ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн мэдээлэл (2005.11.30)
Өчигдөр ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга, нэр бүхий долоон гишүүний хамт ОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшиж дийлэнхи олонхийн санал авсан С.Мягмарт ерөнхий захирлаар томилсон 15 дугаар тогтоолыг гардуулан өгч амжилт хүсчээ.
ОНРТ-ийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн заалтууд, Тооллогын комиссын дүнг үндэслэн Содномпил овогтой Мягмарыг ОНРТ-ийн захирлаар 2005 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн томилсон тухай энэхүү тогтоолд дурдсан байна.
Үндэсний зөвлөлийн хуралдаанд ирвэл зохих 15 гишүүнээс 13 гишүүн хүрэлцэн ирж хүчинтэйд тооцогдсон дээрх Үндэсний зөвлөлийн хуралдаанаар ерөнхий захирлыг томилох нууц санал хураалт явуулахад есөн гишүүн С.Мягмарын төлөө, дөрвөн гишүүн Л.Ариунбатын төлөө санал өгсөнийг өмнө мэдээлсэн билээ.
Хуульд заасны дагуу Засгийн газраас РТХЭГ-ыг татан буулгаж, уг газрын харьяа төрийн өмчийг олон нийтийн өмчид шилжүүлэх тогтоол гарган, ОНРТ-ийн ерөнхий захирлын ажлыг хүлээлгэх учиртай. Энэ талаар ОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс Засгийн газарт хандахаар болсон байна гэж ОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс мэдээлжээ.