Монгол Улс болон Олон улсын валютын сангийн түншлэл (2006.01.02)
Монгол Улс болон Олон улсын валютын сангийн цаашдын түншлэлийн талаарх ОУВС-гаас Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Рожер Кронэнбергийн байр суурийг “Зууны мэдээ” сонины ¹312-т нийтлэгдснээр толилуулж байна.
Монгол Улс эдийн засгийн шилжилтийг 15 гаруй жилийн өмнөөс тун зоригтойгоор эхлүүлж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас илүү уян хатан, үр ашигтай зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд амжилттай шилжиж, хурдацтай хөгжиж буй өөрийн хөрш орнууд болон дэлхийн эдийн засагтай улам илүү уялдах боллоо. Гэхдээ энэхүү амжилтад хүрэх зам шулуун дардан байгаагүй. Инфляцын маш өндөр төвшинг бууруулж, зохион байгуулалтын шинэ бүтцийг бий болгох замаар эдийн засгийн өсөлтийг сайжруулсан бөгөөд уг шилжилтийн үйл явц нь хуучин коммунизмын дэглэмтэй байсан бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй тайван байв.
Ер нь ОУВС эхнээсээ Монгол Улсыг энэхүү шилжилтийг хийхэд олон талаар дэмжиж ирсэн ба Ядуурлыг бууруулж өсөлтийг хангах хөтөлбөр (ЯБӨХ) болон түүний өмнөх Бүтцийн өөрчлөлтийн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ бодлогын зөвлөгөөгөөр хангаж байв. Мөн төрийн санхүү, банкны бүтцийн өөрчлөлт ба хяналт шалгалт, хууль зүйн шинэчлэл, статистик мэдээллийг боловсронгуй болгох гэх мэт олон салбарт томоохон хэмжээний техник туслалцааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байна. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу бид ирэх сард шинэчлэлийн явцыг улам эрчимжүүлэх зорилго бүхий санхүүгийн шинэ хөтөлбөрийн талаар хэлэлцэхээр төлөвлвж байна.
Гэвч, зарим ажиглагчид ОУВС-ын үүргийг Монголд шаардлагатай эсэх, мөн цаашид хоёр талын дотно харилцааг үргэлжлүүлэх эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлэхийн сацуу "Монгол Улс ядуу хэвээр байгаа, шилжилтийн эхний жилүүдэд гарсан эдийн засгийн ахицаас иргэдийн дийлэнх олонхи хүртэж чадаагүй" гэж тэмдэглэсэн. Харин бусад шүүмжлэгчид: энэ шинэчлэлийг хийхэд гарсан зардал (Монголын ард түмний хариуцах) нь эргээд тэр хэмжээний үр өгөөжийг өгч чадаж байна уу гэдэг асуудлыг тавьдаг. Нөгөө нэг хэсэг нь "ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжсэн хөтөлбөрүүд амжилтгүй болдог нь ОУВС-гийн хөтөлбөрүүд үе үе зогсдогтой холбоотой" гэж үзээд, үүнийгээ тайлбарлахдаа, уг хөтөлбөрүүд нь Монгол Улсын нөхцөлд тохиромжгүй, мөн тэдгээр хөтөлбөрүүдийн боловсруулалт муу, бодитой бус байдаг гэж тайлбарладаг.
Бидний үзэж байгаагаар дээрх дүгнэлт нь бодит байдлыг гажуудуулсан хэрэг гэж бодож байна. Саяхан ОУВС Монгол Улсад үзүүлэх өөрийн урт хугацааны үйл ажиллагааны талаарх судалгааг хэвлэж гаргасан бөгөөд түүнд аль салбарт дэвшилттэй, аль салбарт тааруу байгаа болон үлдсэн бусад хүндрэлтэй асуудлыг хэрхэн зохицуулах талаар тус тус тусгасан. Шилжилтийн эхний таван жилд гарсан нүсэр бүтцийн өөрчлөлт, ЗХУ-аас үзүүлж байсан их хэмжээний санхүүгийн дэмжлэг зогссон зэргээс болж эдийн засгийн үйл ажиллагаа жилд ойролцоогоор таван хувь буурсан хэдий ч 10 жилийн дараа буюу 2000-2004 онд эдийн засгийн жилийн өсөлт (2000-2001 онуудад болсон хахир зудны нөлөөллийг эс тооцвол) дунджаар таван хувь орчимд хүрсэн. 1990 оны эхээр 150 хувьд дөхөж очсон жилийн инфляц огцом буурсан (шилжилтийн эдийн засагтай орнууд дундаас зөвхөн Балтийн орнууд инфляцыг маш хурдан хяналтдаа оруулж чадсан ба инфляцын хамгийн оргил төвшин нь Монгол Улсын мөн төвшингээс хамаагүй өндөр байсан). Гэхдээ 2005 оны эхний хагас жилд инфляц өссөн нь нэлээд эрсдэлийг бий болгож байна. 1990-ээд оны эхээр төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 12 ор-чим хувьд байсан бол 10 жи-лийн дараа төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 4,5 хувьд хүрсэн. Мөн гадаад валютын нөөц нэмэгдэж, ОХУ-д төлөх их хэмжээний шилжих рублийн өрийг төлж, төрийн өмчийг хувьчилсан.
