Улстөрийн уулзалт юуг хэлэлцэв (2006.01.10)
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс парламентад суудалтай намуудын удирдлагуудтай зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зохион байгуулав. Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр энэ бол улстөрийн уулзалт байсан агаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаагаа зохион байгуулагджээ. Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэдэгдснээр бол нийгмийг зөв голдрилоор удирдах, иргэдийн өргөн оролцоог хангах нийгмийн шаардлага нь энэ уулзалтыг нөхцүүлсэн нэг гол хүчин зүйл болжээ.
Энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр парламентад суудалтай намуудын удирдлагууд эсвэл тэдний томилсон албан ёсны төлөөлөл бүхий ажлын хэсгүүд нүүр тулан уулзаж улс орны нийтлэг эрх ашиг, үндэсний язгуур ашиг сонирхил, төрийн дотоод, гадаад бодлого, хөгжлийн стратеги, үзэл баримтлалын болон хүн ардын бухимдлын сэдэл, нийгмийн шүүмжлэлийн сэдэв болж буй асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлж, асуудлыг шийдэх зөв гарц, нэгдмэл шийдлийг олж улс орон, ард түмэндээ тустай бодит алхам хийх хэрэгцээ шаардлага чухлаар тавигдаж байна хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр УИХ-д суудалтай намуудын удирдлагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлоос улс орны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөв зэрэг олон зүйл хамаарах тул Ерөнхийлөгчийн хувьд хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү уулзалтыг санаачлан зохион байгуулсан хэмээн хэлжээ.
Улстөрийн гэх тодотголтой энэ уулзалтаар Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах ажлын хэсгийг улстөрийн намууд болон иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан байгуулах, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг нийгмийн эв нэгдэлтэй, ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэх, Монгол Улсаа гадаадад сурталчлахад улстөрийн намууд нэг чиг бодлого, нэгдмэл байр суурьтай байх талаар ярилцсан хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн алба мэдээлжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн эрх хэмжээний зарим асуудал, тухайлбал, төрийн сүлд, төрийн дууллыг өөрчлөх, монгол бичгийг төрийн бичиг, латин үсгийг нийтийн бичиг болгох, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлт хийх, нийгмийн бухимдал, цухалдлын үндэс шалтгаанд нухацтай үнэлэлт дүгнэлт өгч, нийгмийн тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллах, улстөрийн намуудын үүрэг хариуцлага зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар талууд байр сууриа илэрхийлэн харилцан санал солилцсон ажээ. Цаашид ийм уулзалтыг тогмолжуулах нь зүйтэй хэмээн талууд тохиролцсон байна.