Засгийн газар шөнө дунд огцров (2006.01.13)

A- A A+
Засгийн газар шөнө дунд огцров (2006.01.13)

Засгийн газар шөнө дунд огцров (2006.01.13)

Ц. Элбэгдоржийн Засгийн газар өнгөрсөн шөнө дунд огцров. Ардчилсан Намын зарим гишүүд оролцсон 39 хүний саналаар Засгийн газар огцорлоо. "Би улс төрд олуулаа эргэж ирнэ" гэсэн Ц. Элбэгдорж огцорсон Засгийн газрыг шинэ Засгийн газар томилогдтол толгойлно. АН-ын дарга Р. Гончигдорж  АН шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй гээд ихэнх гишүүдийнхээ хамт санал хураалтад оролцсонгүй.

9-11 цагийн мэдээлэл: Жагсаалд хэн буруутай вэ?

УИХ  өглөө 9 цагаас эхлэн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАХН-ын дарга М.Энхболд өчигдөр иргэний хөдөлгөөнүүдээс зохион байгуулсан жагсаалын талаар хэлэхдээ, энэ дайралт бол нийгэм эмх замраагүй болсны илрэл гээд үүнд Засгийн газрыг буруутган хариуцах ёстой хэмээн мэдэгдэхэд Ерөнхий сайд Ц,Элбэгдорж хариулахдаа, жагсаалыг Засгийн газар зохион байгуулаагүй. Хуучных шиг эрх баригчдын заавраар ард түмэн жагсдаг цаг үе өнгөрсөн хэмээн мэдэгдэв. Тэрчлэн М.Энхболд яриандаа огцорсон Ерөнхий сайд гэж хэлснийг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Р.Гончигдорж УИХ шийдээ гаргаагүй байхад ийн мэдэгдэж буй нь Засгийн газрыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулж байна хэмээн ойлгож болох уу гэж ярилаа.

УИХ тарах ёстой хэмээн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл мэдэгдээд энэ асуудлыг УИХ-д оруулна гэв. Тэрбээр УИХ дарга Ц.Нямдоржийг ашиг сонирхлын зөрчилд автаж буй тул УИХ-ыг удирдах ёсзүйн эрхгүй гэж үзэж байна. Жагсаал цуглааныг Ц.Элбэгдорж зохион байгуулсан гэж МАХН-ын дарга мэдэгдсэн нь их ноцтой зүйл гээд харин өөрсдөө ийм юм хийсэн байж магадгүй учраас ингэж хэлж байна гэж тэрбээр үзэж байгаа ажээ. Тэр  Ц.Элбэгдоржийг одоо Ерөнхий сайдыг байгаа үедээ энэ мэдэгдлийг шалгуулахыг хүсэв. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж жагсаал цуглааны талаар ямар ч үүрэг өгөөгүй. Тэр ч байтугай цагдаа ордныг хамгаалах үүрэг ч өгөөгүй, бас цагдаа хамгаалсан талаараа ямар ч мэдээлэл Ерөнхий сайдын хувьд надад өгөөгүй. Хаанаас, хэний үүргээр энэ ажлаа хийж буйг нь мэдэхгүй. Ард түмэн дарга нарын заавраар жагсдаггүй юм гэж мэдэгдсэн болно. УИХ-ын гишүүн С.Гансүх М.Энхболдын мэдэгдлийг төрийн түшээгийн хувьд ард түмний нэг хэсгийг нөгөө хэсгийн эсрэг тухирч буй хэрэг гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн, шадар сайд Ч.Улаан хэлэхдээ МАХН-ын сайд нар Үндсэн хуульд заасан эрхээ эдлээд огцрох хүсэлтээ өгсөн тул энэ асуудлыг хугацаа алдалгүй мөн хуулийн хүрээнд шийдэх ёстой байна хэмээн мэдэгдлээ.  Сайд нарыг хүчинд автаж гарын үсэг зурсан гэдэг асуулт олон гарч байгаад УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Ганди ярихдаа эхэндээ хамтарч сайн ажиллаж байсан гэсэн итгэл надад байсан. Харин Ерөнхий сайдыг иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөлтэй уулзсны дараа МАХН-ын удирдлага, түүн дотор миний нэрийг гаргасан мэдээлэл хэвлэлээр илт гарч ирсэн. Үүнийг би тухайн үедээ Ерөнхий сайдад хэлж анхааруулахад иргэний нийгмийн хүсэлтээр уулзсан л гэж хариулсан. Гэхдээ энэ үеэс хойш Т.Ганди сайдын итгэл алдарч, магадгүй гарын үсгээ зурсан хэмээн тэрбээр мэдэгдэв.

