Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл (2005.11.30)

A- A A+
Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл (2005.11.30)

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл (2005.11.30)

БНХАУ-ын Дарга Ху Жинтаогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр 2005 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа бөгөөд өчигдөр  Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр, БНХАУ-ын Дарга Ху Жинтао нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан мэдэгдлийг гаргасан байна. Уг мэдэгдэлд дурдахдаа,

1. Хоёр улсын удирдагчид өөр өөрийн орны дотоод байдлын талаар харилцан мэдээлэл хийж, сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх болон харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар санал бодлоо нухацтай солилцож, нэгдмэл ойлголтод хүрэв.

2. Монгол, Хятадын хооронд 2003 онд сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоосноос хойш хоёр талын улс төрийн итгэлцэл хэлбэрэлтгүй нэмэгдэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хурдацтай хөгжин, бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт идэвхжиж байгаа нь хоёр улс, хоёр ард түмний эрх ашигт нийцэн, бүс нутгийн энх тайван, хөгжлийн үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулж байгааг талууд сэтгэл ханамжтай тэмдэглэв.
БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн болохыг Монголын тал дахин нотлов.

Монгол, Хятадын хооронд сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцаа хөгжүүлэх нь БНХАУ-ын Засгийн газрын тууштай баримтлах стратегийн чиг шугам болохыг Хятадын тал цохон тэмдэглэв.

“Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ” болон хоёр талын улс төрийн бусад баримт бичгийн үзэл санааны дагуу, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр хоёр улсын харилцааг тууштай урагшлуулан хөгжүүлж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан итгэсэн, хамтаар хөгжих мөнхийн сайн хөрш, сайн анд, сайн түнш байхаар талууд санал нэгтэй тохиров.

3. Хоёр тал бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, сонгон авсан хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, бие биеийн эсрэг чиглэсэн цэрэг, улс төрийн эвсэлд нэгдэхгүй, бие биеийн эрх ашиг, ашиг сонирхлыг хөндсөн ямар нэг гэрээ хэлэлцээр байгуулахгүй гэдгээ дахин нотлов.

Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статус нь тус бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж хоёр тал үзэв. Уг статусыг баталгаажуулахын төлөө Монгол Улсын гаргаж буй хүч чармайлтыг хятадын тал дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Монголын тал нэг Хятадын бодлого баримталж, БНХАУ-ын “эх орноо энх тайвнаар нэгтгэх” бодлогыг дэмждэгээ дурдаж, Тайваний асуудал бол Хятад улсын дотоод хэрэг мөн гэж үздэгээ дахин нотлов. Хятадын тал үүнийг сайшааж буйгаа илэрхийлэв.

4. Өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд чухал ач холбогдолтойг иш үндэс болгон хоёр улсын удирдагчдын нягт хэлхээ холбоо, уулзалтын давтамжийг цаашид үргэлжүүлэн нэмэгдүүлэхээр хоёр тал санал нэгтэй тохиров.

Хоёр улсын парламент, засгийн газрын байгууллага, улстөрийн нам, төрийн бус байгууллагуудын хооронд солилцоо, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг талууд дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Талууд яриа хэлэлцээгээ цаашид эрчимжүүлж, хоёр талын харилцааны болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар янз бүрийн түвшинд зөвлөлдөж, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр тохиров.

5. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа бол Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааны нэг чухал бүрэлдэхүүн хэсэг мөн гэж талууд санал нэгтэй үзэв. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарч байгаад сэтгэл ханамжтай байгаагаа талууд илэрхийлж, цаашид байгалийн баялгийг нээн ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг гол болгосон харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулах, хамтаар хөгжих, хоёр улс, хоёр ард түмнийг баян чинээлэг болгохын төлөө цаашид хүчин чармайлт гаргахаа талууд санал нэгтэй илэрхийлэв.

Хоёр улсын орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжиж, хэлэлцэн тохирсон болон эдүгээ хэлэлцэж буй хамтын ажиллагааны томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн чухалыг талууд тэмдэглээд эрчим хүч, зам харилцаа, мэдээлэл холбоо зэрэг салбарт хоёр улсын бодит байдалд нийцсэн хамтын ажиллагаа хөгжүүлэхээр тохиров.

Хүмүүнлэгийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг цаашид нэмэгдүүлж, Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааны агуулгыг улам баяжуулахаар талууд тохиров. Хоёр талд харилцан зохиосон соёлын өдрүүдийн арга хэмжээ амжилттай болсонд талууд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд цаашид урлаг, соёлын салбарт олон хэлбэрийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиров. Монгол Улсад БНХАУ-ын Соёлын төв байгуулах асуудлыг идэвхтэй судалж байгаагаа хятадын тал мэдэгдэв. Монголын тал БНХАУ-д Соёлын төв байгуулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль болон эрдэмтдийн хооронд найрсаг солилцоо, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийг талууд хөхиүлэн дэмжихээ илэрхийлэв.

Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын хооронд байгуулсан холбогдох баримт бичгийн дагуу Хятадын бүлэг жуулчдыг Монгол Улсад аялуулах асуудлыг аль болох даруй эхлүүлэхээр тохиров.

