МСС-гийн тусламж авах ажлын явцын тухайд
Монгол Улс урьд нь эдийн засгийн хөгжлийн төвшин ижил орнуудтай харьцуулахад авилгалын үзүүлэлтээрээ гайгүй явж байсан боловч энэ үзүүлэлт эрс буурсан нь ноцтой асуудал. Монголын Засгийн газар авилгалын эсрэг дорвитой алхам хийх ёстой. Энэ бол Мянганы сорилын сангаас /МСС/ санхүүжилт авах гол нөхцөл гэж тус сангаас анхааруулсан хэмээн Мянганы сорилын сангийн Үндэсний зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхтуяа “АЭ” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Түүний ярьснаас үзвэл Монгол Улс анх төсвийн алдагдал гэдэг ганцхан шалгуурт тэнцээгүй байсан бол энэ жил үүнийгээ багасгаж чадсан боловч авилгалын үзүүлэлт буурчээ. Авилгалын үзүүлэлтийг гаргадаг гол хоёр байгууллагын судалгаагаар Монголд авилгал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс авилгалаар урьд нь хүрсэн төвшингөөсөө буурсан байгаа юм. МСС-гаас манайд ирүүлсэн бичигтээ улс бүхэн заавал давах ёстой нэг үзүүлэлт нь авилгалын үзүүлэлт байдаг гэжээ.
МСС-гаас санхүүжилт авахын тулд нэн тэргүүнд авилгалтай тэмцэх ёстой гэсэн ойлголт Монголын нийгэмд бий болж байна. Авилгал байгаа, түүнтэй эрс тэмцэх ёстой гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөөд энэ чиглэлээр бодлогоо өөрчлөөд эхэлж буй нь бидний хувьд урагш алхсан алхам боллоо гэж хатагтай О.Энхтуяа үзэж байна. Гэхдээ үүнийг нөгөө талд үр дүнгээрээ л итгүүлэх болно. Энэ бол санаа зовоож байгаа хамгийн гол асуудал гэж тэрбээр ярьжээ.
Ер нь МСС-гаас тусламж авах улс орнуудыг гурван гол үзүүлэлтээр сонгодог байна. Нэгд, ардчилсан, сайн засаглалтай байх. Хоёрт, иргэддээ хөрөнгө оруулсан байх ёстой. Өөрөөр хэлбэл нийгмийн салбар, боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулдаг, төр нь өөрөө мөнгөө хэрэглэчихдэггүй байх гэсэн үг. Гуравт, эдийн засгийн эрх чөлөө буюу зах зээл, хувийн хэвшлээ дэмждэг байх. Тэр гурав нь дотроо тус бүр дөрөв, нийтдээ 16 шалгуур үзүүлэлттэй ажээ. Энэ 16 шалгуур нь МСС-гийн боловсруулсан шалгуур биш, харин их олон байгууллагын шалгуурыг авч ашигласан байгаа. Энэ бол аль нэг хүн, аль нэг байгууллага, Засгийн газраас үл хамаарсан бодитой зүйл гэж О.Энхтуяа ярьжээ. Үүнийг мөрдөж чадах юм бол Монголын өргөн барьсан төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө манайд маш том өөрчлөлт авчирч, бодлогын шинэчлэлт хийгдэх гэнэ.
Ярилцлагаас үзэхэд Мянганы сорилын корпорацийн Монголын баг 115 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. Манай төслүүдийг нарийвчлан судалж, ирэх нэгдүгээр сард Монголд ирж ажиллах юм байна. Тэгээд тусламжийн мөнгийг Монголын зах зээл шингээх чадвартай эсэх, яаж хүмүүст хүргэх, санхүүгийн ил тод байдал бий эсэх, булхай луйвраас сэргийлж чадах гэх мэтчилэн их өргөн хүрээтэй асуудлыг авч үзэх ажил зургаан сарын хугацаанд үргэлжилнэ. Төслүүд байгаль орчин, нийгэм, ядууралд ямар нөлөө үзүүлэх, эрхзүйн орчин байна уу, үгүй юу. Санхүүгийн тогтолцоо ямар байна гэдгийг ч харгалзана. Үүнд тэнцэх юм бол ирэх оны гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр ямар хэмжээний мөнгө аль төсөл дээр орж ирэх вэ нь тодорно. Үүний дараа эцсийн хувилбараар Засгийн газар хооронд гэрээ байгуулах юм байна. Монголын Засгийн газар Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр гэрээнд гарын үсэг зурах хүсэлт тавиад байгаа. АНУ-ын тал Монголчууд хэчнээн нөөц гаргаж хүч хаяж ажиллахаас хурдац нь шалтгаална гэж үзэж байгаа ажээ.
