Огцролтын эргэн тойронд (2006.01.12)
Хэдийгээр УИХ хуралдаж шийдвэрээ гаргаагүй байгаа ч Засгийн газар огцрох нэгэнт тодорхой болсон. Одоо дараагийн Засгийн газрыг хэрхэн байгуулах вэ, хэн тэргүүлэх вэ гэдэг асуудалд түлхүү анхаарал хандуулж эхлэв. МАХН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан мэдэгдэл дурдснаар бол улс төр, нийгмийн байдал тогтворгүйжиж, үл итгэлцэл, хардлага сэрдлэг газар авч, засаглалын хомсдол бодитой нүүрлэн ард түмнийг төлөөлж төрийн эрхийг хэрэгжүүлж буй улстөрийн хүчнүүдийн үүргийг бүрхэгдүүлж, улмаар сонгогчдын өмнө хариуцлага хүлээх зарчим алдагдахад хүргэж байгаа нь Засгийн газрыг огцруулах гол шалтгаан болсон ажээ. Тэрчлэн МАХН парламентад суудалтай нам, гишүүдтэй хамтран Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулна хэмээн мэдэгджээ. Тус намын дарга М.Энхболд хэвлэлийн бага хурал хийлгэхдээ бид хүссэн ч, эс хүссэн ч хамтарч Засгийн газар байгуулахаас өөр аргагүй хэмээн үүнийг мөн нотолжээ.
МАХН-ын дарга М.Энхболд цааш нь хэлэхдээ өнөөдөр шинэ Засгийн газрыг ийм бүрэлдэхүүнтэй байна, тэр Засгийн газрын гишүүн болно хэлэх боломж алга гэсэн бол тус намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр гол нь шинэ Засгийн газрыг байгүүлахдаа нэгд, хуулийн хүрээнд, хоёрт, парламентад суудалтай намууд зөвшилцөнө гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр бол тун удахгүйгээр түргэн шийдэх гэнэ. Бүр 24 цагийн дотор, цаад хугацаа нь 15 хоногийн дотор Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг шийдэх ёстой гэжээ. Шинэ Засгийн газрын хураарилалтыг хэлэх боломжгүй гэж тус намын удирдлагууд үзэж байгаа ч таамаглал аль хэдийнэ эхэлжээ.
“Өнөөдөр” сонинд /¹009/ бичихдээ, Төрийн ордонд болсон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар МАХН-тай дахин Засгийн газрыг хамтран байгуулахгүй гэдэг асуудлаар санал хураалт явуулахад олонх нь хүчтэй, хяналттай сөрөг хүчин байхын төлөө саналаа өгсөн аж. Гэхдээ М.Энхсайхан, Ж.Наранцацралт, С.Баярцогт, Л.Гантөмөр, К.Сайраан, Г.Батхүү, Ц.Баярсайхан, Н.Батбаяр нар МАХН-тай хамтран ажиллах ёстой гэсэн байр сууриа хатуу хамгаалсан ч дэмжлэг аваагүй гэжээ. Ардчилсан намын дарга Р.Гончигдорж энэ хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, шийдвэрээ эргэж харахгүй бол шинэ Засгийн газрыг бүрдүүлэхэд Ардчилсан нам оролцохгүй хэмээн мэдэгдсэн байна. Ерөөс Засгийн газрыг огцруулах МАХН-ын шийдвэрийг тус нам эрс эсэргүүцэж байгаа юм. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн мэдэгдэлд дурдахдаа, Засгийн газрыг огцруулах нь улстөрийн тогтворгүй байдлыг бий болгодог учраас Ардчилсан нам өөрт болон УИХ дахь гишүүдийнхээ нэр хүндэд халгаатай байсан ч үндэсний эрх ашгийг дээдэлж, Засгийн газраа тогтвортой ажиллуулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийж ирсэн. Хэдхэн сарын дараа зөвшилцлийн дагуу МАХН-аас Ерөнхий сайд томилох байсаар байтал МАХН-ын Удирдах зөвлөл үндэслэлгүйгээр Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргасан нь үндэсний эрх ашгийг үл тоосон алдаатай шийдвэр гэж тус нам үзэж байгаа ажээ.
Тэрчлэн Нийслэлийн газар олголтын асуудалд шалгалт оруулсны дараахан, авлигын хэргээр мөрдөгдөж байгаа Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарыг МАХН-ын удирдлага эргэж очсоны маргааш нь л энэ шийдвэрийг гаргаж байгаа нь нийгмийг гайхшруулж байна хэмээн энэ мэдэгдэлд дурджээ. Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хөндөхгүй байх шаардлагыг эс биелүүлэн Засгийн газрыг огцруулсан тохиолдолд үүнээс үүдэн гарах бүхий л хариуцлага, үр дагаврыг зөвхөн МАХН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАХН-ын бүлэг хүлээх болно гэж Ардчилсан нам мэдэгдсэн байна.