Байгаль орчныг хамгаалах, цөлжилт, гамшигтай тэмцэх салбарт хамтын ажиллагаагаа үргэлжүүлэхээр санал нэгтэй тогтов.

Уламжлалт анагаах ухаан болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх салбарын одоогийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхээр талууд тохиров.
Шувууны томуугаас сэргийлэн хамгаалах талаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр хоёр тал тохиров.

Монгол, Хятадын хилийн хоёр дахь удаагийн хамтарсан шалгалт амжилттай дууссанд талууд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Холбогдох гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр хоёр улсын хилийн бүсэд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэдийн солилцоог өргөжүүлж, Монгол, Хятадын хилийг энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны зурвас болгохоор санал нэгтэй тохиров.

6. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад НҮБ гол үүрэг гүйцэтгэх учиртай бөгөөд хүн төрөлхтөнд шинэ боломж, шинэ сорилтыг авчирч буй 21 дүгээр зуунд түүний энэ чухал үүргийг улам бэхжүүлэх шаардлага байгааг талууд тэмдэглэв. НҮБ байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалтаас баталсан Төгсгөлийн баримт бичгийг нааштай үнэлж, түүнд дэвшүүлсэн зорилтууд болон Мянганы хөгжлийн зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэхийн чухалыг тэмдэглэв.

НҮБ-ыг шинэ зууны эрэлт, шаардлагад нийцүүлэн шинэчлэх нь зайлшгүй шаардлагатай бөгөөд гагцхүү ийнхүү өөрчилж шинэчлэх нь олон талт үзлийг нэмэгдүүлэх, НҮБ-ын нэр хүндийг бэхжүүлэх, түүний уламжлалт болон уламжлалт бус аюул заналын эсрэг тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь ил тод болгон, үр өгөөжийг нь дээшлүүлэх, улам бүр ардчилж, төлөөлөх чадварыг нь сайжруулахад чиглэгдэх ёстой гэж үзэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг өөрчлөх асуудлыг тэгш, шударга үндсэн дээр өргөн хүрээнд зөвлөлдөн хэлэлцэх замаар нэгдсэн ойлголтод хүрэхийг эрмэлзэх, хөгжиж буй болон жижиг, дунд улс орнуудын эрх ашгийг бүрэн дүүрэн харгалзах шаардлагатайг талууд тэмдэглэв.

7. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх үүднээс бүс нутгийн олон талт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж талууд үзэв.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь тус бүс нутгийн улс орнуудын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг талууд тэмдэглээд, энэ байгууллагын хүрээнд холбогдох бусад улстай харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхээ илэрхийлэв.

Монгол, Хятад, Орос гурван улсын гадаад хэргийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт нь гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, нааштай үр дүнд хүрнэ гэж найдаж байгаагаа талууд илэрхийлэв.
Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын дамжин өнгөрөх тээврийн асуудлаархи 7 дахь удаагийн хэлэлцээ Улаанбаатар хотноо амжилттай болж хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирсоныг талууд сэтгэл ханамжтай тэмдэглэв. Талууд хэлэлцээрт аль болох эрт гарын үсэг зурснаар гурван улсын хоорондын бараа солилцоо, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд илүү тааламжтай нөхцөл бүрдэхийг цохон тэмдэглэв.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудлыг хоёр тал дэмжиж, тус бүс нутагт энх тайван, тогтвортой байдал тогтоох, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Зургаан талт уулзалтын дөрөв дэх удаагийн хэлэлцээний дүнд хамтран гаргасан мэдэгдлийг тууштай хэрэгжүүлэх нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах үйлсэд чухал ач холбогдолтой болно гэж санал нэгтэй үзэв.

Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явц, түүний дотор Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, АПЕК, АСЕМ-д элсэх монголын талын хүсэлтийг хятадын тал дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн интеграцын үйл явцад идэвхтэй оролцох чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

8. Айлчлалын үеэр хоёр тал “Монгол, Хятадын хилийг хоёр дахь удаа хамтран шалгасан тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Протокол”, “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн зурвасын газрын зураг”, “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Улаанбаатар хотод спортын ордон барих төслийн судалгаа хийх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд солилцох захидал”, “Оюуны өмчийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Монгол Улсын ТЭХЯ, БНХАУ-ын Улсын хөгжил, шинэчлэлийн хорооны хооронд түлш, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”, “Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын Боловсролын Яамны хооронд 2006-2010 онд хэрэгжүүлэх Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө”, “Төмөр замын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ЗТАЖЯ, БНХАУ-ын Төмөр замын яам хоорондын хэлэлцээр”, “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хоорондын 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээр”, “Монгол Улсын Төвийн бүсийн цахилгаан сүлжээ төрийн өмчит хувьцаат компани, БНХАУ-ын Улсын цахилгаан сүлжээний корпораци хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” зэрэг баримт бичигт гарын үсэг зурав.

9. Ерөнхийлөгч Н. Энхбаяр элэгсэг дотно хүлээн авсанд нь хятадын талд талархал илэрхийлэв. Ерөнхийлөгч Н. Энхбаяр БНХАУ-ын дарга Ху Жинтаог тааламжтай цагтаа Монгол Улсад дахин айлчлахыг урив. Ху Жинтао үүнд нь хариу талархал илэрхийлэв.


2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, Бээжин хот