Парламент Засгийн газрын боловсруулсан татварын хуулийг голж байна (2005.01.05)

A- A A+
Парламент Засгийн газрын боловсруулсан татварын хуулийг голж байна (2005.01.05)

Парламент Засгийн газрын боловсруулсан татварын хуулийг голж байна (2005.01.05)

УИХ-ын Төсвийн байнгын хороо Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. УИХ дахь МАХН-ын бүлэг Татварын багц хуульд оруулах санал дүгнэлт гаргасныг Төсвийн байнгын авч хэлэлцжээ. Тус бүлэг  аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хоёр шатлалтай байхаар тогтсон бөгөөд босго нь гурван тэрбум байж, үүнээс дээш орлоготой аж ахуй нэгж 30, бага бол 15 хувийн татвар төлөх, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг тус тус 10 хувь болгох санал гаргажээ. Чингэхдээ хүн амын орлогын албан татварыг хувийн орлогын албан татвар гэж өөрчлөх, орон сууц, компьютерийг гаалийн татвараас чөлөөлөхгүй байх сонирхолтой байна.

Татварын хуулийг боловсруулах ажлын хэсэг МАХН-ын бүлгийн саналыг тус бүрээр нь авч хэлэлцэх санал гаргасан бөгөөд үүнийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл дэмжсэн байна.  Харин Батж.Батбаяр гишүүн орон сууцны нэгж талбайгаас 10 төгрөгийн татвар авахгүй байх, Л.Пүрэвдож гишүүн хүн амын орлогын албан татварыг эхэлж хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг тус тус оруулжээ. Өдөр тутмын хэвлэлүүдийн мэдээлснээр хэлэлцүүлэг нэлээн маргаантай өрнөсөн бөгөөд тодорхой шийдэлд хүрэлгүй хойшилсон аж.

Татварын багц хуулийн төсөлд авилгалаас хамгаалах заалт ороогүй зарим гишүүн шүүмжлэлтэй ханджээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Засгийн газраас өргөн барьсан төсөлд авилгалаас хамгаалсан заалт алга гээд татварын хувь хэмжээг өөрчлөхөөр гаалийнхан бараа бүтээгдэхүүнийхээ үнэлгээний хувь хэмжээг мөн өөрчилдөг, гэтэл энэ асуудлыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байна хэмээн үзэж байна. Түүнтэй адил байр суурийг УИХ-ын  гишүүн, уг хуулийн төслийг боловсруулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч  Н.Баяртсайхан баримталж байна. Тэрбээр Засгийн газарт татварын хуулийг шинэчлэх эр зориг алга хэмээн мэдэгджээ. Н.Баяртсайханы хэлснээр бол  ажлын хэсэг  Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг амьтай, арчаатай болгох гэж ажиллаж байгаа аж.  Авилгалыг хаах бодлогын хувьд татвар төлөгчдийн эрх үүргийг тэнцүүлж өгснөөр үүнийг зохицуулахыг оролдож байна. Татвар төлөлтөд хяналт тавих хэрэгтэй учраас саналаа Засгийн газарт явуулсан, үүнийг дахин судлах хэрэгтэй гэжээ.

Н.Баяртсайханы үзэж байгаагаар бол Засгийн газрын санаачилж оруулсан хуулийн төсөлд одоогийн мөрдөж байгаа татварын хувь хэмжээг огт бууруулаагүй, хүн амын орлогын албан татварын арав, хорь, гуч гэсэн шаталбар хуучнаараа, аж ахуйн нэгжийн албан татварыг арван тав, гучин хувиар авах нь хэвээрээ, НӨАТ болон импортын гаалийн татвар хэвээрээ байсан бөгөөд харин шаталбарыг л нэг зуун сая төгрөг гэж байсныг таван зуун сая төгрөг болгон өөрчилсөн ажээ. Үүнийг МАХН-ын бүлэг болон ажлын хэсэг татварын хуулийн шинэчлэлт биш гэж үзсэн байна.  Хуулийн төслийг буцаачихвал УИХ-аар дахин орж ирэх магадлал багатай байсан тул ажлын хэсэг УИХ дээр хуулийн төслийг авч үлдээд гишүүд өөрсдийн бодсон санаснаар хуулийн төслийг боловсруулсан гэж Н.Баяртсайхан мэдэгджээ.

Түүний хэлснээс үзвэл одоо  хэлэлцэгдэж буй хуулийн төсөл нь зөвхөн УИХ-ын бодлогоор боловсруулсан төсөл юм байна. Харин  бодлого нь хоёр янзаар явагдаж байгаа аж. Нэг нь УИХ-ын байнгын хорооны боловсруулсан төсөл,  нөгөө нь УИХ дахь МАХН-ын бүлгийн санал болгосон төсөл юм. Гэхдээ энэ хоёр саналын хувьд зарчмын сүрхий зөрөө байхгүй гэж Н.Баяртсайхан хэлжээ. Ялгаа нь гэвэл МАХН-ын бүлэг таван тэрбум төгрөгний жилийн орлоготой аж ахуйн нэгжээс 30 хувийн татвар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг гурван тэрбум төгрөгний орлоготой аж ахуйн нэгжээс 30 хувийн татвар авахаар санал  болгож буй ажээ. Гурван тэрбумаар босго тавихад 30 хувийн татвар төлөх байгууллага 15 байх бол таван тэрбум болгоход 30 хувийн татвар төлөх байгууллага арав үлдэж байгаа гэнэ. Гурван тэрбумын босгоор тооцоход төсвийн орлого 13.3 тэрбумаар, таван тэрбумын босго тогтооход 17.1 тэрбум төгрөгөөр буурах юм байна. Үүнд нэг их зөрүү байхгүй гэж тэр үзэж байгаа юм.

Монголд гуч гаруй мянган аж ахуйн нэгж татвар төлдөг хэдий ч дөнгөж арваад аж ахуйн нэгж төсвийг голлож бүрдүүлдэг  байна. Үлдсэн нэгжүүд нь бизнес эрхэлж байгаа хүмүүсийг л тэжээж нийгэмд хөнгөлт үзүүлж байгаа болохоос өөр шийдвэрлэх нөлөөгүй.  Босгыг өндөрсгөж байгаа өөр нэг зорилт нь  улсын эдийн засагт зүтгүүр аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх явдал гэж Н.Баяртсайхан  үзэж байна. Тэрбээр  далд эдийн засгийг сүүдрээс гаргах гэж энэ хуулийг боловсруулсан хэмээн мэдэгджээ.  НҮБ-аас гаргасан судалгаагаар манай "орны нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 530 ам.доллар гэж тооцдог. 1989 онд энэ тоо 1600 ам.доллар байсан. Тэгээд сүүлийн арав гаруй жил 400 ам.доллар хүртэл буурсан. Одоо өсөөд ийм болж байгаа гэсэн тооцоо байгаа аж. Н.Баяртсайхан нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1500 ам.доллароос яавч бага биш гэж үзэж байгаа аж. Энэ тоо бол далд эдийн засгийн зөрөөг харуулж байна. Монголын улстөрийн гол намууд тэнцүү суудалтай энэ үед л  татварын хуулийг тохиролцон удаан хугацаанд мөрдөх хууль хийх зүйтэй хэмээн тэр мөн мэдэгджээ.