Засгийн газрын нэн тэргүүний 9 алхам, сүүдрийн Засгийн газар болон бас бусын тухай (2006.01.18)
Намууд Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөлд хүрээгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу УИХ-д хамгийн олон суудалтай нам, эвслээс бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулж хэлэлцүүлэх ёстой. Энэ хугацаа дуусах болоод байдаг. Гэтэл МАХН тус намын нарийн бичгийн дарга Д.Идэвхтэний хэлснээр парламентад суудалтай бусад намтай зөвшилцөх хүсэлтээ өчигдөр албан ёсоор илэрхийлжээ. Одоогоор Бүгд Найрамдах нам, Ард Түмний нам дэмжсэн саналаа илэрхийлсэн байна. Харин Эх орон нам, Ардчилсан нам, Иргэний зориг-бүгд Найрамдах нам албан ёсоор зөвшилцөх хүсэлтээ илэрхийлээгүй байгаа ажээ. Тэрчлэн Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Б.Мандахбилэг намууд Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцсөн тухай баримт бичиг Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй болохыг “Зууны мэдээ” сонинд нотолжээ. Ардчилсан намын Үндэсний зөвлөлийн ээлжит бус хурал өнөөдөр энэ асуудлаар болон шинэ Засгийн газрыг байгуулахад баримтлах байр сууриа нэгтгэхээр хуралдаж байна.
Үйл явдлын явц нэг иймэрхүү байдалтай өрнөж байгаа энэ үед МАХН шинэ Засгийн нэн тэргүүнд хэрэгжүүлэх есөн алхам гээгчийг дэвшүүлж буйгаа өчигдөр мэдэгдлээ. Тус намын нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн, Ё.Отгонбаяр нарын мэдээлснээр МАХН шинэ Засгийн газар даруй авч хэрэгжүүлэх гол арга хэмжээнүүд нь ирэх сарын 1-нээс эхлэн цалинг 20 хувиар нэмэх, нөхөн олговрын доод хэмжээг 40 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоох, шинэ гэр бүлд өгөх мөнгийг 500 мянган төгрөгт хүргэх явдал аж. Тэрчлэн нэмүү өртөгийн албан татварыг 10 хувиар бууруулах, бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих боломжийг бий болгох, малчдын татварыг хөнгөлж, цахилгаан дулааны үнээ төлж дийлэхгүй хүмүүст хөнгөлөлт үзүүлнэ гэнэ. Эдгээрийг парламентад суудалтай бусад намтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах гэнэ.
Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын гэрээг МАХН боловсруулжээ. Тэр гэрээ нь дөрвөн хэсгээс бүрдэж байгаа бөгөөд харин бүтэц бүрэлдэхүүний тухай хэсгийг нь одоогоор хоосон үлдээсэн байгаа гэж тус намын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр хэлсэн байна.
Засгийн газрын бүтцийг цөөлж магадгүй гэсэн яриаг Д.Идэвхтэн үгүйсгээгүй байна. Тэрбээр хэлэхдээ, өнөөдрийн төрийн захиргааны бүтэц хэт нүсэр байгааг анхаарч байгаа гэж мэдэгджээ.
Засгийн газрыг эмхлэн байгуулахтай холбоотой өөр нэг санал гарсан нь Иргэний Зориг намаас санал болгосон сөрөг хүчний сүүдрийн Засгийн газрыг хамтран байгуулах асуудал байлаа. Тус нам одоогоор шинэ Засгийн газарт орохгүй хэмээн мэдэгдээд байгаа Ардчилсан намд хандан ийнхүү уриалжээ. Энэ саналаа өчигдөр орой тус намд хүргэсэн байна. Өнөөгийн улстөрийн нөхцөл байдалд хүчтэй сөрөг хүчин ажиллах боломж байгаа нь сүүдрийн Засгийн газар байгуулах арга хэлбэр гэж тус намын Улс төрийн зөвлөл үзэж байна. Гэхдээ ийм хэлбэрээр ажиллахад эрхзүйн зохицуулалт хэрэгтэй ажээ. Тухайлбал, сүүдрийн Засгийн газрын гишүүд Засгийн газрын гишүүдтэй адил төвшний мэдээллээр хангагдах орчныг хуулиар баталгаажуулах хэрэгтэй гэж тус намын дэд дарга Ц.Ганхуяг хэллээ. Харин ийм хэлбэрээр ажиллахад тусгайлсан төсөв шаардлагагүй гэж үзэж байна. С.Оюуны ярьснаар бол Монголд сүүдрийн Засгийн газар байгуулах санал 1992 онд анх гарч байсан ч хэрэгжих боломж нь тухайн үед бүрдээгүй байжээ.