УИХ-ын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд Ү.Хүрэлсүх жагсаалыг огцорсон Ерөнхий сайд зохион байгуулсан гээд намаа хамгаалж, Ц.Элбэгдоржийн эсрэг жагсаалыг өөрөө удирдан зохион байгуулна гэж мэдэгдэв. УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва МАХН-ын байр руу дайрсныг фашизмтай зүйрлэж байсан юм.

Хурал 11 цагаас үргэлжиллээ.

11-13 цагийн мэдээлэл: Ерөнхийлөгч байр сууриа дахин илэрхийлэх үү?

Хурал эхлэхэд УИХ-ын гишүүн М.Батбаатар нар байдал ийм эгзэгтэй байгаа үед ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүрэгтэй Ерөнхийлөгч байр сууриа дахин УИХ-д илэрхийлэх ёстой гэж гээд Ерөнхийлөгчөөс асууж тодруулах зүйл байна гэж мэдэгдэв. Гишүүн Я.Санжмятав Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байр сууриа илэрхийлэх ёстой. Ерөнхийлөгч онц байдал тогтоох ёстой гэж үзэж байна. Тэрбээр Засгийн газрыг огцруулах шийдвэр гарах дөхөж буй энэ үед Монголын парламент Ерөнхий сайдаар түүний Засгийн газрын хийсэн ажил, гадаад, дотоод бодлогын асуудлаар үг хэлэх боломжийг олгох нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Засгийн газрын тайланг хэлэлцэх бол тусдаа хуралдах нь зүйтэй гэж УИХ-ын дарга Ц.Нямдорж үзэж  байна. Монголд өнөөдөр хулганын хамраас ч цус гарах ёсгүй, үүний төлөө намууд зогсох хэрэгтэй гэж тэрбээр сануулж, Санжмятавын хэлсэн саналыг анхаарах ёстой гэж хэллээ.  УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ, гадаад бодлогын асуудал ямар ч Засгийн газрын үед хэвээр үргэлжилнэ, тухайлбал, МСС-тай хийж буй хэлэлцээнүүд үргэлжилнэ гэж мэдэгдлээ.

Авилгатай тэмцэхээр хийж буй асуудлаар нь, энэ нь цаашдаа яах талаар энэ Ерөнхий сайдаас хэвлэлийнхнээс хаалттайгаар мэдээлэл сонсох нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав илэрхийлж байлаа. Иймд Засгийн газрын асуудлыг долоо хоногоор хойшлуулж, нийгмийн бухимдлыг дарж байж шийдэх нь зүйтэй. Огцрох асуудал зөвхөн Ц.Элбэгдорждоо байгаа юм бол сольж болно Я.Санжмятавын хэлэхэд УИХ-ын дарга Ц.Нямдорж  УИХ хэн нэгнийг шүүдэг газар биш, бас Ерөнхий сайд хэрэг шалгадаггүй учраас хариулт өгөх боломжгүй гэж хариулсан юм.

УИХ-ын гишүүн Содномцэрэн эрхзүйн чадамжгүй Засгийн газар гэж яриад байгаа тул таны үед гаргасан шийдвэрүүд болон УИХ-д оруулсан асуудлууд эрхзүйн чадамжгүй болох юм биш үү,  Мөн Засгийн газрын гишүүд нь юм хийсэн гээд хариулж байгаагаас үзэхэд ажил хийгээгүй, хийх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр  огцруулах гэж буйд ямар байр суурьтай байгааг нь Ерөнхий сайдаас асуув. Ерөнхий сайд хэлэхдээ, эрхзүйн чадамж бүхий УИХ-аас байгуулагдсан Засгийн газрын шийдвэрүүд хүчинтэй. Мөрийн хөтөлбөр хэрэгжээд  явж байгаа, цаашдаа үргэлжлээд явна гэж мэдэгдэв. Ард түмний төлөө хийсэн тодорхой ажлууд бий. Тэдний эрхийг зөрчдөг байсан явдлууд зогссон. Харин янз бүрийн байдлаар далимдуулж ард түмний эрхийг зөрчсөн явдлыг төр, засгийн зүгээс гаргах ёсгүй гэдгийг мөн тэрбээр анхаарууллаа.

Энэ үеэр буюу 12 цагийн үед УИХ-ын гишүүн Ү.Хүрэлсүхийн зохион байгуулна гэсэн хөдөлгөөн Төрийн ордны гадаа жагсч эхэлсэн байна.

