөрөнгө оруулалтыг төсөвт тусгаж батлахдаа объект тус бүрийг нэрлэх төдийгүй төслийн үндсэн дээр хуваарилах хуулийн заалт ч бий гэдгийг иш үндэс болгож байна” гэжээ.