Шинэ Ерөнхий сайд хэн болох вэ? (2006.01.17)

A- A A+
Шинэ Ерөнхий сайд хэн болох вэ? (2006.01.17)

Шинэ Ерөнхий сайд хэн болох вэ? (2006.01.17)

Өнгөрсөн бямба гаригт эхэлсэн  МАХН-ын Бага хурлын дөрөвдүгээр хуралдаан өчигдөр үргэлжлэн хуралдаж, Ерөнхий сайдад тус намын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэхээр болсон байна. Илээр санал хураахад нийт 183 хүн оролцсноос 182 нь түүнийг дэмжсэн гэж “ЗМ” сонинд мэдээлжээ. Хуралд бага хурлын гишүүдийн 90 хувь нь оролцсон ажээ. Дэмжээгүй ганц хүн гарсан нь энэ хурал дээр МАХН-ын  "Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс" жигүүрийн мэдэгдлийг уншиж сонордуулсан М.Далайхүү байжээ. 

МАХН-ын "Уламжлал, шинэчлэл – Ардчилал, шударга ёс" жигүүр  нь уг мэдэгдэлдээ  дөрвөн үндсэн шаардлагыг тавьсан байна. Тухайлбал, нийгэм, улстөрийн хямралт байдлыг харгалзан шинээр Засгийн газар эмхлэн байгуулах хүртэл намын Удирдах Зөвлөлийн үйл ажиллагааг зогсоож бүхий л асуудлыг намын Бага хурлаар хэлэлцэн шийдвэрлэх, мөн хурлаар Удирдах Зөвлөлийн гишүүдэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хүн нэг бүрээр нууцаар санал хурааж шийдвэрлэх, МАХН-ын дарга М.Энхболдыг энэ удаад Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй байх, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд МАХН-аас орох гишүүдийг мэргэжил, туршлага, шударга байдал, ёсзүйн шалгуурыг харгалзан намын Бага хурлаар нэг бүрчлэн хэлэлцэж нэр дэвшүүлэх, Засгийн газрын бүтэц цомхон, чадварлаг, мэргэшсэн, ард түмэнд нээлттэй байх ёстой гэж тус жигүүр үзэж байгаа ажээ.

Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа М.Энхболд нь Улаанбаатар хотын мэрээр ажиллаж байгаад 2005 оны зургадугаар сард МАХН-ын даргаар сонгогдсон бөгөөд мөн оны  наймдугаар сард УИХ-ын 65 дугаар тойрогт болсон нөхөн сонгуулиар УИХ-д сонгогдсон билээ. Түүний гол өрсөлдөгч нь сая огцордог Ерөнхий сайд Ц.Элбэгдорж байсан боловч Засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүднээс нэрээ татлаа хэмээн тухайн үедээ Ц.Элбэгдорж мэдэгдэж байсан юм. Ц.Элбэгдоржийг нэр татах үеэр МАХН болон тарсан эвсэл болох “Эх орон-Ардчилал” эвслийн хороонд  2004 онд байгуулсан гэрээг МАХН болон Ардчилсан намын хооронд дахин шинээр байгуулсан бөгөөд уг гэрээнд тусгахдаа аль нэг талын санаачилгаар гэрээг цуцлахгүй гэсэн заалт оруулсан байжээ. Энэ заалтыг зөрчсөн хэмээн Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах үеэр УИХ-ын зарим гишүүн үзэж М.Энхболдоос тайлбар шаардаж байсан юм. Энэ шаардлагад М.Энхболд хариулахдаа, “Ардчилсан намаас өөр хүн нэр дэвшсэн учраас   гэрээ гурван хоногийн дараа хүчингүй болсон” гэж мэдэгдсэн юм. Харин Ардчилсан намын дарга Р.Гончигдорж түүний энэ тайлбарыг эрс эсэргүүцэж, манай намын гишүүн байсан Батбаяр нь Ц.Элбэгдоржийг нэрээ татаагүй байхад бие даан нэрээ дэвшүүлсний улмаас намын дүрмийн дагуу намаас хөөгдсөн хэмээн мэдэгдэж байлаа. Ерөөс Засгийн газрыг огцруулах үеэр МАХН-ын дарга М.Энхболдыг зөвшилцлийн гэрээг зөрчсөн хэмээн Ардчилсан нам буруутгаж байв. Тухайлбал “Зууны мэдээ” сонинд /¹13/ энэ тухай бичихдээ,  “тэрээр /М.Энхболд/ Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг зөвшилцлийн хоёр жилийн хугацаа дуустал нь ажиллахад саад хийхгүй хэмээн амлаж үүнийгээ гэрээгээр баталгаажуулсан. Гэвч тэрээр хэлсэндээ хүрсэнгүй” хэмээн бичжээ. “Зууны мэдээ” сонин нь МАХН-ын талыг ихэвчлэн баримталдаг хэвлэлүүдийн тоонд ордог хэдий ч  өнөөдрийн дугаартаа “М.Энхболд үнэхээр элс орныхоо эрх ашгийг боддог юм бол нэрээ татаж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хүнд зайгаа тавьж өгөх байсан юм” гэж  дүгнэсэн байна. 

