Сэтгүүлчид эрхээ эдэлж чадахгүй байгааг судалгаа харуулав (2005.12.22)
“Глоб интернэшнл" төрийн бус байгууллагаас Монголын сэтгүүлчдийн эрхийн байдалд судалгаа хийж байгаа ажээ. Нээлттэй Нийгэм форум, Будапешт дахь Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Хэвлэл мэдээллийн бүсийн хөтөлбөрийн санхүүжилтээр хийж буй энэ судалгааныхаа 2005 оны арваннэгдүгээр сарын дүнг сэтгүүлчдэд танилцуулсан байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд явуулсан судалгаандаа Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа 100 сэтгүүлчийг хамруулсан бөгөөд оролцогсдын 60 гаруй хувь нь эрхээ эдэлж чадахгүй байгаагаа мэдэгджээ. Сэтгүүлчдийн хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь ихэнхдээ боогдож байгаа нь ямар нэгэн дарамт шахалтаар тайлбарлагддаг аж.
“АЭ” сонинд мэдээлснээр уг судалгаагаар сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдах оролдлогыг их төлөв гар утсаар хийдэг нь батлагдсан гэнэ. Судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 1,6 хувь нь гэр бүлээр нь дамжуулж дарамталдаг, 8,2 хувь нь амь насанд нь халдахаар заналхийлсэн, 12,3 нь бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан эргэж няцаалт хийх маягаар дарамталсан гэж хариулсан ажээ. Тэрчлэн хууль хяналтын байгууллагын сүр хүчээр айлгах, хувийн эд хөрөнгөд нь халдсан тохиолдол ч гарсан байна.
Сэтгүүлчдийг тэр бүх дарамт шахалтаас хамгаалах дархлаа өнөөдөр Монголд байхгүй байгаа нь хамгийн том дарамт юм хэмээн “Глоб интернэшнл” байгууллага үзэж байна. Тэрчлэн сэтгүүлчид хууль, эрхзүйн мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй байгааг тус байгууллага анхааруулж байна. ”Глоб интернэшнл" төрийн бус байгууллага нь хүний эрх чөлөөг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг олон улсын сүлжээ болох IFEX байгууллагад нэгдэн орж гишүүн нь болжээ. Тэд хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд сэтгүүлчдэд хуулийн мэргэжилтнүүдээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм байна.