Засгийн газрын авилгалын эсрэг 10 алхам хийгээд ер бусын саналууд (2005.12.07)
Монгол Улсын Засгийн газар Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Авилгалын эсрэг арван алхам”-ыг зарлаж, эл баримт бичгийг олон нийтээр хэлэлцүүлж эхэллээ. Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид өчигдөр Төрийн ордонд энэ баримт бичгийн талаар хэлэлцүүлэг хийжээ. Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан нар болон авилгалд хамгийн их өртдөг хэмээн тооцогддог гааль, газар, татварын албадын албан тушаалтнууд оролцжээ.
Авилгалтай тэмцэхийн тулд юуны өмнө хэвлэл, мэдээллийн байгууллага, түүний ажилтнуудын эрхээ хамгаалах, эх сурвалжаа нууцлахыг хуульчлах, нууцын тухай хуулийг хүчингүй болгож, нууцад хамаарах асуудлын тоог цөөлөх, авилгалын хэргийг мөрдөн шалгах мэргэжилтнүүдийг бэлтгэх, хувийн мөрдөгч, прокуроруудыг дэмжих, гадаадад их хэмжээний мөнгө гуйвуулах явдлыг хянах хууль, эрхзүйн орчин бий болгох хэрэгтэй гэж Засгийн газар үзэж байна. Тэрчлэн төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгох, 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс авилгалын хэргийн санг бүрдүүлэх, Монгол Улсын авилгалын төвшинд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, хүнд суртал авилгалыг бий болгож буй дүрэм журмын тоог цөөлөх, төрийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох шаардлагатай гэж "Авилгын эсрэг 10 алхам"-д дурджээ.
“Өдрийн сонин”-д мэдээлснээс үзвэл хэлэлцүүлгийн үеэр ер бусын гэмээр сонин саналууд их гарсан аж. Тухайлбал, Үндэсний үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн, эдийн засагч Н.Дашзэвэг хэлэхдээ, утас чагнаад авилгал авч, өгөх тухай ярьж байвал шууд цагдаа, хяналтын байгууллагад шилжүүлэх санал гаргасан аж. Тэрбээр төрийн албан хаагчид төдийгүй тэдний гэр бүлийнхний хөрөнгө орлогын мэдүүлгийг авах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн байна. Харин Улсын ерөнхий прокурорын газрын мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа "Шударга байдлын сорил" гэгчийг санал болгосан ажээ. "Эрс шинэчлэл" хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар авилгалыг бүрмөсөн арилгахын тулд ховлодог, матдаг систем хэрэгтэй гэж үзэж байна. Түүнийхээр бол авилгалыг илрүүлсэн хүнд шагнал амлах хэрэгтэй гэнэ. "Эрүул нийгэм иргэний хөдөлгөөн"-ий тэргүүн Ж.Батзандан төрийн үйл ажиллагааны нээлттэй байдлын хууль болон Европын холбоонд элсэхийг хүсэгч орнуудад тавьж буй Сонирхлын зөрчлийн тухай хуулийг шууд хуулбарлах хэрэгтэй үздэг байна. Харин Газрын харилцаа, геодези, зурагзүйн газрын дарга Ш.Батсүх барууныг хуулбарлах биш дорно дахины аргад шүтэх нь зүйтэй хэмээн үздэг бололтой. МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл дүрэм журмын их цэвэрлэгээнээс илүүтэй зохицуулалтын шинэтгэл хэрэгтэй гэж хэлжээ. Тухайлбал тэрбээр төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх явдал их дутагдалтай байна хэмээн үзэж байна.
Авилгалтай тэмцэх 10 алхамд багтсан "Нууцын тухай хуулийг хүчингүй болгох" өгүүлбэрт Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир болгоомжлонгуй хандан, төр нууцтай байх ёстой гэж хэлсэн аж. УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан Монгол Улс НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид нэгдсэнээр 20-иод хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гээд ирэх долоо хоногт Авилгалын эсрэг хуулийн төслийг УИХ-д өргөн барина хэмээн мэдэгджээ.