Америкийн тал ийм том төслийг их богино хугацаанд хэрэгжүүлэх гээд байгаа нь их амбицтай хэрэг биш үү гэж анхааруулдаг хэмээн хатагтай О.Энхтуяа ярьжээ. Бидний хүсээд байгаа мөнгө бол тийм богино хугацаанд төсөл боловсруулаад авдаг мөнгө биш. Дэлхийн банкны 18 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхийн тулд нэг сая ам.долларын хөрөнгөөр нэг жил найман сар хүмүүсийг ажиллуулж байж хэрэгжүүлдэг. Гэтэл бид 292 сая ам.долларын төслийг хагас жил, жилийн дотор хийнэ гэдэг үнэхээр амбицтай хэрэг байх хэмээн тэрбээр хэлээд мөнгөнийхөө хэмжээг багасгаад хурдан авах уу, эсвэл энэ мөнгөө бүтнээр нь авахын тулд удаан ажиллах уу гэдэг сонголт ирж байна гэжээ.
МСС-гийн Үндэсний зөвлөл улс даяар дөрвөн бүст зохион байгуулсан хэлэлцүүлгийн үр дүнд дэд бүтэц, хувийн хэвшил, эрүүл мэнд, боловсрол гэсэн дөрвөн салбарыг нэн тэргүүнд хөрөнгө оруулах шаардлагатай гэж сонгож дөрвөн төсөл боловсруулжээ. Хамгийн том нь жижиг, дунд бизнесийг дэмжих төсөл байсан. Дэд бүтцийн хувьд Улаанбаатар-Лүн-Эрдэнэсантын чиглэлийн замыг засварлах, боловсролын салбарт англи хэлний сургалт явуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх төв байгуулах, техник мэргэжлийн боловсролын тогтолцоог сайжруулах гэсэн гурван хэсэгтэй төсөл хийсэн. Эрүүл мэндийн салбарт Улаанбаатарт оношлогоо, эмчилгээний төв байгуулах гэсэн төсөл байсан. Энэ дөрвөн төслийг МСС-д илгээсэн байна. Ер нь бол хэчнээн ч төсөл өргөн барьж болно хэмээн О.Энхтуяа хэлжээ.
Түүний мэдээлснээр бол анхны дөрвөн төслийг МСС-гийнхан үзээд зарим зүйлийг тодруулах шаардлага тавьжээ. Үүний дагуу бүх төсөлд эдийн засгийн дүн шинжилгээ хийж, үндэслэл тооцоог нь гаргасан байна. Тэрчлэн зөвхөн энэ дөрөв ч биш өөр ямар төсөл байх, тэдгээр нь Засгийн газрын нэн тэргүүлэх чиглэлүүдтэй хэрхэн уялдаж байгааг МСС-гаас мөн тодруулжээ. Энэ бүхний эцэст шинээр явуулсан төслүүдийг тус сангийн Хөрөнгө оруулалтын хороо баталсан байна. Гэхдээ батална гэдэг нь үүнийг нарийвчлан судалж энэ төсөлд мөнгө өгч болох уу, үгүй юу гэдгийг тодруулна гэсэн үг болохоос, мөнгө өгнө гэсэн зүйл биш ажээ.
Төслүүдийн онцлогийн талаар МСС-ийн Үндэсний зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхтуяа ярьсан байна. Дэд бүтэцэд жишээ нь зөвхөн авто тээвэр биш, эдийн засагт аль төсөл хамгийн их үр өгөөж өгөх вэ гэдэг үзүүлэлтээр дараа нь төмөр замыг сонгож авчээ. Оношлогоо, эмчилгээний төслийг зөвхөн мөнгөтэй хүмүүст л хамаатай юм биш үү гэж асуусан байна. Иймд ядуу, хөдөөгийн иргэдэд хүртээмжтэй болгох тал дээр ажиллаж, мэдээлэл, харилцааны дэд бүтцээр дамжуулаад энэ төслийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй болгох хэсэг нэмжээ. Манайд бүх аймгийг хооронд нь холбосон сүлжээ байдаггүй. Энэ бол анхны тийм сүлжээг бий болгох гэж байгаа оролдлого гэж О.Энхтуяа хэлжээ. Эрүүл мэндийн төслөө дэд бүтэцтэйгээ холбож нэг сумаар хоёр туулай буудаж байгаатай адилхан хийх гэж оролдсон аж. Цаад тал яаж хүлээж авахыг мэдэхгүй. Удаан ярих асуудал. Эхний хоёр төслийн хувьд ийм. Гэр хорооллын дэд бүтэц, орон сууцны зээл, мэргэжлийн боловсролын тогтолцоо гэсэн төслүүд бас бий. Мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчдын 70 хувь нь ядуу айлын хүүхэд байдгаас үүнийг ядуурлыг бууруулахтай холбон авч үзжээ.