Монгол Улс эдийн засгийн бүтцээ өөрчлөхгүй бол ханшны уналт үргэлжилнэ (2005.12.14)

A- A A+
Монгол Улс эдийн засгийн бүтцээ  өөрчлөхгүй бол ханшны уналт үргэлжилнэ (2005.12.14)

Монгол Улс эдийн засгийн бүтцээ  өөрчлөхгүй бол ханшны уналт үргэлжилнэ (2005.12.14)

Монголын эдийн засаг импортоос хэтэрхий их хамаарч байна. Эдийн засгийн бүтцээ  өөрчлөхгүй бол ханшны уналт үргэлжилнэ хэмээн  Монголбанкны валютын газрын захирал С.Одонгуа “Монголын мэдээ” сонинд /¹245/ ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Түүний хэлснээс үзвэл Монголын эдийн засагт долларжилт явагдаж буй бөгөөд том том дүнтэй гүйлгээнүүд  ам. доллараар хийгдэж байгаа ажээ. Манай улсын нийт зээлийн 80-90 хувь нь ам доллараар хийгджээ. Тэрчлэн төсөвт орлого нь төгрөгөөр тооцогдож байхад төлбөрөө ам доллараар хийж байх жишээтэй. Эндээс манай улс маш их ханшийн эрсдэл хүлээдэг гэж тэрбээр ярьсан байна. 

Түүний ярьснаар бол арав гаруй жилийн өмнө Монголын эдийн засагт мөнгөний эрэлт маш их, валютын хомсдолд орсон байсантай харьцуулбал өнөөдрийн ханшийн уналтыг тогтворжсон гэж ойлгож болно. Ханшийн өнөөгийн байдал 1.2 хувьтай гэдэг бол төв банкнаас баримталсан бодлогын үр дүн гэж хэлж болно. Энэ бол том өөрчлөлт гэж С.Одонгуа мэдэгджээ.
Өнөөдөр маш том импортын хэрэгцээтэй ч гэлээ гаднаас орж ирж байгаа долларын урсгал их байгаа учраас ханшийн уналт бага байна. Хэрэв  долларын урсгал орж ирдэггүй, хөрөнгө оруулагчдын сонирхол Монголд байгаагүй  бол төгрөгийн ханшийн уналт үүнээс илүү байх байсан. Инфляци жилийн 10 хувьтай байгаа. Тэр бүхэнд ханшийн энэ байдал нөлөөлж байгаа  гэж тэрбээр хэлжээ. Сүүлийн үед Монголд орж ирж байгаа нийт валютын урсгалд гадаадын хөрөнгө оруулалт нэлээд томоохон байр эзэлдэг ажээ. Түүнтэй өрсөлдөхүйц хэмжээний урсгал бол гадаадад байгаа монголчуудын эх орон руугаа илгээж буй хувийн гуйвуулга байдаг гэнэ.  2004 оны дүнгээр 195 сая ам.доллар хувийн гуйвуулгаар орж ирсэн гэсэн тооцоо бий. Энэ бол ДНБ-ний 15 хувьтай тэнцэх  мөнгө ажээ.  Тэрчлэн ашигт малтмалын үнийн өсөлт нь Монголд орж ирж буй валютын хэмжээг нэмж байгаа бас нэг урсгал. Өнгөрсөн жил тухайлбал, нэг унц алтны үнэ доллараар 400 орчимтой байсан бол саяхан 500-д хүрч, 12 дугаар сарын 12-нд хамгийн топ үнэ нь 540 ам.долларт хүрсэн нь сүүлийн 25 жилд байгаагүй үнэ гэж хатагтай С.Одонгуа ярьжээ. Өнгөрсөн жил манай улс 13 тн алт худалдаж байсан бол энэ жил 15 тн-ыг худалдсан байна.

Монгол банкны валютын газрын даргын ярьснаар бол 2005 оны 11 сарын үзүүлэлтээр банкнаас гадуурхи мөнгө 1.100 тэрбум орчим байгаа бөгөөд энэ мөнгө жил ирэх тусам ихэсч байгаа аж. Өнөөдөр мөнгөний өсөлт жилийн 30-40 орчим хувьтай байгаа нь эдийн засагт мөнгөний эрэлт хэрэгцээ маш их байна гэсэн үг. Гэхдээ эрэлт, хэрэгцээ байна гээд мөнгө гаргаад байсан бол инфляци 10-аас хавьгүй давсан байх байсан. Монгол банкны хувьд инфляцийг бензиний үнийн өсөлтийг тооцохгүйгээр долоон хувьд барих бодлого барьж байгаа бөгөөд  энь эргээд ханш үүнээс илүүгүй байна гэсэн ерөнхий санаандаа багтана гэсэн үг гэж тэрбээр ярьжээ.

Эдийн засгийн шилжилтэд зэрэг орсон бусад улс оронтай харьцуулахад бид дундач хэмжээнд явна. Гэхдээ төр засгийн удирдлагуудын хувьд энэ бол санаа амрах биш, санаа зовох ёстой үзүүлэлт гэж С.Одонгуа хэлээд өнөөдөр Монголын нэг иргэн жилдээ 400-500 ам.долларын орлоготой байхад ядуурал газар авсан хэвээр байх болно гэж мэдэгджээ.
.