Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн төлөв байдал (2006.01.06)

A- A A+
Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн төлөв байдал (2006.01.06)

Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн төлөв байдал (2006.01.06)

Түлш, эрчим хүчний салбарын компаниудын санхүүгийн чадавхийг дээшлүүлэхийн тулд нүүрс, цахилгаан, дулааны үнийг дэс дараатай нэмэгдүүлж, цаашид үнийг чөлөөлөх зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байна. Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилт, явц байдлын талаар УИХ-д мэдээлэл хийхдээ ийнхүү мэдэгдсэн байна. Эрчим хүчний үнийг өсгөх нь хэрэглэгчдийн орлогын төвшингөөр хязгаарлагддаг учраас үнэ тарифыг өнгөрсөн жилүүдэд харьцангуй бага хэмжээгээр нэмж ирсэн. Гэхдээ хүн амын орлогын төвшинтэй уялдуулан энэ онд түлш, эрчим хүчний үнэ, тарифыг дахин нэмэх зайлшгүй шаардлагатай гэж тэрбээр мэдэгджээ. Эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй нэг ноцтой асуудал нь цахилгаан эрчим хүч хулгайлах явдал хэмээн тэрээр хэлжээ. Цахилгааны үнийг яг хэдээр нэмэх тухайд харин тэрбээр тоймтой хариу өгөөгүй байна.
Гэхдээ эрчим хүчний эргэлтийг хамгийн бага зардлаар хангах, найдвартай үйл ажиллагаа, хангамж, үр ашгийг сайжруулах, тус салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах орчныг бий болгоход голлон анхаарна хэмээн тэрбээр үзэж байгаа ажээ.

Цахилгааны үнэ 2001 оны нэгдүгээр сарын 1-нд 45 төгрөг байсан бол 2005 оны хоёрдугаар сарын 14-нөөс аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны айл өрх 51 төгрөг, гэр хорооллын хэрэглэгчид 48 төгрөг 80 мөнгө төлөх болсноор дөрвөн жилийн хугацаанд айл өрхийнх гурван төгрөг 80 мөнгө, аж ахуйн нэгж, байгууллагынх зургаан төгрөгөөр нэмэгджээ. Дулааны үнийн өсөлтийг авч үзвэл, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн халаалтын хөлсийг 2001-2004 онд нэмэгдүүлээгүй, орон сууцны хэрэгцээний халуун усны хөлсийг бага хэмжээгээр нэмэгдүүлсээр ирсэн байна.

Эрчим хүчний хулгай хот, аймагт түгээмэл байдаг аж. Сайдын хэлснээр бол эрчим хүчний хулгай нь нэгд, торгуулийн хэмжээ хэт бага, хоёрт торгуулийг ногдуулах ёстой эрчим хүний улсын байцаагч тус салбарт байхгүйтэй холбоотой ажээ. Эрчим хүчний тоолуурын хэвийн ажиллагааг алдагдуулсан, зөвшөөрөлгүйгээр эрчим хүч хэрэглэсэн буруутай иргэнийг 10000-50000, албан тушаалтныг 20000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 80000-250000 төгрөгөөр торгоно гэснийг Т.Очирхүү “Хэтэрхий зөөлөн, мөн хэрэгждэггүй заалт” гэж үзэж байна.

Эрчим хүчний тухай хуулийг эдүгээ мөрдөөд дөрвөн жил гаруй болж байгаа энэ хуулинд 2001 оны арваннэгдүгээр сар, 2002 оны долдугаар сард тус тус нэмэлт, өөрчлөлт оржээ. Гэвч хууль нь бодит амьдралд хэрэгжихгүй хүндрэл бэрхшээл учирч байна хэмээн Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү үзэж байна. Тухайлбал, Эрчим хүчний тухай хуулийн 33.1-д "Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах зурвастай байна. Хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшеөрснөес бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан атал хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга барих явдал хот суурин газар, тэр тусмаа Улаанбаатарт зах замбараагаа алдсан гэж тэрбээр мэдэгджээ. 

