Сангийн сайд Н.Алтанхуяг: Монголын эдийн засгийн дархлааг сайжруулахад ОУВС-тай цаашид ч хамтран ажиллана (2005.12.01)
Энэ бол ганц Сангийн сайдын үг биш, одоогийн Засгийн газрын байр суурь гэж ойлгож болно гэж ОУВС-д Монгол Улсыг төлөөлсөн захирагч, Сангийн сайд Н.Алтанхуяг “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Түүний хэлснээс үзвэл Монгол Улс ОУВС-д гишүүнээр элсч, арван дөрвөн жил хамтарч ажиллахдаа дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлжээ. Дөрөв дэх хөтөлбөр энэ оны долдугаар сард дууссан байна. Одоо тав дахь хөтөлбөрийг ямар салбарт, ямар чиглэлээр хэрэгжүүлэх вэ гэдгээ харилцан тохиролцох шатандаа явж байгаа ажээ. ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрсөн сард ирж энэ талаар хэлэлцсний зэрэгцээ өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засагт ямар ахиц, дэвшил гарав гэдэгт үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Мөн манай талаас ч ОУВС-тай хамтран ажилласнаар ямар үр дүнд хүрснээ дүгнэж байгаа ч арай дуусаагүй байна гэж Сангийн сайд Н.Алтанхуяг хэлжээ. Төсвийн байдал сайжирч, эдийн засаг дээшлэхэд ОУВС-тай хамтарч хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нөлөөлсөн нь гарцаагүй гэж тэрбээр мэдэгджээ.
Н.Алтанхуяг ярихдаа, ОУВС манай улсын эдийн засгийг сайжруулахын тулд хамгийн эхлээд юу хийх вэ, төсвийг чанаржуулах, түүний алдагдлыг багасгахын тулд яах вэ гэхчилэн зөвлөдөг. Орлогоо нэмэгдүүлэх, зарлагыг багасгах боломжийг судалж хэрэггүй зардлаа хэмнээч гэсэн зөвлөмж өгч, хэрэгжүүлэх хөтөлбөртөө шалгуур болгож тавьдаг. Төсвийн зарлагаа багасгахад төрийн албаны шинэчлэлээ хийхгүй байгаа чинь нөлөөлж байна гэдэг. Гэхдээ бид санал зөвлөмжөөс өөрийн орны онцлог, өнөөгийн цаг үедээ тохирсон нэгийг нь хүлээж авдаг. Түүнээс хэлсэн ярьсан бүхнийг нь сохроор дагаад байдаггүй гэдгийг хаана хаанаа ойлгох учиртай гэжээ.
Сайдын ярилцлагаас үзэхэд манай улс 1991 оны хоёрдугаар сард ОУВС-д нэгдэн орж, мөн оны аравдугаар сард анхны хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. “Стендбай” хэмээх энэ хөтөлбөрөөр 20 сая ам.долларын зээл 1991-1992 онд авч ашиглаад төлбөрийг 1997 онд бүрэн төлж барагдуулсан байна. Хоёр дахь буюу бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөрийг 1993 оны зургадугаар сард байгуулж, 60 сая.ам долларын зээл авсан. Энэ хөтөлбөрийг өмч хувьчлал болон эдийн засгийн зөв тогтолцоо бий болгоход ашигласан байна. Дараа нь 1997 онд “Бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөр-2”-ийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 48 сая орчим ам.долларын зээлийг тодорхой нөхцөлүүдийг хангасны үндсэн дээр авсан. Дөрөв дэх нь "Ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах хөтөлбөр". Үүнийг 2001 оны есдүгээр сард байгуулсан бөгөөд энэ онд дууссан. Дөрөв дэх хөтөлбөрөөр 37 сая.ам доллартай тэнцэх хэмжээний зээл авахаар тооцоолсон ч 16,6 сая ам.долларыг авсан аж.
Ер нь ОУВС манай улстай төсвийн нөхцөл байдлыг сайжруулах, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг хангах чиглэлээр, хоёрдугаарт мөнгөний бодлогын чиглэлээр ажилладаг байна. Цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллаж магадгүй гэж Сангийн сайд Н.Алтанхуяг ярьжээ. Тэрбээр хэлэхдээ Сангийн яам ОУВС-тай нэг их зөрчилдөөд байдаггүй, харин мөнгөний бодлогын талаар зарим санал нь Монгол банкны Ерөнхийлөгчтэй зөрчилддөг юм шиг байна гэжээ. Үүнийгээ тэрбээр тодруулахдаа, ОУВС манай улсыг хөнгөлөлтгүй зээл авахыг дэмждэггүй. Манай Монгол банк 2001 оноос хойш хөнгөлөлтгүй зээл авах оролдлогыг хэд хэдэн удаа хийсэн юм билээ. Хоёрт, Монгол банкны бие даасан байдал их алдагдаж байна гэж ОУВС сануулдаг. Монгол банкнаас ОХУ-д их өр төлөх гэж 100 сая ам.доллар төлснийг хэлсэн. Харин цаашид Засгийн газар Монгол банкнаас зээл авах боломжийг хаахуйц хууль тогтоол гаргахыг санамж бичигт үлдээсэн ажээ. Нөгөө талаар Монгол банк арилжааны банкуудад хяналт тавьж чадахгүй байна гэдгийг хэлж байсан гэж ярив.
Н.Алтанхягийн мэдэгдснээр бол тухайн улс ОУВС-тай хамтарч ажиллаж байгаа нь санхүү, эдийн засгийн байдлын талаар баталгаа, нотолгоотой мэдээлэлтэй байна гэж үздэг. Олон улсын хамтын ажиллагаанд итгэлцлийн шалгуур болдог. Жишээ татахад Япон улс манайд тусламж өгөхдөө ч ийм зарчим баримталдаг. Ер нь ОУВС-тай ямар хөтөлбөр хэрэгжүүлж, яаж ажилладаг нь гаднынханд чухал биш, гагцхүү хамтарч ажилладаг нь чухал юм. Ингэснээр манай улсын банк санхүүгийн тогтолцоо зөв, бохир мөнгөний асуудал байхгүй гэсэн итгэл өгдөг. Ингэхээр зээл авсан ч бай, аваагүй ч бай Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч ажиллана гэдгийг албан ёсоор хэлмээр байна хэмээн Н.Алтанхуяг хэлсэн байна.