Эдийн засгийн өсөлт буурсныг улстөрчид тайлбарласан нь (2005.12.19)

A- A A+
Эдийн засгийн өсөлт буурсныг улстөрчид тайлбарласан нь (2005.12.19)

Эдийн засгийн өсөлт буурсныг улстөрчид тайлбарласан нь (2005.12.19)

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2005 онд 10.6 хувьд хүрсэн бөгөөд энэ үзүүлэлт энэ онд 5.5 хувь болж буурах хандлагатай байна. Энэ талаар МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд өнгөрсөн даваа гаригт болсон тус намын бага хурал дээр мэдэгдсний зэрэгцээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарим улстөрч, эдийн засагчид эдийн засгийн  өсөлт бараг хоёр дахин буурах төлөвтэй байгааг үндсэндээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Гэхдээ тэд энэхүү бууралтын шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд  Т.Очирхүү “АЭ” сонинд ярихдаа, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөнтэй холбоотой хэмээн тайлбарласан бол УИХ-ын гишүүн Л.Гүндалай бизнес улам бүр хумигдаж байгаатай холбон үзжээ. Эдийн засгийн бодит өсөлт нь инфляци, цахилгаан, дулааны үнийн өсөлтөд хяргуулж байна. Тухайн үед алт, зэсийн үнэ өссөнөөс биш, нийгмийн нийт бүтээгдэхүүн өсөөгүй хэмээн Л.Гүндалай үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Цэрэнбалжир 10.6 хувийн өсөлтийг эдийн засгийн тогтвортой өсөлт гэж ойлгож болохгүй гэжээ.  Монголын эдийн засаг уул уурхайн салбар, алт олборлолтоос хамааралтай явж байна. Өөрөөр хэлбэл,  энэ өсөлт эдийн засаг зөв явж байна уу, үгүй юү гэдгийг харуулсан гэж тэрбээр үзэж байна. Түүнийхээр бол уул уурхай салбарын бүтээгдэхүүн, ялангуяа алтны үнэ энэ онд бараг хэвээрээ  байсан ч өмнөх шигээ өсөлт гарахгүй байгаа нь  эдийн засгийн бусад гол салбар руу чиглэсэн төрийн бодлого, дэмжлэг байхгүй байгаатай холбоотой аж. Эдийн засгийн гол салбар бодит өсөлтийн өчүүхэн хувийг эзэлж байна. Тэгээд ч  10.6 хувийн өсөлт ард түмэнд ач тусаа өгөхөөсөө илүү улсын төсөвт зарцуулагдаад дуусч буйд тэрбээр шүүмжлэлтэй ханджээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Сүхбаатар үүнийг Засгийн газрын үйл ажиллагаатай холбон авч үзэж байна. Тэрбээр хэлэхдээ, Ц.Элбэгдоржийн Засгийн газар тааруухан ажиллаж байна. Гадаад зах зээл таагүй биш төдийгүй алт, зэсийн үнэ өөрчлөгдөөгүй байхад өсөлтийг хэвээр хадгалж чадаагүй өөр шалтгаан байгаа бол үүнийгээ ард түмэндээ тайлбарлаж хэлэх хэрэгтэй юм хэмээн тэрбээр мэдэгджээ. Түүнтэй адилавтар буюу  байр суурийг УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн барьж байгаа бололтой. Гэхдээ тэрбээр үүнийг Засгийн газрын үйл ажиллагаа гэхээсээ илүү улстөрийн байдал тогтвор муутай байгаатай холбон үзжээ. Р.Эрдэнэбүрэн "Засаг унана" гэсэн яриа байнга гарч байгаа нь эдийн засгийн хүлээлтийг бий болгож, томоохон хөрөнгө оруулалтуудыг зогсчихоод байгаа нь эдийн засгийн бууралтад нөлөөлж байна гэж  дүгнэжээ.