Сайд Т.Очирхүүгийн хэлснээс үзвэл 2005 онд түлш, эрчим хүчний салбарт 56 сая ам.долларын гадаадын зээл ашигласан бол 2006 онд 60 сая ам.долларын зээлийг ашиглахаар төлөвлөөд байгаа ажээ. Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Дулааны IҮ цахилгаан станцын шинэчлэлтийн төсөл”, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Түгээх сүлжээний алдагдлыг бууруулах төсөл”, ХБНГУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төвийн бүсийн цахилгаан дамжуулах систем, диспетчерийн мэдээлэл, удирдлагын системийг боловсронгуй болгох, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх “Эрчим хүчний хөтөлбөр-1” мөн Тайшир, Дөргөний усан цахилгаан станц барих, “100 мянган нарны гэрэл” зэрэг төслүүд үргэлжилж байна.
Монголд одоо цахилгаан хангамжийг нь шийдэх шаардлагатай 100 гаруй сум,  Улаанбаатарт цахилгаангүй 7000, хүчдэл сайжруулах шаардлагатай 3000 өрх байдаг аж. Түлш, эрчим хүчний салбарт 2004, 2005 онд тус бүр 16 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжсэн бол 2006 онд нийт 18,2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Баруун гурван аймгийн Засаг дарга нарт Ерөнхий сайд албан даалгавар өгсний үр дүнд ОХУ-д төлөх эрчим хүчний өр төлбөр нь 40 сая төгрөг болчихоод байгаа хэдий ч валютын ханш чангарах тусам эрчим хүчний өр төлбөрийн хэмжээ өсч байна хэмээн сайд Т.Очирхүү мэдээлжээ. Зөвхөн 2004 оны дүнгээр түлш, эрчим хүчний компаниуд валютын ханшны зөрүүд 15.8 тэрбум төгрөг төлсөн байна.

Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаа, II, III ДЦС, дулааны болон цахилгаан түгээх сүлжээнүүд зэрэг 10 гаруй аж ахуйн нэгжийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хувьчлахаар тусган, эхний алхмуудыг хийхэд бэлтгэж байгаа аж.

Эрчим хүчний тухай хуулийн дагуу 2001 оноос тус салбарт хийсэн бүтцийн өөрчлөлтийн дүнд салбарын компаниудын санхүүгийн чадавхи, эдийн засгийн үр ашиг 2004 оноос мэдэгдэхүйц сайжирч байгаа аж. Шинээр байгуулсан 18 компанийн 11 нь 2004 онд ашигтай ажиллаж, эрчим хүчний авлагыг өмнөх оныхоос 4,7 тэрбум төгрөгөөр бууруулж, ДЦС-уудын дотоод хэрэгцээний цахилгаан 2001 онд 22 хувь байсан бол 2004 онд 19 хувь, цахилгаан дамжуулалт, түгээлтийн нийт алдагдал 2001 онд 24 хувь байсан нь 2004 онд 20.3 хувь болтлоо буурчээ. Компаниуд 2001 онд 8.1 тэрбум, 2002 онд 0.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2003 онд 338.0 сая, 2004 онд 500 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан байна. “Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ”, “Дорнод бүсийн эрчим хүчний систем”, “Баян-Өлгийн цахилгаан шугам сүлжээний газар” зэрэг компаниуд алдагдлаа өнгөрсөн оныхоос бууруулжээ. Эрчим хүчний чөлөөт өрсөлдөөний зах зээлийн загвар бий болгож, улмаар эрчим хүчний үнийг чөлөөлж эхлэх үе шатыг 2006-2008 онд хэрэгжүүлнэ гэж Т.Очирхүү ярьж байна.

Оюу толгой төслийг эрчим хүчээр хангах төлөвлөгөөний талаар УИХ-ын гишүүн З.Энхболд. Д.Одончимэг нарын асуултад Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү хариулахдаа,  2006 оны төсөвт Оюу толгой руу IҮ ДЦС-аас шугам татахаар төлөвлөсөн. Yүнтэй холбоотойгоор Улаанбаатарт дулааны тав дахь эх үүсвэр байгуулах зайлшгүй шаардлага бий. Оюу толгойн ордыг түшиглэж Зэсийн баяжуулах үйлдвэр барих төсөлд оролцох саналууд ОХУ-аас ирж байгаа. Оюу толгой, Таван толгой ордуудад эрчим хүч нийлүүлэх, шугам тавих ажлыг гүйцэтгэе гэж Оросын компаниуд санал болгосон. Yүнээс гадна Монгол Улсаар дамжуулан БНХАУ-д цахилгаан экспортлох ОХУ-ын саналыг өмнөд хөрш ч  сонирхож байгаа “Айвенхоу Майнз”-ын эрчим хүчийг Таван толгойгоор хангах, эрчим хүчний урт хугацааны гэрээ байгуулах бодлого баримталж байгаа. Ийм том хэрэглэгчээ Хятадад өгөх сонирхол алга. Харин “Айвенхоу Майнз” Хятадаас эрчим хүч авах сонирхолтой. Монгол Улсыг найдваргүй гэж үздэг юм билээ. Манай Засгийн газар урт хугацааны эрчим хүчийг БНХАУ-аас авахыг нь зөвшөөрөхгүй байгаа учраас  “Айвенхоу Майнз” хязгаарлагдмал эрчим хүчээ Хятадаас авъя гэсэн  төлөвлөгөөтэй байгаа хэмээн хэлжээ.