Улсын төсөв 2005 онд анх удаа ашигтай гарчээ (2006.01.03)

A- A A+
Улсын төсөв 2005 онд анх удаа ашигтай гарчээ (2006.01.03)

Улсын төсөв 2005 онд анх удаа ашигтай гарчээ (2006.01.03)

Сангийн яамны удирдлагын мэдээлснээр Монгол Улсын  төсөв 2005 онд  анх удаа ашигтай гарсан байна. 2005 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нийт орлого 789.2 тэрбум төгрөгт хүрч, нийт зарлага 743.4 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцэл 30 гаруй тэрбум төгрөгийн ашигтай гарахаар байгаа аж. Энэ бол урьдчилсан гүйцэтгэлээр гарч байгаа дүн бөгөөд нэгдсэн дүн 2006 оны гуравдугаар сарын 20 гэхэд албан ёсоор гарах юм байна. Улсын төсөв 2004 онд 3,5 хувийн, 2003 онд 2,2 хувийн алдагдалтай явж иржээ.

Сангийн дэд сайд Ч.Ганзоригийн “Өдрийн сонин”-д /¹001/ ярьснаар 2005 онд  онд төсөв төлөвлөснөөс 63 тэрбум төгрөгөөр давж, ашигтай гарахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь алт, зэс зэрэг манай эдийн засгийн гол үйлдвэрлэлийн түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр өндөр байсан явдал гэнэ. Мөн төсвийн зарцуулалтад сайн хяналт тавьж чадсан хэмээн тэрбээр онцолжээ. Тэрчлэн  энэ бол  манайд ажиллаж буй болон зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлж буй олон улсын байгууллагуудын хүчин чармайлтын үр дүн хэмээн дэд сайд Ч.Ганзориг ярьжээ.  Тэрчлэн Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Баасанхүү төсөв ашигтай гарахад нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар “Өнөөдөр” сонинд /¹001/ ярихдаа, дэд сайдын хэлсэнчилэн эдийн засгийн гадаад орчин, тэр дундаа экспортын хоёр гол бүтээгдэхүүн болох зэс, алтны үнэ харьцангуй өндөр байсныг тэмдэглэхийн зэрэгцээ дотоод эдийн засгийн харьцангуй таатай байдал нөлөө үзүүлсэн хэмээн мэдэгджээ. Тухайлбал, аж ахуйн нэгжийн болон гаалийн орлого нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл сайжирч,  ерөнхий эдийн засгийн байдал харьцангуй сайн байгаагаас орлого бага багаар нэмэгдсээр өсөлтийг бий болгосон гэж тэр үзэж байна.  Хоёр дахь гол хүчин зүйл нь Сангийн яам 2005 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн Санхүүгийн удирдлага, мэдээллийн системийг үр дүн гэнэ. Уг системийг хэрэгжүүлснээр нийт төсөвт байгууллага, төсөв ерөнхийлөн захирагч нарын төсвийн зарцуулалт, татвар төлөгчийн мөнгөнд хяналт тавьдаг болж, өөрийнхөө дураар зарцуулдаг байдал хумигдсан гэж тэрбээр үзэж байна.
Төсвийн ашгаас орж буй 63 тэрбум төгрөгийг юунд  зарцуулах талаарх асуултад дэд сайд Ч.Ганзориг хариулахдаа, шинэ оны эхний өдрөөс нэмэгдэж буй тэтгэвэр, тэтгэмж болон мөн нэмэгдэхээр хүлээгдэж буй цалин болон хүүхдийн мөнгө, энэ оноос олгогдож эхлэх шинээр гэр бүл бологсдын мөнгө зэрэг нийгмийн зорилгод голлон зарцуулна гэжээ. Энэ нь нэг ёсондоо нийгмийн асуудлыг шийдэх баталгаа болно хэмээн тэрбээр үзэж байна.