Монгол Улс авилгалыг хянах асуудалд анхаарлаа хандуулахгүй бол МСС-гаас санхүүжилт авах эрхээ алдах эрсдэлтэй

A- A A+
Монгол Улс авилгалыг хянах асуудалд анхаарлаа хандуулахгүй бол МСС-гаас санхүүжилт авах эрхээ алдах эрсдэлтэй

Монгол Улс авилгалыг хянах асуудалд анхаарлаа хандуулахгүй бол МСС-гаас санхүүжилт авах эрхээ алдах эрсдэлтэй 

Монгол Улс шалгуур үзүүлэлүүдийг хангасан хэвээр байх юм бол гэрээг байгуулж, санхүүжилтийг олгоход бэлэн гэдэгт  итгэлтэй байж болно. Мянганы  Сорилын Сан нь АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр Монголд хөрөнгө оруулалт хийнэ. Тэгэхээр уг мөнгийг ухаалаг бөгөөд ядуурлыг бууруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох зорилгоор зарцуулж байгаа гэдэгт "АНУ-ын татвар төлөгч" (буюу тэднийг төлөөлдөг АНУ-ын Конгресс) итгэлтэй байх ёстой гэж АНУ-ын Элчин сайд Памела Слуц “Өнөөдрийн Монгол” сонинд ярилцлагаа өгөхдөө мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ, МСС-гийн журам ёсоор улс орнууд тусламж авах эрхээ хадгалан үлдэхийн тулд жил бүр 16 сорил бүхий шалгууруудыг хангасан хэвээр байх ёстой гэжээ.   Түүний хэлснээр бол 2003 онд 63 орноос зөвхөн 16-г нь,  2005 онд 70 орноос 16 нь тэнцэж,  2006 онд тусламж авахаар 98 орон өрсөлдсөнөөс 23 орон тэнцэж, энэ тоонд Монгол Улс  гурван удаа багтаж чадсан байна.  Харин  "авлигыг хянах" гэсэн үзүүлэлтээр Монголын оноо сүүлийн гурван жилд буурч, 91 хувь байснаа одоо 79 хувь болоод байгаа нь хамгийн их  санаа зовоож буй зүйл юм хэмээн Элчин сайд Памела Слуц мэдэгджээ. Хэрэв энэ оноо нь шалгаруулалтад орж буй орнуудын дунджаас доогуур болбол Монгол Улс МСС-гаас тусламж хүртэх эрхгүй болох ажээ.

Дараагийн шалгаруулалт 2006 оны есдүгээр сард явагдах бөгөөд эрхээ хадгалж үлдэхийн тулд Монгол Улс "авлигын хяналт"-ын оноогоо ахиулж, өрсөлдөж буй орнуудаасаа илүү болох ёстой юм байна.  Хатагтай Слуцын мэдэгдснээр аливаа улс тусламж авах эрхгүй гэж зарлагдах юм бол бүх санхүүжилтийг зогсоодог байна. Тэр ч байтугай хоёр тал Гэрээнд гарын үсэг зурчихаад, хэрэгжүүлэх шатандаа орж байсан ч зогсоож болох аж. 2006 оны турш Монгол Улс авилгалыг хянах асуудалд анхаарлаа хандуулахгүй бол МСС-гаас санхүүжилт авах эрхээ алдах эрсдэлтэй байна хэмээн тэрбээр анхааруулжээ.

Монголын ард түмний тусын тулд АНУ, Монголын хооронд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт буюу бизнесийн гэрээ гэж үүнийг ойлгож болно гэж Памела Слуц мэдэгдээд энэ гэрээнд ирэх жилийн зун гэхэд гарын үсэг зурах байх гэж бид найдаж байна гэжээ. Үүний дараа санхүүжилт хийгдэх аж.  Санхүүжилтийн хэмжээ нь мэдээж төсөл тус бүр нь батлагдах эсэхээс шалтгаална. Санал бүхэлдээ санхүүжигдэнэ гэх баталгаа байхгүй аж. Тэрчлэн МСК болон Монгол Улсын хооронд явагдах яриа хэлэлцээрийн дүнд саналд багтсан төслүүдийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж болзошгүй гэж АНУ-ын Элчин сайд П.Слуц хэлсэн байна.

Тэрбээр мөн ярихдаа, АНУ-ын Засгийн газар болон бусад томоохон донор орнуудын зүгээс Монгол Улс, Олон улсын валютын сангийн (ОУВС) хоорондын хөтөлбөрийн хугацаа өндөрлөж байгаад, мөн үүнийг ойрын үед шууд үргэлжлүүлэх ямар нэгэн хөтөлбөрийн сураг байхгүй байгаад санаа зовж байна хэмээн мэдэгдэв. Түүний хэлснээр бол ОУВС Монголд хэд хэдэн баг илгээж, шинээр хөтөлбөртэй болохын тулд юу хийх шаардлагатай тухай зөвлөмжийн жагсаалт гаргаж үлдээсэн байна. АНУ-ын Засгийн газар болон МСК нь ОУВС, түүний хөтөлбөрийг дэмждэг бөгөөд Монгол Улс нь ОУВС-гийн зөвлөмжүүдийг, нэн ялангуяа Монгол Улсын Төв банк (Монгол банк) болон Монгол Улсын Засгийн Газрын харилцааны бодлогын дутагдалтай тал болон эрхзүйн зөрүүтэй байдал, арилжааны банкуудын зохицуулалтын талаарх асуудлыг анхаарч хэрэгжүүлнэ гэж найдаж байна хэмээн хатагтай Памела Слуц мөн хэлсэн байна. Тухайлбал, Төв банкны үйл ажиллагаанд хөндлөнгийн, биеэ даасан хяналтыг сайжруулах асуудал ихээхэн зохимжтой байж болох юм. Эдийн засгийн тогтвортой хөгжил болон ардчилсан үйл явцад сайн засаглал, ил тод байдал, Засгийн газрын хариуцлага хүлээх тогтолцоо туйлын чухал. Эдгээргүйгээр ямар ч их хэмжээний гадаад тусламж, хөрөнгө оруулалт Монгол орныг эдийн засаг, нийгмийн хөгжил цэцэглэлтэд хүргэхгүй гэж тэрбээр хэлжээ.