ОНРТ захиралгүй хэвээр байна (2005.12.20)

A- A A+
ОНРТ захиралгүй хэвээр байна (2005.12.20)

ОНРТ захиралгүй хэвээр байна (2005.12.20)

Үндэсний зөвлөлийн даргаа шүүхэд өгсөн, томилсон захирлыг нь шүүх түдгэлзүүлсэн гээд сүүлийн үеийн маргаантай сэдвийн нэг болоод байгаа Олон  нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл өчигдөр хуралдсан боловч хуримтлагдсан асуудлаа шийдэж чадаагүй байна. “Монголын мэдээ” сонины сурвалжлагч Х.Өлзийбаяр энэ хурлаас сурвалжилсан байна. Түүний бичснээр бол ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Н.Содномдорж ХЗДХЯ-наас өгсөн чиглэлийн дагуу ОНРТ-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, өмнөх хуралдаанаар хэлэлцээд дутуу орхисон хоёр асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх  гэсэн санал оруулсан боловч  ч гишүүд өөр саналтай байжээ. Тухайлбал, тус зөвлөлийн гишүүн Ж.Занаа Үндэсний зөвлөлийн буруутай ажиллагаанаас болоод ОНРТ эзэнгүй байгааг, гишүүн Р.Бурмаа хууль дүрмээ зөрчсөн Н.Содномдорж даргын үүрэгт ажлаа хийж чадаж буй эсэхийг авч хэлэлцэх санал гаргаснаас үүдэн гишүүд маргаж эхэлсэн байна. Гишүүн Дамдинсүрэн ийм байдлаар явбал Үндэсний зөвлөл цаашид үйл ажиллагаа явуулж чадах уу, эсвэл тарах уу гэдэг асуудал гарч ирж байна. Улстөрийн элдэв хүчин дарамтлаад байгаа бол түүнийгээ ярьж, биднийг томилсон гурван субьект руу хэлж татгалзъя гэсэн санал мөн гаргажээ.

ХЗДХЯ-наас ОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс хүргүүлсэн бичиг баримттай танилцаад "Монголын үндэсний радио, телевиз" гэсэн нэр болон үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн заалтаа эргэн өөрчлөхийг санал болгосон байна. ХЗДХЯ-ны саналыг үндэслээд Монгол орон даяар үйл ажиллагаа явуулна гэж байгаа болохоор "Монголын олон нийтийн радио телевиз" гэж нэрлэх саналыг зөвлөлийн даргын зүгээс санал болгоход Ц.Золжаргал, Р.Бурмаа, Б.Эрдэнэ-Өлзий, Цэрэнпүрэв нарын гишүүд МҮРТ гэдэг бол өөрөө брэнд нэр учраас өөрчлөх шаардлагагүй гэж үзжээ. Ингээд санал хураахад ХЗДХЯ-нд анх өгсөн нэр буюу Монголын үндэсний радио, телевиз гэдэг нэрийг хамгаалж батлуулахыг Төмөрбаатар, Р.Бурмаа нарт  үүрэг болгосон аж.

Хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Үндэсний зөвлөл, ОНРТ-ийн захирлын томилгооны асуудал байжээ. ОНРТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр МРТХЭГ-ын дарга байсан Б.Ганболдыг томилсон 07 тоот тогтоол хүчин төгөлдөр байхад С.Мягмарыг томилж  ажил хүлээлцүүлсэн талаар зөвлөлийн дарга Н.Содномдорж тайлбарлахдаа, "Засгийн газрын хуралдаанаар 240,241 дүгээр тогтоол гаргаж МРТХЭГ-ыг татан буулгаж, Б.Ганболдыг МРТХЭГ-ын даргын ажлаас чөлөөлсөн, өмнө нь С.Мягмарыг ерөнхий захирлаар томилсон тогтоол гаргасан болохоор ажил хүлээлцүүлсэн" гэж мэдэгджээ. Энэ Үндэсний зөвөлийн дарга Н.Содномдорж Засгийн газарт "МРТХЭГ-ыг татан буулгаж өгнө үү" гэсэн албан бичиг явуулсан нь гишүүддээ мэдэгдээгүй байсан нь илэрч дахин маргалдсан  аж.  Ингээд зарим гишүүн гарч явснаар Үндэсний зөвлөлийн хурал асуудлаа шийдэж чадалгүй тарсан байна.

Хурал дээр  Үндэсний зөвлөлийн гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга Цэрэнпүрэв ОНРТ-д өнөөдөр санхүүгийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаатай танилцсан талаараа мөн мэдээлсэн байна.  Тэрбээр хэлэхдээ, Монголын радио, Монгол телевиз, мэдээллийн "MM" агентлагт санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бол хуучин хэрэг эрхлэх газарт холбогдох санхүүгийн бүхий л үйл ажиллагаа зогсч гадны байгууллагад хийх 230 гаруй сая төгрөгийн төлбөр тооцоо, цалин тавих зэрэг асуудал хүлээгдэж, хариуцах эзэнгүй байна хэмээн мэдэгджээ. Мөн С.Мягмар томилогдоод шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлэхийн хооронд орлогч дарга болон  ерөнхий нягтлан бодогч нарыг томилсон гэх боловч албан ёсоор тушаал шийдвэр гаргаагүй, хувийн журмаар ажиллаж байгаа болохыг мэдээлжээ.