Ашигт малтмал тойрсон маргаан хурцдаж байна (2005.11.30)

A- A A+
Ашигт малтмал тойрсон маргаан хурцдаж байна (2005.11.30)

Ашигт малтмал тойрсон маргаан хурцдаж байна (2005.11.30)

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци болон энэ салбарт  гадаадын хөрөнгө оруулагч болох  "Бороо гоулд", "Айвенхоу майнз", "QGX", "Western Prospector"  зэрэг компанийн удирдлага  өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Тэд  Ашигт малтмалын тухай хуульд оруулах гэж буй зарим нэг нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа ажээ.

"Бороо гоулд" ХХК-ийн ерөнхий захирал Пол Корфи хэлэхдээ, стратегийн ач холбогдолтой орд газарт Засгийн газар хувьцаа эзэмших /15 хувь/ болохоор заалт оруулж байгаа  ноцтой үр дагавар дагуулж мэднэ хэмээн мэдэгджээ. Тэрбээр төр зөвхөн татвар, нөхөн төлбөрийн орлогоос ашиг олох ёстой гэж үзэж байна. Түүний хэлснээр бол одоо хэрэгжиж буй хуулиар бол уул уурхайн компаниуд нөөц ашигласны төлбөр гэж 2.5 хувийг төлдөг  нь төрд татварын дараах ашиг хэлбэрээр 20-30 хувийн ашиг өгдөг ажээ.

Хэвлэлийн бага хурал хийлгэгчид  асар их хөрөнгөөр хайгуулын ажил хийж буй өнөө үед Монголын төр ийм шийдвэр гаргавал олон улсын тавцан дахь танай улсын нэр хүнд унана. Үүгээр ч зогсохгүй цаашид ашиглах боломжтой байсан өөр олон томоохон ордыг нээж чадахгүй болно хэмээн мэдэгдсэн байна. Монгол Улс хөрөнгө оруулалт хийж болох хамгийн таатай орчин, нөхцөлтэй байсан бол өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдрөөс энэхүү байр суурь ганхаж эхэллээ гэж мэдэгджээ. Хөрөнгө оруулагчид Монголын төр, засаг энэ асуудлыг эргэж харах ёстойг шаардаж байна хэмээн «АЭ» сонинд мэдээлэв.

Тэрчлэн уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчид "Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз олгох, шилжүүлэх барьцаалах, лиценз эзэмшигчдийн хариуцлагыг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон журмыг баталж мөрдүүлэх" гэсэн төслийн заалт нь лицензээ авах, шилжүүлэх, барьцаалах бүртээ Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (АМГТХЭГ)-аас зөвшөөрөл авдаг болно гэсэн үг гээд энэ заалтыг мөн эсэргүүцэж байгаа ажээ. Харин байгаль орчинд ноцтой хохирол учруулсан, ашиглалт явуулсан талбайгаа нөхөн сэргээгүй, учруулсан хохирлыг арилгаагүй лиценз эзэмшигчийн лицензийг цуцлах, хариуцлага тооцох гэсэн заалтыг дэмжиж байна.  
Энэ өдөр өөр бас нэгэн уулзалт болсон нь Үйлдвэр, худалдааны дэд сайд Ц.Энхтүвшин, сайдын зөвлөх Т.Доржбал, АМГТХЭГ-ын дарга Л.Болд нарын иргэдийн хөдөлгөөн болон эрдэмтэн, багш нартай хийсэн санал солилцох уулзалт байжээ. Энэ үеэр "Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн"-ий тэргүүн Ж.Батзандан мэдэгдэхдээ, ашигт малтмалаас олох ашгийн 30 хүртэлх хувийг ард түмэнд зарцуулж байх хэлэлцүүлэг өрнүүлсэн. Иргэд маш идэвхтэй оролцож 370 орчим мянган хүний гарын үсэг цугларсан гэжээ. Дэд сайд Ц.Энхтүвшин хэлснээр "Талуудын эрх ашгийг 100 хувь тусгах арга үнэндээ алга. Та бүгдийн хүссэнээр өөрчлөлт оруулсан тохиолдолд хөрөнгө оруулалт зогсох тийшээгээ хандана. Энэ бол асар эрсдэлтэй алхам. Өнөөдөр зөвхөн 15 гэсэн тоог хуулийн төсөлд оруулсан чинь хөрөнгө оруулагчид маш хүндээр хүлээн авсан. Бид дундаж боломжийг нь олохыг хичээж байна" мэдэгджээ.