Орон сууц, амины сууцтай иргэдээс татвар авахаар болох нь (2005.12.08)

A- A A+
Орон сууц, амины сууцтай иргэдээс татвар авахаар болох нь (2005.12.08)

Орон сууц, амины сууцтай иргэдээс татвар авахаар болох нь (2005.12.08)

Татварын багц хуулинд оруулах  өөрчлөлтүүдийн талаар  Сангийн сайд Н.Алтанхуяг өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулсан байна. Түүний хэлснээс үзвэл аж, ахуйн нэгж байгууллагуудад ногдуулах орлогын албан татварт бага зэрэг өөрчлөлт оруулж, 100 саяас дээш орлоготой компаниудаас 30 хувийн татвар авдаг байсныг болиулах,  харин 500 сая төгрөгөөс дээш орлого бүхий компаниуд ийм хэмжээний татвар төлөхөөр тусгаад байгаа ажээ. Ингэснээр 30 хувийн татвар төлдөг одоогийн 160 аж ахуй нэгжийн тоо багасах бөгөөд 500 саяас  дээш орлого бүхий  30 гаруй компани л байгаа аж. Сангийн сайдын үзэж байгаагаар уг хуулийн төсөл энэ чигээр нь  баталвал төсвийн орлого 40 тэрбум төгрөгөөр буурах юм байна.

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуульд орон сууц, амины сууцтай иргэдээс татвар авна гэсэн заалт оруулсан байгаа бөгөөд орон сууцны талбайн нэг ам метр тутмаас 10 төгрөгийн татвар авах саналыг Засгийн газар оруулсан байна. Харин хаус буюу хувийн сууцуудад үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулж, тухайлбал, 150 метрээс дээш талбайтай 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий сууцтай өрх жилд 600 мянган төгрөгийн татвар төлнө гэж Сангийн сайд энэ хурал дээр мэдэгджээ.  Харин гэр хорооллын хашаа байшинд амьдардаг иргэд энэ татвараас чөлөөлөгдөх ажээ. Мөн авто машинд цилиндрээс нь хамаарч татвар ногдуулахаар заагаад байгаа ажээ.

Аж ахуй нэгжийн албан татварын хуульд ашгийн бус байгууллагаас татвар авахаар заахдаа, эмнэлэг, сургууль зэрэг төсвийн санхүүжилттэй байгууллагыг татвараас чөлөөлөхөөр зааж, харин ашгийн бус хувийн байгууллагаас  татвар авна гэж Сангийн сайд мэдээлжээ. Татварын багц хуулийг багцаар нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-аар хэлэлцэхээр тогтсон байна.