Хоёр гол асуудал (2005.12.02)

A- A A+
Хоёр гол асуудал (2005.12.02)

Хоёр гол асуудал (2005.12.02)

Сүүлийн үеийн мэдээллийг харвал Монголд олны анхаарлыг татсан, бараг өдөр алгасалгүй хөнддөг сэдэв болсон хоёр гол асуудал байна. Нэг нь УИХ-ын гишүүдийн төсвөөс тойрогтоо хуваарилахаар болсон 7,6 тэрбум төгрөгийн асуудал, нөгөө нь уул уурхайн салбарын шинэчлэлийг зөгнөсөн Ашигт малтмалын тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Эдгээр нь хоёулаа төсөв мөнгөтэй холбоотойгоороо ижил талтай.   Харин ялгаа нь гэвэл нэг нь манай төрийн түшээд, сонгогчдын сонирхлыг хөндсөн дотоодын асуудал бол нөгөө энэ хоёр сонирхол дээр гадаадынхны сонирхол нэмэгдэж байгаад оршино.

Дуулиант 7,6 тэрбумд Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан бөгөөд түүнийг нь УИХ хүлээн авах эсэхээ эцэслэн шийдэх учиртай. Юутай ч өчигдөр хуралдсан УИХ-ын Төсвийн болон Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хоригийг хүлээн авахыг гишүүдийн олонхи дэмжсэн аж. Энэ заалтыг бүр анхнаас нь л эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин,  Д.Дэмбэрэл нар хоригийг баяртай хүлээн авчээ. Тэд хэлэхдээ, орон нутагт хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа, гэхдээ хөрөнгийг Засгийн газар хуваарилж ирсэн. Гэтэл УИХ-ын гишүүд тойрогтоо 100 сая төгрөг зарцуулна гэдэг УИХ Засгийн газрын үйл ажиллагаанд хутгалдаж, засаглалын зааг, ялгаа алга болно.  Хөрөнгө оруулалтыг хуулийн хүрээнд, зөв хуваарилах учиртай гэж үздэгээ тайлбарласаар л сууна. Тэд Ерөнхийлөгчийн хоригийг гишүүд хүлээж авна гэж ихээхэн найдаж байгаа ажээ. Манай хууль тогтоогчид байнгын хороон  дээр олонхийн дэмжлэг авсан саналыг ихэнхдээ нэгдсэн хуралдаан дээр баталчихдаг нь ажиглагддаг. Тэгээд ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахад  УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжихэд л хангалттайгаас үзэхэд энэ бол нэлээд магадлал өндөртэй найдвар юм. 

Харин уг заалтыг санаачилагч  УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт хориг тавьсан нь асуудлыг улстөржүүлж байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Өдрийн сонинд”  ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх үед төсвөөр батлагдаагүй 760 сая төгрөгийг гишүүд хувааж аваад орон нутагтаа явж л байсан. Тиймээс үүгээр улс төр хийж мушгин гуйвуулах шаардлага ерөөс байхгүй. Хэрвээ мөнгөтэй бол тойрогтоо мөнгө авахгүй байж бас болно” гэж тайлбарлажээ.

Нөгөө нь нэг гол асуудал болох Ашигт малтмалын хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар өчигдөр гурван талт хэлэлцүүлэг хийсэн байна. Энэ удаа Үйлдвэр худалдааны яам, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч гадаадын компаниудын удирдлага,  иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн хөдөлгөөнийхөн уулзалджээ. Анх удаа ашиг сонирхлын бүлэглэлүүдийн төлөөлөл  нүүр тулан уулзаад байр сууриа илэрхийлж байгаа нь энэ боловч хэвлэлийн мэдээллээс харвал хэлэлцүүлгээс ямар нэг үр дүн, тохироонд хүрч чадаагүй ажээ. Тэрчлэн өчигдөр Ерөнхий сайд Ц.Элбэгдорж мөн энэ асуудлаар Хойд Америк- Монголын бизнесийн холбооны төлөөлөгчидтэй уулзаж санал солилцсон тухай товч мэдээг Засгийн газрын Хэвлэийн албанаас түгээсэн байна.