Ашигт малтмал ба төрийн оролцооны тухайд (2005.12.12)

A- A A+
Ашигт малтмал ба төрийн оролцооны тухайд (2005.12.12)

Ашигт малтмал ба төрийн оролцооны тухайд (2005.12.12)

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон ордуудад төрийн оролцоо байх нь зүйтэй гэж үзсэн ажээ. Гэхдээ Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхайн бодлого зохицуулалтын газрын орлогч дарга О.Цэндсүрэнгийн  “Өнөөдөр” сонинд ярьснаас үзвэл төрийн оролцооны хувь хэмжээ нь ямар байхыг тодорхой заагаагүй бөгөөд ямар ордод төрийн оролцоо байхыг УИХ-аас тогтоох юм байна. Улсын төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдчихсон газарт төр хувь эзэмших заалтад гадаадын хөрөнгө оруулагчид эмзэглэхгүй байх гэж тэрбээр үзэж байна.

Тус яамнаас боловсруулсан хуулийн төсөлд төрийн оролцоог 30 хүртэл хувь байж болох тухай заасан талаар О.Цэндсүрэн хэлэхдээ, ер нь хувийн хөрөнгөөр хайгуул хийгээд орд нь тогтоогдчихвол тэнд 15 хувийн оролцоо байх тухай яригдаж байсан ч Засгийн газрын гишүүд хувийн хөрөнгө зарцуулсан юман дээр төр оролцох нь зохимжгүй гэж үзсэн гэжээ. Түүний хэлснээр бол улсын хэмжээгээр төсвийн хөрөнгөөр судалгаа хийж, нөөцийг нь тогтоосон 678 орд газар байдгаас 400-аад нь хайрга, элс гээд барилгын, үлдсэн 200 гаруй нь шатах материалын ашигт малтмал байдаг. Ашиглалтад орчихсон томоохон орд гэвэл Эрдэнэтийн зэс, Бор-Өндөрийн жонш,   алтны   томоохон шороон орд болох Толгойт, Их алт, Заамар, Дөвөнт байгаа аж. Сүүлийн үед нээсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай Бороо, Олон овоотын алт, Төмөртэйн овооны цайрын орд байна.

Төсөлд туссанаар бол лицензийг дуудлага худалдаагаар олгож байх юм. Анхны төсөлд төсөлд байгаль орчны нөхөн сэргээлт хийлгүй их хэмжээний хохирол учруулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан дээр нэмж Байгаль орчны сайд У.Барсболдын саналын дагуу ашиглалтын лиценз авахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг заавал хийлгэж байхаар  заасан ажээ. Тэрчлэн лицензийн төлбөрийн 50 хувийг орон нутгийн төсөвт, 50 хувийг улсын төсөвт оруулж байх санал байсан ч аймгийн төсөвт өгөх үү, эсвэл суманд нь өгөх үү гэдгийг зааглаж ялгаж өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.  Одоогоор аль аймагт хэчнээн лиценз, хэдий хэр ашиглалтын талбай байгааг тогтоохоор судалж байгаа ажээ.

Засгийн газраас УИХ-д өргөн барихаар бэлтгэсэн эцэслэн тогтсон эдгээр өөрчлөлтөд  төслийг анхнаас нь эрс эсэргүүцэж байсан Монголын Уул уурхайн ассоциаци аанай л сэтгэл хангалуун бус байна.  Тус ассоциацын гишүүн, «Майн инфо» компанийн ерөнхий менежер Д. Төрбат мөн сонинд ярихдаа,  хэдийгээр Ашигт малтмалын тухай хуульд оруулахаар зэхэж байсан зарим заалтыг хассан ч одоогийн хувилбар нь энэ салбарт бас л аюултай хэмээн мэдэгджээ. Тэрбээр лицензийг зарах, шилжүүлэх, барьцаалахад цагдаагаар шалгуулж, тусгай хороогоор хянуулдаг болсныг хуулиар баталгаажуулах зохисгүй гэж үзэж байна.  Монголын уул уурхайн үндэсний ассоциацын хүндэт ерөнхийлөгч П.Очирбат ашигт малтмалыг стратегийн гэж хуульчлах нь оновчтой биш гэж үзэж байна. Тэрбээр “ЗМ” сонинд ярилцлага өгөхдөө, ашигт малтмалыг ашиглах үйлдвэрлэлийн хүч чадлын хэмжээ хуулиар биш, эдийн засгийн механизмаар зохицуулагддаг хэмээн хэлжээ. Тэрчлэн төр өмчлөх эрхээ тодорхой нөхцөл, болзол, хугацаа, хязгаарт төлбөртэйгөөр бусдад шилжүүлж байгаа нь төр өөрөө түүнд хамтран оролцож байна гэсэн үг хэмээн тэр үзэж байна.  Тус ассоциаци одоо УИХ-д өргөн барихаар бэлтгэсэн хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж, салбарынхантайгаа санал солилцохоор бэлтгэж байгаа аж.