Энэ хугацаанд ОУВС Монгол Улсын шинэчлэлийг дэмжиж ирсэн бөгөөд үүний дотор санхүүгийн туслалцааны дөрвөн хөтөлбөр багтана. Шилжилтийн явц, тулгарсан хүндрэлийг зохицуулах шаардлага болон үе үеийн Засгийн газрын өмнөө тавьсан бодлогын гол зорилго, зорилт зэргээс хамаарч эдгээр хөтөлбөрийн хэрэгжилт янз бүр байв. Эхний жилүүдэд макро эдийн засгийн тогтвортой байдалд анхаарч, макро эдийн засаг тогтворжсоны дараагаар зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг эрчимжүүлэх асуудалд илүү анхаарч ирлээ. Энэ хүрээнд зарим нэг байгууллагыг шинээр байгуулахад ОУВС техникийн туслалцаа үзүүлсэн болно. Ингээд шилжилтийн явц цааш үргэлжлэхийн хэрээр эдийн засгийн өсөлтийг тогтвортой хурдасгах асуудалд анхаарлаа хандуулж байна.
Гэсэн хэдий ч энэ бүх ажлыг хийх амар байгаагүй. 2000-2001 оны цаг агаарын таагүй нөлөөлөл эдийн засгийн өсөлтийг удаашруулсан мөн Засгийн газрын ардчилсан өөрчлөлт зэрэг хүчин зүйлүүд нь шинэчлэлийн үйл явцад нөлөөлсөн. Үүнээс болж шинэчлэлийн үйл ажиллагаа удааширсан. Тухайлбал улсын үйлдвэрийн газрын шинэчлэл, татварын шинэчлэл зэргийг эхлүүлсэн хэдий ч эдгээр нь бүрэн дуусаагүй байгаа. Нийгмийн халамжийн хөтөлбөрүүд нь давхардсан төдийгүй эдгээр хөтөлбөрт хамрагдах бүлгийг зохистой тодорхойлоогүйн дээр энэ нь зардал ихтэй бөгөөд хамгийн эмзэг бүлгийнхэнд үзүүлэх тусламж болон ядуурлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа нь ахиц муутай байна. Мөн банкны тогтолцоо эмзэг хэвээр, түүнчилэн банк бус санхүүгийн салбар дахь бэрхшээлийг зохицуулах шаардлагатай байгаа.
Эдгээр нөхцөл байдлаас болж ОУВС-гийн хөтөлбөрүүд үе үе зогсох явдал гарсан ба энэ нь гайхах зүйл биш юм. Саяхан шилжих рублийн өрийг төлж барагдуулсан явдал нь үүний нэг жишээ билээ. Энэ өрийг таатай нөхцөлтэйгээр барагдуулсан нь Монгол Улсын өрийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам болсон. Гэхдээ өрийг хэрхэн барагдуулсан тухай тодорхойгүй байсан нь ОУВС-гаас олгох зээлийг түр зогсооход нөлөөлсөн нэг хүчин зүйл байв. Улсын их хурлаас томилсон ажлын хэсгийн шалгалтын явцад уг өрийг зохих журмын дагуу, бүрэн төлж барагдуулсныг нотолсон явдал нь ОУВС-гаас цаашид зээл олгох боломжийг нээж өгсөн чухал алхам болсон.
Ирээдүйд амаргүй ажил урд маань үлдээд байна. Ядууралтай тэмцэж, гадаад болон дотоодод гарах гэнэтийн хямралаас хэт хамааралтай байх явдлыг бууруулах хэрэгтэй. Мөн төрийн байгууллагуудын засаглал болон тэдгээрийн ил тод байдлыг сайжруулах нь их чухал. Монгол Улс байгалийн арвин нөөцтэйн дээр одоогоор гадаад орчин онц таатай байгаа нь эдгээр хэцүү асуудлыг шийдэх боломжийг олгож буй хэдий ч энэ нь бас өөрийн гэсэн эрсдэлийг үүсгэж байгаа юм. Эрэлт хэрэгцээ өндөр байгаа нь Монгол банкнаас инфляц болон инфляцын нөлөөлөл ихсэхээс сэргийлэх шийдвэртэй арга хэмжээг авах хэрэгтэй гэсэн үг. Зэс болон алтны үнэ урьд өмнө тохиолдож байгаагүйгээр өссөн нь төсвийн гүйцэтгэлд таатай нөлөө үзүүлсэн ч энэ нь удаан үргэлжлэхгүй. Тиймээс төсвийн зарлагыг нэмэгдүүлэхийн оронд экспортын бүтээгдэхүүний үнийн таатай нөхцөлөөс орох энэхүү орлогоос хуримтлал бүрдүүлэх хэрэгтэй гэж ОУВС-гийн мэргэжилтнүүд Монгол Улсын Засгийн газарт зөвлөж байгаа. Мөн Монгол Улсын гадаад өр төлбөр өндөр хэвээр байна. Иймд Монгол Улсын Засгийн газар гадаадын хөнгөлөлтгүй зээлийг авахгүй байх, хөнгөлөлтгүй зээлд баталгаа гаргаж өгөхгүй байх явдлыг бид дэмжиж байна. Удахгүй Монгол Улсын Засгийн газар болон ОУВС шинэ хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ. Тиймээс сүүлийн хэдэн жилд гарсан ололт, амжилтаа нэгтгэн дүгнэж, Монгол Улсын шинэчлэлийг улам боловсронгуй болгох шинэ ололт, амжилтаа төлөвлөн ажиллах хэрэгтэй байна. Монгол Улс эдийн засгийн чадавхаа бэхжүүлж, ядуурлыг бууруулах үүднээс энэхүү шинэчлэлийн хөтөлбөрийг цааш хэрэгжүүлнэ гэдэгт ОУВС итгэлтэй байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил болон бусад холбогдох түншүүдтэй цаашид дотно харилцаатай хамтран ажиллана гэдэгт найдаж байна.