Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Засгийн газарт сайн ажиллах бололцоо бий (2005.12.16)

A- A A+
Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Засгийн газарт сайн ажиллах  бололцоо бий (2005.12.16)

Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Засгийн газарт сайн ажиллах  бололцоо бий (2005.12.16)

Ерөнхийлөгч Н.Энхбаяр Засгийн газрыг аль болохоор дэмжиж ажиллахыг боддог. Засгийн газар огцрох, эсэх асуудал хуулийн хүрээнд л шийдэгдэх ёстой хэмээн өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Өмнөх Ерөнхийлөгчөөс тогтоосон уламжлалын дагуу  "Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч" нэртэй уулзалтыг  Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр зохион байгуулсан байна. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн албаа авснаас хойш хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар ноён Н.Энхбаяр танилцуулж, дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан байна. 

Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн үнэлж байгааг нь  асуухад Ерөнхийлөгч Н.Энхбаяр хариулахдаа, одоогийн Засгийн газар таатай нөхцлийн дунд ажиллаж байна гээд ийм таатай нөхцлийг зөв ашиглаж, хүний хөгжилд анхаарч, эдийн засгийн өсөлтөө барь гэх зэргээр Засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг гэжээ. Харин  таатай нөхцөл гэдэгт тэрбээр зуд болоогүй,  алт, зэсийн  ханш өндөр байгааг онцолсон байна. Засгийн газарт сайн ажиллах  гадаад, дотоод орчин, боломж бололцоо бий гэж тэрбээр үздэг аж.

Авилгалын тухайд Ерөнхийлөгч хэлэхдээ, нийгмийн хар үзэгдэл гэдэг утгаар авилгалыг устгахын төлөө тэмцэх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа гэжээ. Гэхдээ тэмцэхийн тулд хууль хэрэгтэй, механизм хэрэгтэй. Энэ тэмцлийг улстөрийн нэг бүлэглэл нөгөөгөө дарах арга хэрэгсэл болговол аюултай. Нэг хүн хэлснээр үүнийг хийж чадахгүй хэмээн өгүүлжээ.

Олны анхаарлын төвд буй ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайд Ерөнхийлөгч Н.Энхбаяр  гадаадын хөрөнгө оруулалтыг бид өөрсдөө хийж чадах зүйлд биш чадахгүй салбарт чиглүүлэхэд төрийн бодлого чиглэх хэрэгтэй үздэг ажээ. Тэрбээр  ашигт малтмалыг хэтэрхий их шүтэж ганцхан энэ салбар л Монголыг хөгжүүлэх мэтээр ойлговол өрөөсгөл болно гэж үзэж байна. 

Ерөнхийлөгчийн засаглалын тухайд ямар бодолтой явдгийг нь тандахад ноён Н.Энхбаяр хэлэхдээ, би хувьдаа засаглалын гурван хувилбар байж болно гэж боддог гээд нэг нь хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал, нөгөө нь хүчтэй парламентын засаглал. Харин гуравдахь нь одоогийн хувилбар. Алийг сонгохоо, хэрхэхийг  ард түмэн шийдэх асуудал хэмээн мэдэгдсэн байна. Би хувьдаа тэгэх ингэх гээд байгаа юм байхгүй гэж хэлжээ.

Харин шүүхийг бизнес, улстөрийн бүлэглэлийн хараат байдлаас гаргах ард түмний шүүмжлэлийн дагуу шийдвэртэй арга хэмжээ авахаа Ерөнхийлөгч Н.Энхбаяр мөн мэдэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч www.president.mn,    www.enkhbayar.com гэсэн веб хуудастай болжээ. Эндээс  Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээ мэдээллүүдийг  авахын зэрэгцээ санал, хүсэлт бичиж болох юм байна.