Авилгалын эсрэг хуулийн төслийн хэлэлцүүлэг халуухан өрнөж эхлэв (2005.12.21)

A- A A+
Авилгалын эсрэг хуулийн төслийн хэлэлцүүлэг халуухан өрнөж эхлэв  (2005.12.21)

Авилгалын эсрэг хуулийн төслийн хэлэлцүүлэг халуухан өрнөж эхлэв  (2005.12.21)

УИХ-ын байнгын хороод Авилгалын эсрэг хуулийн төслийг өчигдрөөс хэлэлцэж эхэллээ. Хэвлэлүүдийн тэмдэглэснээр бол өмнө нь гурвантаа буцаж, найман жил хүлээлгэсэн энэхүү  хуулийн төслийн хэлэлцүүлэг нэлээдгүй хурцхан өрнөх төлөвтэй. Тухайлбал, өчигдөр болсон УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хурал дээр хуулийн төсөл дэх  авилгалын эсрэг тэмцдэг хараат бус байгууллагатай байх тухай заалт парламентын гишүүдийн анхаарлыг ихээхэн татсан аж.  Нэн ялангуяа энэ газрын удирлага болон ажиллах дүрэм журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно хэмээх  заалт тун маргаантай өрнөжээ.

“Өдрийн сонин” -ы өнөөдрийн дугаарт мэдээлснээр, УИХ-ын гишүүн З.Энхболд "Авилгалчид өөрсдөө авилгалын байгууллагыг толгойлох нь. "Улсын тэргүүний авилгалч" цолтой Ерөнхийлөгчөөр авилгалын эсрэг байгууллагын даргыг томилуулах, ажиллах журмыг заалгавал авилгалын эсрэг яаж тэмцэх вэ хэмээн мэдэгдсэн аж. Тэрбээр энэ хуулийг  ОНРТ-ийн хуулийг хэлэлцэж тэргүүнийг нь томилсонтой адил болох вий хэмээн ихэд болгоомжилж байна. УИХ-ын гишүүн байсан хүнээр ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргыг томилж, тэр нь улстөржсөн шийдвэр гаргаж холион бантан хутгаж байна гэж тэр мэдэгджээ.

Харин УИХ-ын гишүүн  Э.Бат-Үүл авилгалтай тэмцэх тусгай байгууллага байгуулахыг эрс эсэргүүцэж байгаа аж. Тэрээр мэдэгдэхдээ,  " Авилгалтай тэмцэх тусгай байгууллага байгуулна гэж жүжиг тавиад яахав. Тэр тусмаа жирийн иргэдээ айлгах байгууллагатай бол бүр хэцүү” гэжээ. “Монголын мэдээ” сонинд мэдээлснээр  дахиад нэг авилгал авдаг байгууллага бий болно. Үүний оронд яам, тамгын газрын дэргэд ёс суртахууны байгууллага байгуулах нь зөв хэмээн Э.Бат-Үүл үзэж байна. Тодорхой гэмт хэргийн эсрэг тодорхой байгууллага байгуулах гэж байгаа нь Ерөнхийлөгчийн засаглал тогтоох сонирхолтой хүмүүст улстөрийн зэвсэг бэлдэж өгөх гэсэн явуургүй арга мөн хэмээн тэрбээр мэдэгджээ. Э.Бат-Үүлтэй төстэй байр суурийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Шаравдорж илэрхийлсэн байна. Ингэснээр нэг байгууллага байгуулж, авилгалтай тэмцсэн дүр эсгэсэн хэрэг болно хэмээн тэрбээр “Монголын мэдээ” сонинд ярьжээ. Түүний оронд шүүх эрх мэдлийн байгууллагуудаа жинхэнэ утгаар нь ажиллуулах ёстой гэж Ц.Шаравдорж үздэг байна.