Авилгалын хуулийн цар хүрээ өргөжнө (2005.12.09)
Өнөөдөр Авилгалын эсрэг олон улсын өдөр "Та авилгалыг зогсоож чадна" гэсэн уриан дор болж байна. Үүнтэй холбогдуулан Авилгалтай тэмцэх үндэсний зөвлөлийн гишүүд УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Д.Одбаяр, С.Оюун нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Манай улсын хувьд энэ өдрийг угтан амжуулсан хамгийн гол ажил нь Авилгалын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барихад бэлэн болсон явдал гэж Үндэсний зөвлөлийн дарга гэж Д.Лүндээжанцан дарга хэлжээ. Ер нь Монгол Улс НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид нэгдэн орсонтой холбогдуулж 20 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа аж.
Авилгалын тухай хууль батлагдсанаар авилгалын язгуур шалтгаан үндсийг арилгаж чадна хэмээн энэ хуулийн төслийг санаачлагчид үзэж байна. Төсөлд туссан нэг гол зүйл нь хөрөнгө орлогын мэдүүлгийг ил тод болгох явдал бөгөөд хөрөнгийн орлогын мэдүүлгээ өгөх албан тушаалтнуудын жагсаалтыг УИХ-аас гаргах юм байна. Тэдний хэлснээс үзвэл авилгалын эсрэг өмнөх хуулиар зөвхөн төрийн албан хаагчдын авилгалын асуудлыг хөндөж хариуцлага хүлээлгэх талаар заасан байсан бол шинэ хуулийн төсөлд аж ахуйн нэгж, хувийн байгууллагыг оруулж өгсөн тул хамрах хүрээ нь өргөжсөн ажээ. Хуулийн төслийг НҮБ-ын конвенцтэй нийцүүлж боловсруулсан учир ямар нэгэн засвар өөрчлөлт бараг орохгүй байх хэмээн тэд найдаж байна.
Хуулийн төслөөр бол Улсын ерөнхий прокурорын дэргэд Авилгалтай тэмцэх газар хэмээх статустай байгууллагыг байгуулах бөгөөд энэ газар нь бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах аж. Энэ газрын даргыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Улсын Ерөнхий прокурор санал болгож, Ерөнхийлөгч томилох юм байна.