Монголын ууган улстөрийн хүчин МАХН-ын Бага хурал анхаарлын төвд байна (2005.12.13)

A- A A+
Монголын ууган улстөрийн хүчин МАХН-ын Бага хурал анхаарлын төвд байна (2005.12.13)

Монголын ууган улстөрийн хүчин МАХН-ын Бага хурал анхаарлын төвд байна (2005.12.13)

Сүүлийн үед дотооддоо нэлээд хөдөлгөөнтэй байгаа, Монголын ууган улстөрийн хүчин болох  МАХН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаан 71.3 хувийн ирцтэйгээр өчигдөр эхэлсэн бөгөөд сонинуудын мэдээлснээр 21 цаг хүртэл өндөрлөөгүй байжээ. Хурал дээр тус намын дарга М.Энхболд “Улс орны улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт” гэсэн улс төрийн илтгэл тавьсан байна. М.Энхболд илтгэлдээ “хамтарсан Засгийн газрыг зөвшилцлийн гэрээгээр ажиллаж байсан, эвсэл задарсанаас улстөрийн хямрал эхэлж, өнөөгийн Засгийн газар оршин тогтнох эрхзүйн чадамжгүй болж хяналт тавьж хамтран ажиллахад бэрхшээлтэй нөхцөл үүссэн” хэмээн дүгнэсэн аж. Мөн тэрбээр  Засгийн газрын тэргүүн сайхан ярьж байгаагаас, боловсон хүчний бодлого алдагдаж мэргэшсэн боловсон хүчнийг дур зоргоороо халж байгаагаас, хээл хахууль хавтгайрч авилгал лиценз, газар, эрүүл мэнд, боловсролын тогтолцооны гажуудал, баян хоосны ялгаа зэргээс нийгмийн бухимдал газар авч байна хэмээн дүгнэсэн гэж “Өдрийн сонин”-д /¹298/ мэдээлжээ.  Улс төрийн тэмцлийг гудамжинд гаргахгүй зөвшилцөл хэлцлийн арга замаар шийдэх нь зүйтэй. Хууль бус ажиллагаанд хөтлөгдөн хэт туйлширвал төрийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн М.Энхболд хэлсэн аж.

МАХН-ын даргын үзэж байгаагаар үнэ ханшийн өсөлт 4,7 хувь байсан бол 2005 оны 11 сарын байдлаар 8,5 хувьд хүрсэн нь ард иргэдийг бухимдуулах гол шалтгаан  болжээ. Тэтгэврийн доод хэмжээг 50 мянган төгрөгт хүргэх, төсвийн цалингийн доод хэмжээг 70 мянга хүргэх, дундаж цалинг 150 мянган төгрөг болгохын төлөө ажиллая хэмээн МАХН-ын дарга гишүүддээ хандан мэдэгджээ.

МАХН-ын дотоод ажил буюу цахим нам, намын сургалт судалгаа, боловсон хүчний асуудал, санхүүжилтын талаар М.Энхболд  илтгэлдээ дурдсан аж. Түүний хэлснээр бол төрийн алба энэ намын нэрээр хашиж байгаа бол намын санхүүжилт дээр анхаарч намаа санхүүгийн талаар дэмжих санааг энэ бага хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн хэмээн Өдрийн сонинд мэдээлсэн байна.

Сонин хэвлэлээр сүүлийн үед байнга яригдах болсон МАХН-д жигүүр байгуулах тухай асуудал хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад эхэндээ байгаагүй ч гишүүдийн ил санал хураалтаар асуудлыг шийдэхээр болоход 179 гишүүний 74 хүн дэмжсэн аж. Танхимаас нууцаар санал хураалгах шаардлага тавьсан авч бага хурлын гишүүн, УИХ-ын дарга Ц.Нямдорж “Жигүүр байгуулах асуудал Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгээр шийдэгдсэний дараа жигүүрийн асуудлыг хэлэлцэж нэг мөр шийдэх хэрэгтэй” гэсэн санал гаргасан нь дэмжигдсэн байна. МАХН-ын хуралдаан хаалттай үргэлжилж, оройн есөн цаг гэхэд жигүүрийн асуудлыг хэлэлцэж эхлээгүй байсан аж.