Тэрчлэн МАХН-ын дарга М.Энхболд өчигдөр “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар” байгуулах тухай албан бичгийг УИХ-ын гишүүн М.Энхсайхан, Ж.Наранцацралт, М.Сономпил, Ж.Батхуяг нарт хүргүүлж, шинэ Засгийн газарт хамтран ажиллах саналыг тавьсан байна. Эдгээр нэр бүхий дөрвөн УИХ-ын гишүүн нь Ардчилсан намын гишүүн бөгөөд Засгийн газрыг огцруулах санал хураалтад тус намын гишүүд хурал хаяхад үлдэн саналаа өгсөн юм. Намын бодлогоос зөрж Засгийн газрыг огцруулах санал өгсөн гэж үзэж  тэднийг Ардчилсан намаас хөөх саналыг тус намын Үндсэн дүрмийн хороонд зарим гишүүн нь гаргаад байгаа юм. Харин энэ талаар Ардчилсан намын дарга Р.Гончигдорж “Өнөөдөр” сонинд /¹013/ ярихдаа, “Үндсэн дүрмийн хороо энэ саналыг хэлэлцээгүй. Намын даргын хувьд намаас хөөх асуудлыг яаран яриад байх шаардлагагүй гэж үзэж байгаа” хэмээн мэдэгджээ.

Ардчилсан намын дарга Р.Гончигдорж Засгийн газрыг огцруулбал Ардчилсан нам болон тус намын гишүүд шинэ Засгийн газарт орж ажиллах боломжгүй гэсэн тус намын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Бид УИХ-д хүчтэй сөрөг хүчин байх болно хэмээн мөн мэдэгдсэн байна. Тэрбээр өчигдөр бас нэг мэдэгдэл хийсэн байна. Түүнд дурдахдаа,  “Шинээр байгуулагдах Засгийн газарт болон уг Засгийн газрыг байгуулах яриа хэлэлцээнд Ардчилсан нам орохгүй. МАХН-ын зүгээс Ардчилсан намаар дамжуулалгүйгээр тус намын гишүүдтэй болон Ардчилсан намаас нэр дэвшин УИХ-д сонгогдсон гишүүнтэй Засгийн газрын асуудлаар яриа хэлэлцээ хийвэл "Аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөнө" гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа болно гэж мэдэгджээ.

Үүнээс гадна өчигдөр хэд хэдэн улстөрийн мэдэгдлүүд гаргасан байна. Тухайлбал, УИХ-д суудалтай Иргэний Зориг Бүгд Найрамдах  мэдэгдэл гаргаж, Засгийн газрыг огцруулсан нь тогтворгүй байдал, улстөрийн хямралыг өдөөн гүнзгийрүүлэх үр дагавартай гэж дүгнэжээ. Тус нам  энэхүү шийдвэрийг гаргасан улстөрийн намууд болон УИХ-ын гишүүд үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой хэмээн үзэж байгаа ажээ.

Монголын Ардчилсан холбооноос /МоАХ/ мөн мэдэгдэл хийн, “МАХН-ын Удирдах зөвлөлөөс Монголын ард түмний сонголтоор бий болсон шударга, ардчилсан засаглалыг огцруулах шийдвэр гаргасан нь дан ганц МАХН-ын Улстөрийн Товчооны дарангуйллаар төрийн хэрэгт хүмүүсийг хилсдүүлэн хохироодог байсан урьдын 1937, 1940-50, 1960-аад оны бусармаг үйл ажиллагаа ардчилсан шинэ цагийн тогтолцоонд дахин амилж байна” гэж үзжээ. МоАХ урьдын адил Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран улстөрийн тэмцлээ энэ өдрөөс эхлэн орон даяар эхэлж байгаагаа мэдэгдсэн ажээ.

Тэрчлэн Монголын ахмадын чөлөөт холбоо, “Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, "Миний Монголын газар шороо" хөдөлгөөн, "Даяар Монгол"-ын бүлэг, Монголын Үндэсний чөлөөт зурхайчдын холбоо, "Ардчилсан намаа хамгаалах хөдөлгөөн"  зэрэг иргэний нийгмийн байгууллага,  хөдөлгөөнүүд  Сүхбаатарын талбайд хамтарсан цуглаан зохион байгуулж, УИХ-д шаардлага тавин мэдэгдэл хүргүүлжээ. Уг шаардлагад дурдахдаа, “Ерөнхийлөгч Н.Энхбаярыг огцруулах, УИХ өөрөө тарах,  "Үндэсний эв нэгдлийн Засгийн Газар" гэсэн гоёмсог үгээр халхалж Засгийн Газрыг дахин байгуулах гэсэн башир оролдлогоо даруй зогсоох, МАХН-ын улиг болсон амлалтад автаж, хуйвалдааны шинэ Засгийн газарт орж, тогтолцооны хямралыг ужигруулахгүй байхыг  парламентад суудал бүхий улстөрийн намуудын удирдагчдад анхааруулж байна” гэжээ.