Мэдээ үргэлжилнэ

15-16 цагийн мэдээлэл: Жагсаалд 4000 орчим хүн оролцжээ

15 цагт чуулган эхлэнгүүт УИХ-ын гишүүн М.Энхсайханы өглөөний хуралдаан дээр гаргасан горимын саналын дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдөртөө багтааж дуусгах саналыг УИХ-ын дарга Ц.Нямдорж оруулав. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Р.Гончигдорж өнөөдөр Үндсэн хуулийн өдөр учраас түүнийгээ дээдлэх үүднээс 18 цаг хүртэл УИХ хуралдаад дэгийн дагуу дараа нь үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн горимын саналыг оруулав. Санал хураахад  огцруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусгах саналыг хуралд суусан парламентын гишүүдийн олонхи нь дэмжив.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Н.Алтанхуяг эдийн засгийн өсөлт буурсан тухай асуултад өсөлт төд байна гэж ярих нь нэг хэрэг, гол нь хүмүүсийн амьдралд бодитой ямар унац байгааг тооцох хэрэгтэй юм. 2004 онд 10,6 хувийн өсөлт гарсан Бороо гоулд гэсэн ганц компанийн үйлдвэрээс  хамааралтай байсан бөгөөд харамсалтай нь өнгөрсөн жил Монголд Бороо гоулд шиг үйлдвэр ашиглалтад орсонгүй гэв.  Тус компанийн яг улсад оруулж буй орлого нь тогтвортой байдлын гэрээний дагуу хувьсдаггүй болохыг тэрбээр мэдэгдлээ. Түүний хэлснээр бол өнөөдөр Монгол Улсад 100 гаруй тэрбум төгрөгийн хуваарилагдаагүй нөөц хөрөнгө байгаа аж.

Өчигдөр болсон жагсаалын талаарх УИХ-ын гишүүн С.Ламбаагийн асуултад Хуульзүйн сайд Су.Батболд хариулахдаа,  Сүхбаатарын талбайд өчигдөр болсон жагсаалд дөрвөн мянга орчим хүн оролцсон, МАХН-ын байр руу  хоёр мянга орчим хүн дайрсан, МАХН-ын байр руу дайрсан хүмүүс бүгд согтуу байсан гэж мэдэгдлээ. Энэ мэдэгдлийн дараа ийм тайлбарыг Су.Батболд сайд өөрөө хийх ёсгүй, Цагдаагийн ерөнхий газрын дарга мэдээлэл хийх ёстой гэж УИХ-ын дарга хэлэв.

16 цагийн мэдээлэл:Огцролтын сургамж

Төрийн албыг зөв зүгшүүлэх ажил бол нэг УИХ, нэг Засгийн газрын хийх асуудал биш гэж Ерөнхий сайд Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Ц.Ганхуягийн энэ тухай асуултад хариулахдаа хэлэв. Түүний хэлснээр бол өнөөдөр Монголд  төрийн алба хашиж байгаа хүмүүсийн 80 хувь нь, тэр дундаа төрийн захиргааны алба хашиж буй хүмүүсийн 90 хувь нь  МАХН-ын гишүүд байдаг аж. Тэрбээр цаашдаа Засгийн газар огцрох болохоор ингэж асуулт тавьж ярьдаг биш, долоо хоног бүр Ерөнхий сайд УИХ-д тайлагнадаг цаг бий болгох хэрэгтэй үзэж байна. Ийм саналыг өмнө нь тэрээр УИХ-д оруулж байсан юм. Цагдаагийн байгууллагад манай Засгийн газар гарч ирээд ямар нэг өөрчлөлт хийгээгүй гэж Ц.Элбэгдорж мөн мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Ц.Элбэгдоржийн тэргүүлдэг Засгийн газар, танхимын гишүүд сайн ажилласан гэж үздэг аж. Тэрбээр хэлэхдээ, Засгийн газар огцорсны хариуцлагыг би үүрнэ гэж МАХН-ын дарга М.Энхболд мэдэгдсэн сурагтай гээд МАХН-ын асуудлыг энэ намын өмнө та хариуцдаг байж болно.  Харин Монголын төрийг Монголын ард түмний өмнө Та хариуцдаг юм биш гэж мэдэгдэв.

Огцролтоос үүдсэн сургамжийн талаар болон  хариуцлагыг дангаар авна гэснийг МАХН-ын дарга М.Энхболдоос УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин асуув. Ялангуяа жагсаалаас хүн гэмтсэн гэж Хуульзүйн сайд Су.Батболд хэллээ, тэгвэл үүний хариуцлагыг хэн үүрэх вэ сайд Су.Батболдоос мөн асуулаа. М.Энхболд хэлэхдээ МАХН мэдэгдэлд гаргаж, хариуцлагыг хамтарч хүлээх санаагаа бид бусад намтай дараагийн Засгийн газрыг хамтарч байгуулна гэснээр илэрхийлсэн гэв. Харин энэ Засгийн газрын огцролтоос ямар сургамж авав гэхэд  дараагийн Засгийн газар илүү сайн ажиллах ёстой. Чадахгүй бол огцорно гэж хэллээ.